Анааш цагт 55 км-ээс ч илүү хурдалж чаддаг

Бид хүүхэд багачууддаа зориулж амьтдын талаарх цуврал мэдээллийг бэлтгэн хүргэж эхэллээ. Энэ удаад анаашны талаар товч мэдээллийг хүргэж байна. Анааш нь Африк тивд амьдардаг салаа туурайтай хөхтөн ба хуурай газар амьдарч буй амьтдаас хамгийн өндөр бөгөөд хамгийн том хивэгч амьтан юм. Нас бие гүйцсэн эр анааш дунджаар 1,191 кг ба эм нь 828кг байна.

Өндөр нь 4.3-5.2 м ба хамгийн өндөрт бүртгэгдсэн анааш 6м хүрч байжээ. Анааш нь голдуу Саванна, өвст тал, ойрхог газраар нутаглана. Хуайс мод ихтэй газар дурлана. Арьс нь шаргал бордуу өнгийн толбо хээтэй ба цагаан судлуудаар эрээлжилсэн байдаг ба бүх анааш өөр байдаг.

Анааш нь хөнгөн зөөлөн алхаа, явдалтай ч хэрэгцээтэй үед цагт 55 км-с илүү хурдалж чаддаг ажээ. Анаашийн зүрх 10 кг хүртэл жинтэй, 60см урттай том байдаг. Энэ нь зүрхнээс тархи хүртэл 2м зайд цус шахахад зохицсон ба бусад том хөхтнөөс 2 дахин өндөр цусны даралттай юм. 40 см хүрэх урт хэлтэй ба үүгээрээ өндөр модны оройгоос навч зэргийг ороон авч иддэг. Анааш нь хөхтний дотор хамгийн богино унтдаг амьтан юм. Нэг өдөрт 10-20 минут, уртдаа л 1 цаг гаруй унтдаг аж.

Эм анааш 400-460 өдөр үр төлөө тээх ба ихэвчлэн нэг тугал төрүүлнэ. Ховор тохиолдолд ихэрлэдэг. Дөнгөж төрсөн нялх анааш 1.8м өндөр, 50 кг жинтэй байх ба хэдхэн цагийн дотор хөл дээрээ тэнцэн гүйж, давхина. 4 нас хүрээд нас бие гүйцэх ба 25 хүртэл насалдаг. Амьтны хүрээлэн зэрэг газар 35 наслах нь бий.

Хамгийн гайхалтай нь анааш тэмээнээс ч олон хоногоор ус уухгүй байж чаддаг байна.

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.