М.Ичинноров: Хүүхдийн дуртай, сонирхолтой зүйлийг хэт хорих хааж боох нь тэдний сэтгэцийг гэмтээж байдаг

Ugluu.mn сайтын “ӨГЛӨӨНИЙ ЗОЧИН” ярилцлагын зочин Боловсрол судлалын доктор, Бага ангийн багш нарын хөгжил холбоо ТББ-ын үүсгэн байгуулагч М.Ичинноров оролцлоо.

Мижидийн Ичинноров нь хүүхдийн сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэх ухааны багш, хэл засалч /логопед/, Багшийг хөгжүүлэх онол аргазүйн, оюутны сурах арга барил, хүүхдийн сэтгэл зүйн хөгжил төлөвшил чиглэлээр судалгаа хийдэг.  “Гурван-Эрдэнэ” Багшийн дээд сургуулийн багш, Дээд боловсролын салбарт  жил 30-аад жил тасралтгүй ажиллаж байна. Сургуулийн бага насны хүүхдийн сэтгэлзүй болон төлөвшлийн онцлог, эцэг эхчүүд ямар арга барилаар тэдэнтэй хэрхэн ажиллах, харилцах ойлголцох болон гар утас, дэлгэцийг хүүхдийн хөгжилд хэрхэн ашиглах  мөн сурлагын хоцрогдол, суралцах чадварыг сайжруулах зэрэг олон асуудлаар бидний яриа өрнөлөө.

Хүүхдийг байгаагаар нь хүлээж авах нь хүүхдээ ойлгох үүд хаалга.

-Амралтын өдрийн мэнд хүргэе. Өнөөдрийг юу хийж өнгөрүүлсэн бэ?

Үдээс урагш гэр бүлийнхэнтэйгээ хөөрхөн ач охинтойгоо хамтдаа байлаа. Амралтын өдрөөр ер нь ажил ихтэй байдаг. Тогтмол хийдэг ажлаас өөр зүйл хийх нь нэг ёсны амралт. Бас тархи толгойгоо сэргээж ажлын бүтээмжээ дээшлүүлэх сайхан санаанууд төрдөг шүү.  

Сургуулийн бага насны хүүхдийн  нас, сэтгэлзүйн онцлог, тэдний бусад насныханаас ялгаатай талаас яриагаа эхлүүлье?

Сургуулийн бага насныхан 6-11 насны хүүхдүүд. Хүүхэд бүр насандаа ялгаатай байдаг ч эдгээр насны хүүхдүүд бусдаасаа их өвөрмөц. Тэднийг  байгаагаар нь хүлээж авах нь чухал хүүхдээ ойлгох үүд хаалга.

Юмсыг танин мэдэх, хийх бүтээхийн хүсэл сонирхолтой,  амьдралын баяр баясгалантай, илэн далангүй, сэргэлэн цовоо, өөрийнхөөрөө хүссэн бодсоноо шулуухан хэлчихдэг, итгэмтгий, өөдрөг, дотоод нөөц баялаг ихтэй өвөрмөц ертөнцтэй зан төлөв илрэл ихтэй. Эцэг эхчүүд багш нар дотоод нөөц чанарыг зөв илрүүлж, зөв хувиарлаж, зөв зохицуулахад анхаарч ажиллах үүрэгтэй. Бие бялдарын хөгжлийн хувьд  хөдөлгөөн ихтэй, үргэлж гүйж харайж байдаг хөдөлгөөний давтамж ихтэй, бие бялдрын хөгжлийн хурд эрчимтэй явагддаг үе. Энэ үед эцэг эхчүүд насны онцлогтой нь холбон ойлгож хөдөлгөөнийг нь хязгаарлахгүй байх нь чухал.

