Дуулж болдоггүй дуу, уйлж болдоггүй цаг

Өглөө.мн мэдээллийн сайтын ХҮСЛИЙН ХҮРД номын сан

Насан туршийн боловсролд зориулж уншууртай, хэрэгтэй шилмэл номноос тэмдэглэл хөтлөн танд хүргэж байна.

Анхны дугаараар Төрийн соёрхолт, Ардын багш Ш.Чоймаа Монгол ёс заншил, уламжлалт ухаанаа заан сургагч нарт тус дэм номноос онцлон тэмдэглэв.

Ш.Чоймаа. Монгол ёс, заншил уламжлалт ухаанаа заан сургагч нарт тус дэм, Улаанбаатар, 2015, 259-260 дугаар тал

Усыг нь уувал, ёсыг нь дагана гэсэн сайхан монгол үг бий. Энэ нь өөрийн үндэстний уламжлалт зан заншил, хэв ёсыг чанд баримтлахаар барахгүй харийн оронд явах, суухдаа мөн тэр орон, улс түмний хууль дүрэм, ёс заншлыг дагах нь зохистой гэсэн үг юм. Дуулж болдоггүй дуу, уйлж болдоггүй цаг гэдгийг задлан үзэж, монголчуудын зан заншлын уламжлалтай холбож ярьж болох юм. Дуу хуур гэдэг бол хүний сэтгэлийн баяр баясгаланг бөгөөд хэзээ, хэдийд ямар дууг яаж дуулах вэ гэдэг нь бас учир утгатай байдаг. Тэр бүгд нь тухайн дууны үгийн утга агуулга, гарал домгийн түүхэн онцлог, хөг ая, айзам хэмнэлийн намба төрх, нутаг усны уламжлалт найрын ёс дэг зэрэг олон зүйлээс шалтгаална. Найр жаргаах дууг эрт дуулж болохгүй гэх мэт. Ер нь дуу дуулж аялахтай холбоотой ёс цээрийг хэлбээс, хар өглөөгүүр дуу аялах, орондоо дуулах, исгэрэх, ганцаараа орон гаран гиншин дуулах зэргийг цээрлэдэг. Хүний сайн муу ааль араншиныг хэлж сургасан Тоть шувууны сургаал гэдэг ном буй. Тэрхүү сургаальд муу охиныг дөрвөн зүйлээр өгүүлсний нэг нь, Үйл хийхэд дургүй, үг хов хэлэхэд дуртай, үргэлжид гэрт гадна дуулагч, үл бүтэх муу охин гэж бичсэн байдаг. Уйлах гэдэг нь уй гашуу, уйдах, уйтгар, уйтгарлах гэх мэт үгсийн язгуур нэг бөгөөд 1717 онд барласан Хорин нэртийн тайлбар толь-д тайлбарласнаар нүдний нулимс унаган, дуун гаран гаслах-ыг нэрлэдэг байна. Баярын нулимс унагахыг энд хамаатуулахгүй ажээ. Уйлах гэдэг нь сэтгэлийн энэлэл, шаналалд автан өөрийн эрхгүй гаслан харамсах үед гарах боловч, сэтгэлийн тэнхээ тэвчээрээр хорьж барих ёстой цаг үе гэж бас байдаг. Түүнийг уйлж болдоггүй цаг буюу сэтгэлээ хатамжлах мөч гэж болно. Жишээ нь, талийгаачийн араас уйлж гашуудахыг цээрлэдэг бөгөөд нөгчигийн сүнс төрлөө олохоор төөрч, будилж явахад усан үеэр болон бууж, саад тотгор болдог гэж үздэг. Хөл хүнд бүсгүй уйлж, унжихыг цээрлэдэг. Нялхасын эрхтэнд усны хир буртаг шингэнэ гэж үздэгээс тэр юм. Бас цагаан сарын шинийн нэгэнд уйлж гашуудахыг цээрлэнэ. Учир нь хүн бүхэн цагаан сарын шинийн нэгэнд баяр хөөртэй байвал тэр жилдээ уй гашуутай учрахгүй жилийн турш баяр баясгалантай, сэтгэл амгалан байх болно гэж хичээнгүйлдэг ёстой. Өөрийн эрхгүй уй гашуу тохиож, уйлж гаслах үе байхаас гадна хор шар, уур омогоос болж уйлах нь бий. Тийм зан аашийг муугаар хэлж цээрлэдэг.Уйлан хэрэлдэх эхнэр, улин хуцах нохой муу ёс гэдэг үг үүнтэй холбоотой. Тэгэхээр баярлаж баясахад ч гуниж гутрахад ч хэмжээ хязгаар хэв ёс гэж байх бөгөөд тэр бүрт өөрийн сэтгэлийн хөөрцөгт үл автан тэвчээр хүлцлийг уяагаар аргамжих нь зохистой боловуу.

Тэмдэглэл хөтөлсөн: Ичинхорлоо

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.