Д.Баасансүрэн: Иргэдийн амьжиргаа, бизнест сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр эрсдэлийн зөв менежмент хийх хэрэгтэй

“Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр”-ийг тохиолдуулан  ОБЕГ, МУЗН хамтран энэ чиглэлээр хийж буй үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл өгөв. Энэ үеэр ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын дарга, дэд хурандаа Д.Баасансүрэнтэй ярилцлаа.

-Гамшгийн эрсдэлийг бууруулахад Монгол Улс Азидаа манлайлдаг. Энэ чиглэлд олон улсын чиг хандлага ямар байна вэ?

-Энэ жил Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдрийг “Сайн засаглал буюу гамшгийн эрсдэлийн удирдлагыг бэхжүүлэх” уриатай дэлхий нийтээрээ нэгдэн, өнөөгийн тулгарч буй гамшгийн эрсдэлийг бууруулах, шинэ эрсдэл үүсэхээс урьдчилан сэргийлэхийн тулд стратеги, төлөвлөгөө боловсруулж хэрэгжилтийг хангах, “COVID-19” халдвараас сэргийлэх удирдлага зохион байгуулалтыг сайжруулахад анхаарч байна. Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичигт дэвшүүлсэн дэлхийн тав дахь зорилтыг Монгол Улс хангаж “Сендайн үйл ажиллагааны хүрээг Монгол Улсад хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги”-ийг амжилттай хэрэгжүүлж байна.

Гамшгийн эрсдэлийг бууруулахад Азидаа манлайлж байна гэдэг бол субьектив дүгнэлт. Хууль эрх зүйн орчин сайжирч бүс нутагтаа тэргүүллээ гээд тайвширч болохгүй. Дэлхий нийтээрээ өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж ихэнх улс  хил, олон нийтийн арга хэмжээгээ нээчихээд буцаад хязгаарлаж байна. Бид бусад улс орноос суралцах ёстой. Суралцаж байна гэдэг цар тахлын эрсдэлийн талаар бүрэн мэдэхгүй байна гэсэн үг. Мэдэхгүй байна гэдэг эмзэг байгаагийн шинж. Тиймээс эрсдэл, эмзэг байдлыг хамт ярьж эрсдэлийг бууруулах ёстой. Энэ цаг үед  бид дотроо алдаагүй байгаа нь олон улсад сайн туршлага болж яригдаж байна. Гэхдээ бүхнийг хааж боохоос илүү иргэдийн амьжиргаа, бизнест сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр эрсдэлийн зөв менежмент хийх хэрэгтэй. Боловсролын байгууллагаа нээж, олон нийтийн арга хэмжээг тодорхой хэмжээнд зөвшөөрч, гадаадаас иргэдээ татан авч байна. Энэ мэтээр олон зүйлийг эрсдэлгүй даван туулж чадсан. Цаашид ч үүнээс сэргийлэхийн тулд зөв менежмент хийх нь чухал.

-Гамшгийн эрсдэлийг бууруулахад хувь хүнээс гадна албан байгууллага ямар үүрэг хариуцлага хүлээх вэ?

-Төр, хувийн байгууллага ялгалгүй бизнесийн тогтвортой ажиллагаагаа хангах ёстой. Тухайлбал, 20 ажилчинтай байгууллагын 18 нь коронавирусын халдвар авлаа гэхэд үлдсэн хоёр хүн юу хийх вэ гэдэг эрсдэлийг тооцож, төлөвлөх ёстой. Хэн дуудлага өгөх, тусгаарлах байранд хяналт тавихаас гадна тухайн байгууллагын ажлыг хэн хийх вэ гэдгийг гамшгаас хамгаалах төлөвлөгөө гэж байгаа юм.

-Бусад улс орон гамшгийн эрсдэлийг бууруулах бодлогын цөмийг сайн дурын ажилтнаар бүрдүүлдэг. Манай улсын хувьд ялангуяа, коронавирусын онцгой нөхцөлд сайн дурын ажилтны үүрэг оролцоо ямар байна вэ?