-Сургуулийн өмнөх боловсролоос сургуулийн орчинд шилжсэн 6-11 настангуудад сэтгэлзүйн ямар хямрал, зөрчил илэрдэг вэ?, хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

6 настангуудын хувьд сэтгэл хөдлөлийн суурь тавигддаг нас. Сэтгэл хөдлөл нь сэтгэцийн чухал үзэгдэл. Сэтгэл хөдлөл ихтэй, амархан юманд гомдог, баярладаг гэх сэтгэл хөдлөлийн байдал тогтмол илэрдэг. Сэтгэц оюуны хөгжлийн онцлог нь аливааг маш амархан хурдан хугацаанд сурдаг бас хурдан мартдаг. Тэднийг  наашаа хар, үүнийг сонс, бич гэх мэтээр шаардах харилцах нь албадах байдалд хүргэж хүүхдэд сэтгэлзүйн хямрал бий болох цаашид зөрчил үүсэхэд хүргэдэг. Энэ насны хүүхдүүдийг тоглоомын аргаар сургах, тоглоомын арга дээр суурилсан танин мэдэхүйг удирдах, суралцах чадварыг сайжруулах хэрэгтэй.  Хүүхдэд маш их хариуцлаг ирдэг. Сурагч боллоо, ном эрдэм сурах хэрэгтэй тэр бүгдийг ухамсарлаж үүрэг хүлээж эхэлдэг үе учраас сэтэлзүйн бэрхшээл үүсдэг. Нөхцөл байдал өөрчлөгдөөд ирэхээр хүүхдийн сэтгэл санаа өөрчлөгдөж зарим хүүхдэд хямралд өртдөг. Энэ үеийг эцэг эхчүүд ажиглаж дотны туслагч байж ярилцах шаардлагатай. Энэ үеийг туулахад нь туслах үүрэгтэй. Сургуулийн өмнөх насандаа хүн болох төлөвшлийн 60-80 хувийг олж авдаг гэж ярьдаг нь тэд бусадтай мэндлэх, бусдыг сонсох, хүндлэх, харилцах гээд хүмүүний гол үнэт зүйлсийг олж авдагийг хэлээд байгаа ба сургуульд орсоноор энэ төлөвшил үргэлжилнэ. Гэвч бид эрдэм номд сургахыг чухалчилж хүн болох төлөвшилд  төдийлөн анхаарахгүй байгаад байдаг.

-6-11 настай хүүхдүүдийн суралцах чадварыг хэрхэн сайжруулах вэ?

6-11 насны сурагчид урьд өмнө олж авсан туршлагадаа тулгуурлан юмс үзэгдлийн тухай мэдээллийг хүлээн авч ойлгох, ярих, тайлбарлах, ярилцах зэрэг үйлийг хийхийн зэрэгцээ төрөлх хэл, бичиг, соёлыг эзэмших үүдээ нээдэг үе. Эцэг эхчүүд оюун ухааныг хөгжүүлэх, хурдан уншуулж сургах тухайлбал минутанд 20,30 дээш уншаасай, сайхан бичээсэй гэх зэргээр их хүсдэг. Гэвч эхлээд мэдрэх төсөөлөх ойлгох чадвар, ярих зэрэг бодит чадварыг хөгжүүлэх нь чухал. Их үг унших биш юу уншсаныг нь асууж ярилцах л илүү хэрэгтэй Сэтгэхүйг бодит, хийсвэр гэж ангилдаг. Сургуулийн бага насныханд бодит сэтгэхүй хөгждөг учраас бодит дүрс, зураг  гэх зүйл ашиглах, олон дахин давтах байдлаар  суралцах онцлогтой, мэдрэхүйд нь тулгуурлах үзүүлж харуулах, үйлдэж үзүүлэхэд амархан сурна. Хүүхдийнхээ хөгжилтэй хөдөлгөөнтэй байдаг чанарт тохируулахыг хичээгээрэй гэж хэлмээр байна.

-Хүүхдийг хэрхэн гар утас, дэлгэцний хамаарлаас гаргаж, урьдчилан сэргийлэх вэ?

