Жасинда Ардерн сонгуульд ялалт байгуулж, Шинэ Зеландыг дахин удирдахаар боллоо

Өнгөрсөн Бямба гарагт болсон парламентын сонгуулийн үр дүнд ерөнхий сайд Жасинда Ардерн хоёр дахь удаагаа Шинэ Зеланд улсыг удирдахаар боллоо. Хөдөлмөрийн нам 49 хувийн санал авч, парламентын 120 суудлын 64-ийг нь авахаар болжээ. Энэ бол тус намын хувьд сүүлийн 50 жилд үзүүлээгүй өндөр амжилт юм.

1996 оноос хойш анх удаа Шинэ Зеландад нэг нам бусад намтай эвсэлгүй, дангаараа засгийн газар байгуулах боломжтой болж байна.

Сонгуулийн дүн гарсны дараа Жасинда Ардерн үг хэлэхдээ “Бид өнөөдөр улам бүр туйлширч байгаа, улам олон хүн бусдынхаа үзэл бодлыг хүлээн зөвшөөрөх чадваргүй болж буй дэлхий ертөнцөд амьдарч байна. Энэ сонгуулиар Шинэ Зеландчууд үүнээс өөр хүмүүс гэдгээ харуулж чадсан гэж бодож байна. Бид бол бусдыг сонсож чаддаг, эрүүл саруулаар мэтгэлцэж чаддаг үндэстэн. Энэ удаагийн сонгууль энгийн бус цаг үед болсон, энгийн бус сонгууль. Тодорхойгүй ирээдүй хүлээж буй, айдсаар дүүрэн цаг үед бид нэгдэж чадлаа” гэжээ.

Дэлхий дахинд дэвшилтэт үзэлтэй улс төрч гэж танигдсан Жасинда Ардерн өнгөрсөн хугацаанд Шинэ Зеландыг коронавирусийн цар тахлаас амжилттай хамгаалж чадсан гэж үнэлэгдэж байгаа. Ардерны засгийн газрын зөв бодлогын үр дүнд өнөөдөр Шинэ Зеландад коронавирусийн халдварын 2,000 хүрэхгүй тохиолдол бүртгэгдэж, 25 хүн нас бараад байна. Одоо дангаар засгийн эрх барих боломжтой болсноор түүний засгийн газар уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, хүн амыг орон сууцжуулах, хүүхдүүдийг ядуурлаас гаргах зэрэг намын үндсэн бодлогоо хэрэгжүүлэх боломжтой болж байгаа юм.

Засгийн эрх барьсан өнгөрсөн хугацаанд Ардерны засгийн газар байгалийн хий, газрын тосны шинэ хайгуулыг зогсоож, шинэ эцэг эхчүүдийн тэтгэмжийг нэмэгдүүлж, цалингийн доод хэмжээг өсгөж, ядуурлыг бууруулахад анхаарал тавьж ажиллажээ.

Энэ долоо хоногийн эхээр Ардерн хэлэхдээ сонгуульд ялж чадахгүй бол улс төрөөс гарахаа мэдэгдэж байв. Харин гадаад дотоодын судлаачид түүнийг Шинэ Зеландын түүхэнд анхны олон улсад алдаршсан ерөнхий сайд гэж үнэлээд Covid-19 тахалтай амжилттай тэмцсэн нь түүнийг сонгуульд ялуулна гэж дүгнэж байжээ.

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.