Н.Чингис: Бүх зүйл асар хурдан болдог гэмт хэргийн ертөнцөд прокурор гэмт хэрэгтнүүдтэй хэрхэн тэмцэж буйг “Давхар цагаан шугам” кино харуулна

Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз хэмээх өндөр босготой, өнөр өтгөн “айл”-д хоёр үеэрээ зүтгэж буй Соёлын гавьяат зүтгэлтэн, Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Дамбадаржаагийн Намсрай агсны хүү, МҮОНТ-ийн найруулагч Н.Чингистэй ярилцлаа. “Халхын голд байгуулсан гавьяа” түүхэн цуврал тэргүүтэй олон арван баримтат кино, бүрэн хэмжээний таван уран сайхны кино найруулсан тэрбээр өнөөдрөөс эхлэн үзэгчдэд хүрэх MNB-ийн цоо шинэ бүтээл Прокурорын байгууллага үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойд зориулан бүтээсэн “Давхар цагаан шугам” телевизийн олон ангит уран сайхны киноны Ерөнхий найруулагчаар ажилласан юм. Түүнчлэн “Давхар цагаан шугам” телевизийн онц сонирхолтой цуврал Н.Чингис найруулагчийн ажилласан арван хоёр дахь уран сайхны кино юм.

-Монголын радио, Үндэсний телевизэд үе дамжин зүтгэж буй олон уран бүтээлчийн нэг нь та. Энэ том айлын босгоор орсон үеээ эргэн нэг дурсаач?

-Би байгууллагаа өөрийн бичиг үсэг сурсан үеэсээ л мэднэ. Аав минь Монголын радиод насан өөд болтлоо ажилласан. Би 1996 онд “Бэрс” дээд сургуулийг манай телевизийн нэвтрүүлэгч, соёлын гавьяат зүтгэлтэн Б.Ганбаатар, Монголын радиогийн найруулагч С.Даваадорж зэрэг мундгуудтай хамт төгсөж, найруулагч мэргэжил эзэмшиж, өдийг хүртэл мэргэжлээрээ тасралтгүй ажиллалаа. Ажлын гараагаа Батлан хамгаалах яамны харьяа “Дуулга” студиэс эхэлсэн. Дараа нь “Ийгл” телевизэд зургаан жил ажиллаж, дундуур нь давхар их сургуульд багшилсан. Монголын үндэсний олон нийтийн радио, телевиздээ 2006 оноос хойш ажиллаж байна. “Монголын мэдээ” агентлагт найруулагчаар арван жил ажиллаад, өөрийн хүсэлтээр нэгдүгээр суваг буюу МҮОНТ-ийнхээ Түүх, уламжлал, өв соёлын нэвтрүүлгийн редакцад шилжин орж ажилласан.

-Прокурорын байгууллага үүсэн байгуулагдсан 90 жилийн ойд зориулсан “Давхар цагаан шугам” олон ангит уран сайхны кино хэрхэн бүтсэн бэ?

-Энэ киноны маань ажил өнгөрсөн хоёрдугаар сард эхэлсэн. Прокурорын байгууллагаас кино зохиолч А.Амарсайханаар зохиол бичүүлэх саналтай байсан. Манай телевизийн талаас ч мөн кино зохиолч томилохоор боллоо. Тэгээд А.Амарсайхан зохиолчтой уулзаад хамт зохиолоо бичих шийдэлд хүрч хоёр талын удирдлагууд ч дэмжсэн. Ийн бид хоёр Монгол Улсын гавьяат хуульч Б.Галдаа, Ё.Сагсай болон Т.Сүхбаатар, Г.Бадамханд, Дэлгэрцэцэг тэргүүтэй ахмад прокурортой хэдэн өдөр хамт байж, жаргал зовлон, ажлынх нь хүнд хэцүү зүйлсийг яриулж, тэр бүхнээс алийг нь кинондоо тусгах талаар санаа оноо солилцож, зохиолынхоо ерөнхий схемээ гаргаж, прокурорын байгууллагын удирдлагуудад танилцуулсан. Ийн кино зохиолоо бичиж дуусгаад батлуулчихсан, зураг авалтаа тавдугаар сард эхлэхээр төлөвлөж байсан ч цаг үеийн байдлаас шалтгаалан “КОВИД-19”-тэй холбоотойгоор  хойшилсон л доо. Тухайн үед олон нийтийн бүх арга хэмжээг хориглож, хүн зон олноор цуглуулах битгий хэл онцын ажилгүй бол гудамжаар явахгүй байхыг Улсын онцгой комиссоос анхааруулж байсан үе шүү дээ.

