Л.Мөнхбаясгалан: Бид Аннаг биш Анна биднийг “шүүв”

“Анна Каренина” романыг Монголд хамгийн анх ахмад орчуулагчдын нэг Ш.Очирбат монгол хэлнээ тун яруу сайхан хөрвүүлсэн нь үгийн урлагийн хорхойтнуудад дэлхийн сонгодог романыг эх хэл дээрээ унших боломжийг бий болгосон билээ.

“Анна Каренина” роман бол дэлхий дахинаа эмэгтэй хүн бүрийн заавал унших ёстой сонгодог бүтээлд тооцогддог билээ. Эмэгтэй хүний эмзэг нандин чанар, хайр сэтгэлийн төлөөх тэмцэл болоод гэр бүл, хосуудын харилцаа, амьдралын тухай өгүүлэх энэхүү гайхамшигтай романыг Монголд анх удаа Улсын драмын эрдмийн театрын хамт олон тайзны бүтээл болгож энэ сарын 3-ны өдөр амжилттай нээлтээ хийлээ.

Тус романыг жүжгийн зохиол болгон Норовын Пүрэвдагва бичсэн бол, Найруулагчаар нь Төрийн соёрхолт Н.Наранбаатар, зураачаар соёлын тэргүүний ажилтан Т.Ганхуяг, хөгжмийн зохиолчоор соёлын тэргүүний ажилтан Ш.Өлзийбаяр нар ажиллажээ.

Тэгвэл “Анна Каренина” жүжгийг үзсэн олны танил эрхмүүд цахим хуудаснаа сэтгэгдлээ хуваалцаж байна.

Тэдний нэг болох сэтгүүлч Л.Мөнхбаясгалан жүжиг үзсэн сэтгэгдлээ цахим хуудаснаа “ Бид Аннаг биш Анна биднийг “ шүүв ”

Л.Толстойн Анна Каренинаг хэддүгээр ангидаа анхлан уншсанаа мартаж. Амьдралынхаа туршид гэж ярьвал нэлээд хэд уншжээ. Өнгөрсөн өвөл найруулагч Н.Наранбаатар Анна Каренинаг театрын тайзанд тавих гэж байгаа сургаар дахин уншлаа, нэлээд хэдэн хувилбарыг нь олж ( кино )үзэв. За тэгээд жүжиг нээгдэх 3 р сарыг битүүхэн хүлээлээ. Золигийн корона гарч театр хаалттай. Үзэж харах юмгүй…. Бараг жил хүлээлгэсэн Анна Каренина өнгөрсөн бямба гаригт нээлтээ хийлээ. Анна надад анхнаасаа л таалагддаггүй эмэгтэй.

Н.Наранбаатар найруулагч надад “ Миний найз одоо нэг дахиад уншаарай. Нас насны мөчлөгөөс өөр өөрөөр дүгнэгддэг юм даа Анна” гэсэн хувийн “даалгавар” өгсөн тул би дахин хоёр уншлаа. Нөгөө л муу хөгийн Анна хэвээрээ. Арчаагүй, дорой, хувь заяаны эргүүлэгтээ живчихсэн… эцэст нь амиа хорлодог. Бараг үхсэн нь дээр ч юм шиг. Сэтгэл зүрхээ дагах юм бол ухаан байгаад яах юм бэ. Сэтгэл гэдэг жолоогүй таваргадаг эд. Энэ жолоо цулбуургүй “юм”нд захирагдвал амьдрал утгаа алдах. Би ийм л бодолтой эмэгтэй. Одоо яая гэхэв. Арай ч Доли биш , гэхдээ л … Харин Драмын театрт тавигдсан, Парагийн найруулсан Аннад үйлийн үрийн улбаа орж иржээ.

Ер нь ч Парагийн найруулгад нэг тийм үйлийн үр шогшоод л байдаг даа, Гамлетад хүртэл үйлийн үр шингээсэн найруулагч шүү дээ. Зохиол ч эвгүй эхэлдэг яг тэр галт тэрэгний дуут дохиог байн байн сэтгэлд нь сэрхийлгэх нь мөнөөхөн хувь тавилангийн үйлийн үр ч юм уу. Анхлан Вронский тэр хоёр тэр л дуут дохион дунд танилцсан эцэстээ тэр л дуут дохиогоор төгсгөл болдог… Тайз ер бусын болжээ. Бүжгийн найруулга мөн адил. Харин энэ жүжгээс та бид өөрсдийгөө толинд туссан юм шиг харж болно.

Дөнгөж 18 хүрсэн хүү маань “ энэ тайзан дээрх хүмүүс яг хов жив шиг” гэж шивнэсэн нь чин үнэн байв. Тайзан дээрх зрийтлээр, бүжгээр, дуу авиагаар “эцэс төгсгөл үгүй, энэрэл хайр үгүй хов жив”-ийг харуулж чадсан байна. Бид нэгнээ шүүх дуртай. Хов живэнд дуртай. Тэр хогийн зангаараа хүний амьдралд цэг хатгаж чаддаг. Бараг 10 жил эргүүлж сөхөөгүй байсан Анна Каренина жүжиг болон амилахдаа надад яг ийм л бодол тээж ирэв. Аннаг шүүх нь, дүгнэх нь илүүц юм байна. Тэртээ 1878 онд анх хэвлэгдсэн Л.Толстойн энэ суут бүтээл харин ч эсрэгээрээ бидний амьдралын хэв маягийг шүүж, шүүмжилж байна. Бид Аннаг биш харин тэр биднийг шүүж байна.

Дахиад л цоо шинээр уншигдах Анна Каренина. Эсвэл Төрийн соёрхолт Н.Наранбаатар ийм болгоод тавьчихав уу. Газар газрын, өнгө өнгийн Аннануудыг бид өөрсдийнхөө “тэнэг” хээнцэрлэлээр шүүх гэж оролдсоор. Ер нь хүн төрөлхтөн оршиж л байгаа бол энэ мэтийн оролдлого тасаршгүй . Галзуу юм шиг энэ л амьдралаа ганц удаа ч болтугай театрын тайзнаас олж харсан бол оюун ухаандаа оруулсан гэрэл гэгээ болох нь. Магадгүй энэ нь найруулагчийн нийгэмдээ хэлж буй үг юм болов уу. Драмын эрдмийн театрын “хашхираан” юм болов уу… Бид Аннаг биш Анна та биднийг шүүж байна. Ийм цаг ирдэг ажээ.”хэмээн бичжээ.

Санал болгох мэдээ

Өсвөр насны охидын үр хөндөлт 6.4 хувиар өсжээ

ДЭМБ-ын зөвлөснөөр өсвөр насыг 10-19 гэж үздэг. Тэгвэл манай улсад өсвөр насныхны, тэр дундаа охидын …