-Цар тахал бол халдварт өвчин. Тиймээс туршлага, бэлтгэлгүй хүмүүсийг эрсдэл рүү оруулж болохгүй. Үүнд бэлэн байхын тулд хүмүүсээ бэлтгэж байна. Сүүлийн жилүүдэд бэлэн байдлын сургалтад 77 мянган хүнийг хамруулсан байдаг. Хүмүүсээ сургачихаад хувийн хамгаалах хэрэгслээр хангаж, төрийн байгууллага шат шатандаа урамшууллыг шийдвэрлээд зогсохгүй эрсдэлийн даатгалд хамруулах ёстой. Сайн дурынхныг зохион байгуулалтад оруулахаас гадна хөдөлмөрийн аюулгүй байдлаас эхлээд олон хүчин зүйлийг хангаж ажиллах нь төрийн үүрэг. Олон улсын туршлагаас харахад сайн дурынхны ихэнх нь давхар ажил эрхэлдэг. Австрали улсад гэхэд гал сөнөөгчдийн 80 хувь нь сайн дурын, үлдсэн 20 хувь нь байнгын бүрэлдэхүүн байдаг. Сайн дурынхан сургалтад тогтмол хамрагдана. Ажлаа хийж байгаад дуудагдлаа гэхэд ажил олгогч чөлөөлж, урамшуулал олгодог. Энэ хэрээр төрийн ачааллыг хөнгөлдөг.

-Гамшгийн эрсдэлийг бууруулахад аймаг орон нутаг төсвийнхөө тодорхой хувийг зарцуулах хуультай. Хэрэгжилт ямар байна вэ?

-Нэг үеийг бодоход гамшгийн эрсдэлийг бууруулах төсөвтэй болсон. Гэхдээ сан бүрдүүлэх хэмжээнд хүрээгүй. Эрсдэлийг бууруулна гэдэг урт хугацааны хөрөнгө оруулалт шаарддаг. Тухайлбал, коронавирусын үед PSR оношилгооны төвүүдээ зөв газар барьж, эмнэлгийн орны тоог нэмж, зориулалтын тусгаарлах байртай болчихвол эрсдэл буурна. Хязгаарлагдмал хөрөнгийг зөв менежментээр зарцуулахын тулд эрсдэлээ үнэлэх ёстой. Бид үнэлгээ хийсний үр дүнд PSR оношилгооны төвийг долоо хоногийн дараа Алтанбулагт байгуулах жишээтэй. Хуульд төрийн байгууллага төсвийнхөө тодорхой хувийг зарцуулж, аж ахуйн нэгж гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөгөө, тусгай сантай байх ёстой. 

-Сайн дурын ажилт­ныг нэмэг­дүүлэхийн тулд урам­шууллыг шийд­вэрлэж өгөх хэрэгтэй байх?

-Гамшгаас хамгаалах хуульд зааснаар Засаг дарга нөөц сангаасаа сайн дурын ажилтанд урамшуулал олгох ёстой. Иргэн гэрээ байгуулж хамтарч ажиллана. Үүнд иргэдийн мэдээлэл шаардлага их чухал. Сайн дурын ажилтнуудыг нэмэгдүүлэхийн тулд тэтгэвэрт гарсан ч гэсэн нийгмийн даатгал, эрүүл мэндийн эрсдэлийн болон гэнэтийн ослын даатгал, урамшуулал зэргээр дэд бүтцийг нь бий болгож хөшүүрэгтэй байх хэрэгтэй. Барууны орнуудад  сайн дурын ажил хийдэг бол ажлын үзүүлэлтэд нь нөлөөлж үнэлэмжийг нэмэгдүүлдэг учраас иргэд  нь идэвхтэй, хариуцлагатай оролцдог. 

-Саяхан гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийсэн гэсэн. Нөхцөл байдал хэр байна вэ?

-Бэлчээрийн даац малын тоо толгой гангийн зэргийг харьцуулаад бэлчээрийн даац доройтсон зургаан аймагт үнэлгээ хийсэн. Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Өмнөговь, Баянхонгор, Өвөрхангай, Архангай аймаг ажиллахдаа отор нүүдэл, хүн амын эмзэг байдал, өвс тэжээл, аюулгүйн нөөц гээд үнэлгээ нарийвчилж гаргаж ирдэг. Үүнээс харахад Баянхонгор, Дундговь хамгийн өндөр эрсдэлтэй гарсан. Тиймээс өндөр эхсдэлтэй аймгууд руу эхэлж тусламж өгөхөөр санал орууллаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин2020.10.14 ЛХАГВА № 199 (6424)

Санал болгох мэдээ

Өсвөр насны охидын үр хөндөлт 6.4 хувиар өсжээ

ДЭМБ-ын зөвлөснөөр өсвөр насыг 10-19 гэж үздэг. Тэгвэл манай улсад өсвөр насныхны, тэр дундаа охидын …