Яг энэ үеэр гол дүр нь прокурор залуутай, прокурорын байгууллага болон гэмт хэргүүдийг харуулсан “Зура” уран сайхны кино нээлтээ хийсэн. Манай киноны нэгэнт бичигдээд батлагдчихсан зохиолын хэд хэдэн санаа “Зура”-тай давхацсан, гэмт хэргийн процесс, сөрөг дүрийн хандлага нэлээд ойролцоо болчихсон. Бүр манай зохиолд бичигдсэн прокурор, цагдаагийн алба хаагчийн нэр давхцаж, цагдаагийн дүр нь маш төстэй болж таарсан.

-Кино зохиолоо нэг сарын хугацаанд өөрчлөх даалгавар авсан гэсэн. Зохиолоо хэрхэн шинэчилсэн бэ?

-Анхны зохиолд гэмт хэргийн нөхцөл байдалд улс төрийн хүрээнийхэн хамрагдсан нь “Зура”-тай төстэй болж ирсэн. Прокурор хүнийг яг үнэнээр нь нийгэмд ойлгуулахыг зорьсон учраас хэт их фантаз, уран сайхны арга ашиглаагүй. Хэрвээ хэт детектив төрлийн кино хийвэл амьдралаас “тасарчихсан” кино гэсэн шүүмжлэл үзэгчдээс ирдэг. Тиймээс Монголд болоод байдаггүй үйл явдлууд оруулахаас татгалзсан. Анхны зохиолоос гэмт хэрэгтэй холбоотой сюжетүүдийг өөрчилж, үндсэн жанжин шугам, гол санаагаа хадгалж авч үлдсэн. Мөн зарим дүрийн нэрийг сольсон. Үүнийг дагаад тухайн дүрийн үзэл санаа ч өөр болно. Тиймээс кино зохиол эхний ангиас дахин бичигдэж таарч байгаа юм.

-“Давхар цагаан шугам” киноны гол дүрийн Цэлмэг прокурор анхны зохиол дээр эрэгтэй хүн байсан уу?

-Үгүй ээ. Бид анхнаасаа л гол дүрээ эмэгтэй байхаар тогтсон. Яагаад гэхээр цагдаа, прокурор зэрэг хууль хүчний байгууллагын алба хаагчдыг ихэвчлэн эрэгтэй дүрээр гаргаж ирдэг. Би ч киноны ажил эхлэхийн өмнө гол дүрийн прокурор чин шударга эрэгтэй байна гэсэн төсөөлөлтэй байсан. Гэсэн хэдий ч кино зохиолынхоо судалгааг хийх явцдаа Дэлгэрцэцэг прокурортой уулзаад манай киноны гол дүр эмэгтэй хүн байснаар прокурорын дүр дээр ирэх ачаалал өшөө илүү тод томруун болно. Зөрчлүүд илүү томоор гарч ирэхээс гадна утга уянгатай болох юм байна гэж бодсон. Үүнийгээ ч А.Амарсайхан зохиолчид хэлж, бид хоёр зохиолоо гол дүрийн эмэгтэй прокурор дээр тулгуурлан бичсэн.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

Санал болгох мэдээ

“Шар гэгээ” кино Бээжингийн кино маркетын үзвэрээр сонгогдож, тус улсад гарахаар болжээ

Оранж энтертайнмент, Промикс Саунд студи, Рэд Пойнт фильмийн хамтын бүтээл “ШАР ГЭГЭЭ” Уран сайхны кино …