“Улаанбаатар” Олон Улсын кино наадам өнөөдрөөс эхэллээ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Монголын Урлагийн зөвлөл хамтран зохион байгуулж буй 12 дахь удаагийн “Улаанбаатар” Олон Улсын кино наадам өнөөдрөөс эхэллээ.

Монголын кино урлагийг хөгжүүлэх, салбарын уран бүтээлчдийн чадавхийг бэхжүүлж, олон улсын хамтын ажиллагаа, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, дэлхийн шилдэг кино бүтээлүүдийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой тус кино наадам “Хэвтрийн хүн” Монголын уран сайхны киногоор нээлтээ хийж байна.

“Улаанбаатар” Олон Улсын кино наадмын уран сайхны удирдагчаар МУ-ын Ардын жүжигчин, кино найруулагч Г.Жигжидсүрэн ажиллаж байна.

Наадмыг зохион байгуулагчид Канн, Берлин, Торонто, Венец зэрэг дэлхийн А зэрэглэлийн кино наадмын шагналт, тухайн жилийн арт хаус, индепендент урсгалыг тодорхойлогч шилдэг кино уран бүтээлийг Монголын үзэгчдэд танилцуулж, үзэгчдийн кино боловсролыг дэмжих, Монгол уран бүтээлчдэд олон улсын уран бүтээлчидтэй хамтарсан бүтээл туурвих боломжийг бий болгох зорилгоор “Улаанбаатар” кино наадмыг 2013 оноос эхлэн олон улсын тодотголтойгоор зохион байгуулж ирсэн билээ.

Өнгөрсөн хугацаанд буюу 2013-2019 онд дээрх наадмуудын тодорхой шагналд нэр дэвшсэн, шагнал хүртсэн арт хаус, индепендент төрлийн шилдэг 113 киног танилцуулж, 24000 гаруй үзэгчдэд толилуулсан ба нийт 1000 гаруй монгол уран бүтээлчдийг кино форум болон сургалтад хамруулж, чадавхийг дээшлүүлсэн байна.

Тэгвэл энэ жилийн кино наадамд 2019-2020 онд бүтээгдсэн Монгол, Франц, Герман, Иран, Швейцар, Итали, Австрали, Хятад, Тайвань, Япон, Бразил улсын 19 бүрэн хэмжээний уран сайхны киног толилуулахаас гадна кино уран бүтээлчдийн чадавхийг дээшлүүлэх зорилготой “Ирж яваа цаг” кино форум, “Авдраа уудал” найруулагчийн ур чадварын сургалтыг тус тус зохион байгуулагдахаар болжээ.

Түүнчлэн наадмын агуулга, цар хүрээг тэлэн бүс нутгийн кино урлагийн шилдэг бүтээлийг үзэгчдэд хүргэх, кино үзвэрийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой “Үзэхийн хязгаар” шинэ хэсгээр хөтөлбөрөө өргөжүүлж байна.

Тус хэсгийг “Говийн зэрэглээ” МУСК-оор нээж байгаа бөгөөд 1980 онд бүтээсэн энэхүү киног Архивын Ерөнхий Газар, Номадиа Пикчерс ХХК-ны “Монгол Кино HD” төслийн хүрээнд HD форматад хувирган олон улсын кино наадмын дэлгэцнээ анх удаа танилцуулах гэж байна. Мөн Азийн кино урлагийн салбарын тэргүүлэх найруулагчдийн шилдэг бүтээлийг “Азийн кино үзвэр”-ээр үзэгчдэд хүргэх ба Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдэд зориулан “Хүүхдийн кино үзвэр”-ийг тус тус шинээр толилуулах гэж буйгаараа онцлог болж байна гэж наадмыг зохион байгуулагчид хэлсэн юм.

Санал болгох мэдээ

Г.Амгаланбаатар: Автомашины зогсоолгүй болсны улмаас үзэгчдийн тоо буурсан

Улсын Драмын Эрдмийн театрын уран бүтээлчид театрын гаднах автомашины зогсоол, орц, гарц, газрын асуудлаар Хотын …