Хэт хуучин тээврийн хэрэгслүүд худалдаанаас шахагдана

Монголд импортоор орж ирсэн автомашинуудыг осолд орсон, эвдрэлтэй эсэхийг хэрэглэгч, худалдан авагч өөрсдөө харах боломжтой болжээ. Гэхдээ энэ үйлчилгээг одоогоор зөвхөн 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс хойш орж ирсэн автомашинд ашиглах юм. Үйлчилгээний талаар өчигдөр Гааль, татвар, санхүү мэдээллийн технологийн төв, Гаалийн ерөнхий газар, ШӨХТГ-аас мэдээлэв. Тодруулбал, импортоор орж ирсэн автомашины гаалийн мэдээлэл, түүх буюу тухайн тээврийн хэрэгсэл үйлдвэрээс гараад хэдэн жил явсан, ямар засвар, гэмтэл хийлгэж байсан гээд бүхий л мэдээллийг гар утсаараа и-баримт аппликейшнээс гадна “Гэрэгэ” киоск ашиглан авах аж. “Гэрэгэ” киоск нь нийслэлийн бүх нэг цэгийн үйлчилгээ, АТҮТ, УБЕГ болон 12 аймагт нийт 60 байршилд байрладаг гэдгийг албаныхан хэллээ. Гааль, татвар, санхүү мэдээллийн төвийн захирал Т.Батбилэг “ И-баримт аппликейшныг 1.7 сая хүн ашиглаж байна.Хилээр орж ирж буй автомашины талаар мэдээллийг иргэд авахдаа и-баримт аппликейшн руу нэвтэрч, Төрийн үйлчилгээ цэсний Гаалийн ерөнхий газар руу орж, тээврийн хэрэгслийн бүртгэл шалгах цэс рүү автомашины дугаараа оруулж, шалгана. Одоогоор 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс хойш импортоор оруулж ирсэн автомашины мэдээллийг оруулсан” гэв.Түүнчлэн үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнээс тодрууллаа.-Импортоор орж ирсэн автомашины гаалийн мэдээлэл, түүхийг харах боломжтой болжээ. Ямар учраас энэ үйлчилгээг нэвтрүүлсэн бэ. Үйлчилгээний ач холбогдлын тухайд?-Энэ үйлчилгээнээс иргэд импортоор орж ирж байгаа автомашины гааль, түүхийн мэдээлэл, дөрвөн талын бодит зураг, одометрийн заалтыг нээлттэй харж болно. Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд нийт бүртгэлтэй 935 мянган тээврийн хэрэгсэл байгаа. Замын хөдөлгөөнд оролцож буй 735 мянган тээврийн хэрэгсэл байна. Үүний 76 хувь нь 10 болон түүнээс дээш жилийн насжилттай хуучин болон хэт хуучин тээврийн хэрэгсэл эзэлдэг. Мөн 0-3 жилийн насжилттай тээврийн хэрэгсэл нийт тээврийн хэрэгслийн гурван хувь, 3-6 жилийн насжилттай нь гурван хувь, 6-9 жилийн насжилттай 16 хувийг эзэлж байгаа. 2019 онд Монгол Улсын хилээр нийт 69 мянган тээврийн хэрэгсэл импортоор орж ирсэн. Эдгээр тээврийн хэрэгслийн 85-93 хувь нь хуучин буюу хэт хуучин тээврийн хэрэгсэл Монгол Улсын хилээр орж иржээ. Тэгэхээр осолд орсон, үерт гэмтсэн, цацрагийн бүсээс орж ирсэн тээврийн хэрэгслийг мэдэхгүйгээр шинэ гэж, монголд яваагүй авто тээврийн хэрэгсэл гэж хэлээд худалдаалдаг. Энэ бол хэрэглэгчийг төөрүүлж байгаа үйл явц. Тиймээс бид Сангийн яамны харьяа Гааль, татвар, санхүү мэдээллийн төвд албан ёсны хүсэлт тавьсний үндсэн дээр тухайн төвийнхөн и-баримт системтэй мэдээллийг холбож энэ сарын 19-ний өдрөөс албан ёсоор ашиглалтад оруулж байгаа. Үр дүнд нь хилээр сэлбэг нэрээр орж ирээд, автомашин болж угсардаг тээврийн хэрэгслийг таслан зогсоож, хэт хуучин автомашины худалдаанд цэг тавих юм. Энэ талаарх ажилд Авто тээврийн үндэсний төвтэй ч хамтарч байгаа.-Мэдээллийг ил болгосноор эвдрэл гэмтэлтэй автомашин буцаагдана гэсэн үг үү?-Бид мэдээллийг нээлттэй болгож байна. Хэрэглэгч буюу худалдан авагч маань тухайн автомашинтай холбоотой мэдээллийг нээлттэй авдаг болно. Япон болон Солонгосын Элчин сайдын яамтай энэ асуудлыг яриад явж байгаа. Монголд хамгийн их орж ирдэг Япон, Солонгосын тээврийн хэрэгслийг тухайн улсдаа хэдэн км явсан, үйлдвэрлэгдсэн түүхийг энэ системтэй холбох ажлууд цаашдаа нээлттэй болно.-Энэ шинэ үйлчилгээний үр дүнд осол аваар ч тодорхой хэмжээнд буурах байх?-Нэгдүгээрт, Монголд орж ирж байгаа нийт тээврийн хэрэгслийн 76 хувь нь Япон улсаас орж ирдэг. Ингэхдээ ихэвчлэн 10 болон түүнээс дээш жилийн насжилттай автомашинууд орж ирдэг. Япондоо бол татварын хуулиараа ч, насжилтаараа ч маш өндөр хэмжээний татвар төлж байж тухайн автомашиныг ашигладаг. Хоёрдугаарт, сэлбэг нэрээр оруулж ирж байгаа автомашиныг угсраад машин болгон худалдаалж байгаа. Эдгээр нь эргээд осол аваар гаргах гол шалтгаан болдог. Бид энэ асуудалд цэг тавихаар ажиллаж байна. Шаардлага хангахгүй автомашиныг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхгүй байх тухайд холбогдох байгууллагад хүсэлт тавиад байгаа.-Хатуу шаардлага тавиад эхэлбэл автомашины үнэд өөрчлөлт орох уу?-Арлын дугаараар автомашиныг бүртгэдэг учраас сэлбэг нэрээр орж ирж байгаа бол автомашин гэж бүртгэгдэхгүй. Тиймээс бүртгэлгүй мөртлөө тухайн автомашиныг сэлбэж, угсраад худалдаална гэж байгаа хүмүүст асуудал үүсэж эхэлнэ. Хүний амь насанд онц ноцтой хохирол учруулахаар заналхийлсэн гэдэг үндэслэлээр бид энэ асуудлыг авч үзнэ.-Жилд 69 мянган тээврийн хэрэгсэл орж ирдэг гэлээ. Хэрвээ мэдээллийг ил болгоод шаардлага хангасан тээврийн хэрэгсэл орж ирдэг болчихвол энэ тоо буурах уу?-Энэ үйлчилгээг хэрэгжүүлээд хэсэг хугацааны дараа үр дүн харагдах болов уу. 10 болон түүнээс дээш жилийн насжилттай тээврийн хэрэгслийн тоог буурна гэж харж байгаа.Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.