БНХАУ-д Монголын Ард түмнээс хандивласан 30 мянган толгой хонийг хүлээлгэн өглөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр БНХАУ-д хийсэн айлчлалынхаа үеэр цар тахлыг таслан зогсооход дэмжлэг үзүүлэхээр 30 мянган толгой хонийг хандивласан. Үүний дагуу Ерөнхий сайдын захирамжаар хандивын 30 мянган хонийг хүлээлгэн өгөх Ажлын хэсгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайханаар ахлуулж, 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан юм.

Монголын ард түмнээс өмнөд хөршдөө хандивласан 30 мянган хонийг нэг бүрчлэн мал эмнэлгийн үзлэг шинжилгээнд хамруулж, бүх шатанд хяналт тавьж баталгаажуулан дэлгэрэнгүй бүртгэл үйлдэж БНХАУ-ын талд өнөөдөр бүрэн хүлээлгэн өглөө.

БНХАУ-д хүлээлгэн өгсөн 30 мянган толгой хонийг Хэнтий, Сүхбаатар, Дорноговь аймгийн малчдаас худалдан авч бүрдүүлжээ.

Уг арга хэмжээний үеэр ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хэлэхдээ “Монгол Улсаас өгч буй хандив БНХАУ-ын ард түмэн цаг үеийн хүндрэлийг даван туулахад бодитой дэмжлэг болно гэдэгт итгэлтэй байна. Энэ ажлыг шуурхай, үр дүнтэй зохион байгуулахад дэмжиж тусалсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Төрийн болон орон нутгийн засаг захиргааны байгууллага, хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүд, иргэд, малчид та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Монголын ард түмний сэтгэлийн хандив 30 мянган толгой хонийг хүлээлгэн өгөх ажлыг амжилттай зохион байгууллаа.Хоёр орны ард түмнүүдийн найрсаг харилцаа батжин хөгжих болтугай” гэв.

Энэхүү арга хэмжээнд ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Г.Тэгшжаргал, Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин, УИХ дахь Монгол-Хятадын найрамдлын бүлгийн гишүүд, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чай Вэньруй болон орон нутаг, малчдын төлөөлөл оролцлоо.

Энэ тухай Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан цахим хуудаснаа “Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оны эхээр өмнөд хөршид айлчлахдаа шийдсэн энэ ажил бодит ажил болов. Хонь нэг бүрийг мал эмнэлгийн бүх шатны үзлэг шинжилгээнд хамруулж, олон улсын эрүүл ахуйн хэм хэмжээг ягштал мөрдөж, бүртгэл хөтлөхөд төрийн болон хувийн хэвшлийн олон хүн хичээнгүйлэн зүтгэснийг энд онцолж, чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Монголчууд зовох цагт нөхрийн чанараа таниулдаг ард түмэн. Дэлхий нийтийг түгшээсээр байгаа Ковид-19 цар тахлыг хазаарлахад Монголын ард түмнээс өмнөд хөршдөө үзүүлсэн энэхүү хандив бодитой хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна. Монгол Улс малынхаа махыг олон улсын чанар стандартад нийцүүлж хөршүүд болоод дэлхийн бусад зах зээлд гаргах өргөн боломж байгааг энэхүү үйл явдал давхар нотолж өглөө”хэмээн бичжээ.

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.