Д.Амарбаясгалан: Д.Сумъяабазар даргыг намын зүгээс итгэл хүлээлгэн илгээж байна

Нийслэлийн Монгол Ардын Намын хорооны V хуралдаан Тусгаар тогтнолын ордонд эхэллээ.

Хуралдаанаар Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчдийн хурлаас гаргасан саналыг хэлэлцэх юм. Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчдийн хурлаас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, НИТХ-ын даргад Ж.Батбаясгаланг нэр дэвшүүлэх санал гаргасан байна.

Энэ талаар МАН-ын ерөнхий нарын бичгийн дарга Д.Амарбаясгалан танилцуулж, үг хэллээ.

Тэрбээр “УИХ-ын гишүүнээсээ татгалзах улс төрчийн хувьд хүнд шийдвэр. Гэхдээ намын дарга, Удирдах зөвлөлийн шийдвэрийг хүндэтгэн үзэж хүлээн авч байгаа Д.Сумъяабазар даргадаа талархаж байгаагаа илэрхийлье. Бидний өмнө сонгуулиар итгэлээ өгсөн нийслэлчүүдийн итгэлийг ажил хэрэг болгон мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх чухал хариуцлага хүлээж байна.

Бидэнд Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээж байсан гашуун түүх бий. Биднийг намын 100 жилийн ой, Ерөнхийлөгчийн сонгууль гэсэн маш том хоёр үйл явдал ирэх жилд хүлээж байна. Иймээс Д.Сумъяабазар даргыг намын зүгээс итгэл хүлээлгэн илгээж байна . Хотын дарга УИХ, Засгийн газарт хүртэл ажиллаж чадах зангарагтай чадвартай хүн байх ёстой. Улс төрийн туршлага, мэдлэг чадварыг нь ашиглах гэж бид өөрөөр нь энэ хүнд шийдвэрийг гаргуулсан гэдгийг та бүхэн ойлгоорой” гэж мэдэгдлээ.

Г.Нараа

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.