Э.Дөлгөөн: “Happy Flowers” ХХК-иас 25 сая төгрөг нэхэмжлээгүй

“Positive Mongolians” онлайн төслийг санаачлагч Д.Түвшинбаяр, Э.Дөлгөөн нар “Happy flowers”компанийн хүүхэд асрах үйлчилгээтэй холбоотой асуудлаар өнөөдөр /2020.10.20/ Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийлээ.

Э.Дөлгөөн “Бид өнөөдрийн хэвлэлийн хурлаараа “Happy flowers” компанийн хүүхдэд чиглэсэн үйл ажиллагааны талаарх гомдол саналаа илэрхийлнэ. Үүгээрээ тухайн компанийн захирал болон бусад ажлаа сайн хийж байгаа асрагч нарын нэр хүндэд халдах зорилгогүй гэдгийг юуны түрүүнд хэлмээр байна. Бидэнд 24 цагийн дотор 45 хүн энэ компанитай холбоотой гомдол, мэдээлэл ирүүлсэн.

Манайх өнгөрсөн нэгдүгээр сард “Happy flowers” компанийн хүүхэд харах үйлчилгээг авсан. Анхны асрагч маань маш сайн охин байсан ч хувийн шалтгаанаар ажлаасаа гарсан.Тэгээд туршиж үзээд 2020 оны тавдугаар сард буюу дөрвөн сарын дараа хамтарч ажиллах гэрээ байгуулсан. Гэтэл үүнээс хойш асуудал үүсч, асрагчид солигдож эхэлсэн. Мөн үйл ажиллагааны доголдлууд бага багаар илэрч ирсэн. Гэхдээ бид хүүхэд асрагчийн энэ ажил Монголд шинэ салбар учраас юу юуны духанд буруутгаагүй хүлээцтэй хандаж байсан. Гэтэл 2020 оны наймдугаар сард охин маань хүүхэд асрагчийн хайхрамжгүй байдлаас биеийнхээ гурван хэсэгт ил харагдах гэмтэл авсан. Өглөө нь зүв зүгээр байсан хүүхэд орой нь гэмтсэн учраас орой нь зургийг нь аваад тухайн байгууллагад өгсөн.

Өнгөрсөн хугацаанд 3 удаа гомдол гаргасан ч хүлээж авч, шийдвэрлээгүй. Тиймээс үйлчлүүлэгч, контент бүтээгчдийн зүгээс тухайн компанийн үйл ажиллагааг нийтэд ил болгосон. Учир нь бидэнд итгээд энэ компанийг сонгосон олон хүн, хүүхэд хохирох вий гэж бодож, мөн олон хүн цалингаа авч чадахгүй хохирох вий гэж бодоод энэ талаарх сэтгэгдлээ өөрийн цахим хуудсаараа дамжуулж илэрхийлсэн.

Гэтэл үүний дараа “Happy Flowers” ХХК-ийн захирал Э.Ууганцэцэг “Дөлгөөн өөрөө хүүхдээ гэмтээсэн, байгууллагаас 25 сая төгрөг нэхсэн, хүүхдээ үнэгүй асруулсан ” гэх мэтчилэн худал мэдээллийг нийгэмд тараасан. Бид үнэндээ нэг ч төгрөг нэхээгүй, цаашдаа ч нэхэхгүй. Энэ гүтгэлэг нь цахимд орчинд даамжирч, нэр бүхий олон дагагчтай олны танил эрхмүүд ор үндэслэлгүй, нотлогдоогүй мэдээлэл тараасан. “Хандиваар хуримаа хийсэн, байр авсан, нэг ч татвар төлдөггүй, бусдын тархийг угаадаг” гэх мэтээр нотолгоогүй мэдээлэл тарааж, ард иргэдийг бидний өөдөөс турхирсан.Үүнээс болоод нийгэм даяар бидний хэлж, дуугарсан хүүхэд харах үйлчилгээ эрхэлдэг “Happy flowers” компанийн үйл ажиллагааны доголдлын талаар бус харин манай гэр бүлийг аль муухайгаар чичилж, хүүхдээ бартерласан, эцэг эх байх эрхгүй дүр эсгэгчид, 25 сая төгрөг нэхдэг луйварчид, хог шаарнууд, үнэгүй үйлчилгээнд юу ч хийхээс буцдаггүй алиалагч нар, Швед рүүгээ зайл гэх мэтээр доромжилж зүхсээр байна. Өнөөдрийн байдлаар үнэнийг хэлсэн хүн буруутан болдог байдал манай гэр бүл дээрээ жишээ болон гарлаа. Ингэхээр хүмүүс шударга үнэнг хэлж чадахгүй айдаг болдог юм байна. Өнөөдөр бид олуулаа ирж, мэдээлэл өгнө гэж байсан ч маш олон хүмүүс ил гарахаас татгалзсан ” гэсэн мэдээллийг өглөө.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …