“Зарлан авсан дүү нартаа хэлэхэд цэргийн алба үнэхээр сайхан шүү”

Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийнхэн мөн 2019 оны хоёрдугаар ээлжээр цэргийн албанд татагдсан дайчдадаа хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээг  зохион байгууллаа.

Тус нэгтгэлийн зарим хугацаат цэргийн алба хаагч өөрсдийн хүсэлтээр улс орныхоо бүтээн байгуулалтад оролцсоноороо онцлог байна.

5-7 сарын хугацаанд төмөр замын бүтээн байгуулалтад оролцсоноороо тэд гэртээ цалинтай харьж байгаа гэсэн үг.

Өөрөөр хэлбэл, цэргийн хэргийн эрдэм мэдлэгээс гадна нийгэмд нэн хэрэгцээтэй зам, барилгын чиглэлээр мэргэшиж чадсандаа хугацаат цэргийн алба хаагчид сэтгэгдэл өндөр байсан юм. Улс орныхоо бүтээн байгуулалтад оролцсон зарим хугацаат цэргийн алба хаагчидтай хөөрөлдлөө.

Дэд түрүүч А.Гомбосүрэн Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумынх бөгөөд цэрэгт ирэхээсээ өмнө УБИС-ийг Мэдээлэл зүйн багш мэргэжлээр төгссөн байна. Хугацаат цэргийн алба хаахаас өмнөх А.Гомбосүрэн, хаасны дараах дэд түрүүч А.Гомбосүрэн хоёрын хооронд асар их ялгаа байгаа гэнэ.

Энэ тухайгаа тэрээр “Цэрэгт ирснээр эмх цэгцтэй болж, дэг журам, сахилга хариуцлага сайжрахаас гадна аливаа юмыг төлөвлөж сурсан. Төлөвлөсний дараа хэрэгжүүлнэ гэдэг ажлын бүтээмжийг нэмэгдүүлдэг сайн талтай. Удахгүй халагдах дөхөөд сэтгэл их догдолж байна. Ялангуяа хүүгээ их саналаа. Миний хүү Г.Пүрэвтогтох одоо хоёр ой хүрч байгаа сайхан бор хүү бий. Ханийг маань Л.Цэцэгмаа гэдэг, одоогоор хүүгээ хараад гэртээ байгаа. Би халагдаж очоод сумандаа мэргэжлээрээ багшилна. Хүн бүр хот суурин руу “шуурч” байгаа бол харин манай гэр бүл эсрэгээрээ сумандаа сайхан амьдрахыг зорьж яваа. Мөн миний аав Амаржаргал аймгийн мянгат малчин, хөдөлмөрч сайхан буурал байдаг. Хайртай гэр бүлдээ очихыг тэсэн ядан хүлээж байна” гэв.

Байлдагч Б.Цэрэнням “Би Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумынх. Ерөнхий боловсролын дунд сургуулиа төгсөөд л шууд цэргийн албанд ирсэн. Мэдээж цэргийн алба хаасандаа үнэхээр их баяртай байна. Яг одоо зарлангаа авсан дүү нартаа хэлэхэд “Та эр хүн болж төрсөн л бол хугацаат цэргийн албаа заавал хаагаарай” гэж хэлмээр байна. Цэргийн алба өөртөө итгэх итгэл, бусдад үлгэрлэх чадвар, бие бялдар, сэтгэл зүйн төлөвшлийг олгодог том сургууль юм байна. Сумандаа хүүгээ хүлээгээд сууж байгаа хайртай аав Батсуурь, ээж Алтанчимэг нартаа “Хүү нь  цэргийн албаа нэр төртэй хаагаад удахгүй очлоо. Та хоёртоо хязгааргүй хайртай шүү” хэмээн дамжууллаа. Тэр онцгой байдлын аврагч болох мөрөөдөлтэй гэнэ.

Байлдагч Э.Ууганбатын хувьд Баянхонгор аймгийнх бөгөөд МУИС-ийн ХЗИС-ийн эрх зүйн ангид суралцаж байгаад цэргийн жинхэнэ албанд ирсэн байна.Тэр мөн л бусад онжавынхаа адилаар цэргийн албаа үгийн сайхнаар магтаж, амьдралынхаа найзуудыг цэргийн хуарангаас олсон гэсэн.

Харин байлдагч Г.Билгүүнсүлд “Их засаг” их сургуульд барилгын инженер мэргэжлээр суралцаж байгаа, халагдаж очоод үргэлжлүүлэн суралцах аж. Хамгийн сонирхолтой нь тэдний анги 9 эрэгтэй оюутантай ба тэдний 8 нь 2019 оны хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн албыг хамтдаа хаацгаасан байна. Мэдээж Зэвсэгт хүчний өөр өөр нэгтгэл, ангид хуваарилагдсан гэнэ. “Халагдаж очсоны дараа манай ангиас тасаг гарчих байх шүү. Нэг ангиас ийм олуулаа цэргийн алба хаасан талаар сонсоогүй болохоор ангийнхаа хөвгүүдээр маш их бахархаж байна.

“Их засаг” их сургуулийн удирдлагууд эрэгтэй оюутнуудаа хугацаат цэргийн албаа хаагаарай гэж үргэлж уриалдаг нь бидэнд сайнаар нөлөөлдөг” гэсэн юм.

Ахлах дэслэгч Д.БОЛОРМАА

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.