Энэ цаг үе технологийн зуун. Хүүхдүүд маань дижитал ертөнцийн хүүхдүүд. Эцэг эхчүүд би яаж хүүхдээ гар утаснаас гаргах вэ? гэсэн санаа зовсон байдлаар ханддаг. Аливаа зүйл сайн муу талтай ч харин гар утас зэргийг хэт хорих шаардлагагүй. Харин хүүхдийн сэтгэхүйг хөгжүүлэх  танин мэдүүлэх хүүхдүүдийн нас сэтгэхүйд зориулсан программ, арр- ийг суулгаж тодорхой цагаар ажиллуулдаг байх нь зөв болов уу. Хүүхдийн дуртай, сонирхолтой зүйлийг хорих нь  сэтгэцийг гэмтээж байдаг. Иймээс хэт хорихоосоо илүү ашигтай байдлаар зөв хэрэглүүлж  сургамаар байна.

– Сургуулийн бага насны хүүхдийн хоцрогдолын шалтгаан юу вэ? Хэрхэн урьдчилан бэлдэх вэ?

Хүүхэдтэй ажиллах арга, оновчгүй тохирохгүй байгаагаас нөгөө талаас хүүхдийн  сурах чадвартай холбоотойгоор хоцрогдол үүсдэг. Зарим хүүхэд амархан сурдагч амархан мартдаг бас хурдан сурч тогтоодог ч  удаан мартдаг байхад зарим нь эсрэгээрээ удаан сурдаг, удаан тогтоодог түүнийгээ хурдан мартдаг эсвэл удаан мартдаг гээд янз бүрийн онцлогтой. Энэ байдал хоцрогдоход нөлөөлдөг тул онцлогт нь тохируулж олон дахин давтамжтайгаар сэргээх сануулах, яриулах байдлаар ажиллуулахад хоцрогдлоос сэргийлж чадна. Мөн хэтэрхий их ачаалалаас болж залхах сонирхолгүй болох нь бас нэг гол шалтгаан. Ганц хэл яриагаар биш мэдрэхүйг хөгжүүлэх бүхий л талаас хөгжүүлж суралцах чадварыг дээшлүүлэхэд анхаарна. Баруун тархийг хөгжүүлэх баруун тархи нь дүр дүрслэл төсөөллийн тархи харин зүүн тархиныхаа хөгжлийг дагуулдаг. Иймээс баруун тархийг хөгжүүлэх хөгжим сонсгох, зураг зуруулах, мэдрэмж сэтгэл хөдлөл сонирхолд тулгуурлавал сурах сонирхол сайжирна. Мөн хүүхдийн сурах сонирхол сэдлийг сайн төрүүлж өгөх тоглоомын аргыг хэрэглэх, хөгжилтэй байдлаар сургалтыг явуулах, даалгавар хийхэд нь дэмжих тайван байх туслах л чухал.

-Бага ангийн багш нарын хөгжил холбооны ажлаас танилцуулаач?

2013 онд үүсгэн байгуулсан. Багш нарын хөгжилд дэмжлэг үзүүлэх, багшийн ур чадварыг сайжруулах, эцэг эхчүүдийн сурган хүмүүжүүлэх боловсролыг дээшлүүлэх зорилгоор өөрийн PAGE хуудсаараа дамжуулан ажилладаг. Мөн хүүхдийн сэтгэл судлал, хэл заслын талаар сургалтын  хөтөлбөр хэрэгжүүлж байна. Саяханаас ӨМӨЗО-ны  багш нарт гэр бүлийн сэтгэл судлал, хүүхдийн сэтгэл судлалаар лекц уншиж цахим сургалтууд явуулж байна.

Санал болгох мэдээ

Г.Цолмон: Иргэдийн шилжилт хөдөлгөөний бүртгэлийг дөрөвдүгээр сарын 29-ний өдрөөс зогсооно

Улсын их хурлын 2024 ээлжит сонгууль болох гэж байгаатай холбогдуулан сонгуульд санал өгөх иргэд оршин …