Уран барималч А.Очирболд Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өчигдөр  олон гайхалтай хүмүүс хөдөлмөрөө үнэлүүлж гавьяа шагнал авсан билээ.Тэдний нэг болох  уран барималч А.Очирболд Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цол  хүртэж, энгэрээ мялаажээ.Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шагнал гардуулсныхаа дараа хэлсэн үгэндээ уран барималч А.Очирболдыг онцолж магтсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга  “ Монгол Улсын гавьяат цолоор шагнагдсан эрхмүүд дундаас би нэгэн уран бүтээлчийг онцлон дурдмаар байна. Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор шагнагдсан Аюурзанын ОЧИРБОЛД. Уран барималч Очирболд бол дэлхийн урлагийн ертөнцөд танигдсан бүтээлч. Олон улсын “Норд Арт-2019” үзэсгэлэнгийн тэргүүн дээд шагналыг хүртэж, монголынхоо нэрийг алдаршуулж явсан эрхэм юм. Очирболдын олон бүтээл дэлхийн хотуудад сүндэрлэж байгаагийн нэг нь Москва хотод байгаа “Ялалтад тэмүүлсэн Монгол морьд” хөшөө юм. Мөн Нью-Йорк хотноо Нэгдсэн үндэстний байгууллагын төв байрны урд талбайд Очирболдын “Ухамсар” баримал зогсож байгаа. Цаашид олон сайн бүтээл туурвиж монгол биднийгээ баясгаарай гэж хүсье” гэлээ.

Уран барималч А.Очирболд нь 2015-2019 оны хооронд тасралтгүй таван жил нэр хүндтэй НордАрт олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэнд шалгаран оролцож байгаа юм. Түүний 2015 онд НордАрт симпозиумын хүрээнд бүтээсэн “Дэлхийд хүн жин нэмээгүй” бүтээл нь “Үзэгчдийн нэрэмжит шагнал” хүртэж, Европ дахь уран бүтээлийн гараагаа амжилттай эхэлсэн түүхтэй.

Мөн тэрээр 21x17x3,2 метр хэмжээ бүхий “Дэгрээ” нэртэй нээлттэй орчинд тавигдсан төмөр баримлын инстоляц бүтээлээрээ тус үзэсгэлэнгийн дээд шагнал болох “НордАрт 2019 шагнал”-ын эзнээр тодорч Монгол уран бүтээлчдийн чадавхийг олон улсад өндөрөөр үнэлүүлж чадсан юм. А.Очирболд нь 2021 оны НордАртад урилгаар оролцоно.

Түүний Аугаа Эх орны дайны Ялалтын 70 жилийн ойг тохиолдуулан бүтээсэн Монголын ард түмний бэлгийн “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөө Москва хотын Ялалтын цэцэрлэгт хүрээлэнд, НордАрт 2015 онд олон улсад анх удаа толилуулсан “Ухамсар” бүтээлийн томруулсан хэмжээ 3,2м ган баримлын хувилбараар Монгол Улс НҮБ-ын гишүүн улс болсны 56 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Засгийн газраас НҮБ-ын баримлын цэцэрлэгт хурээлэнд 2017 онд тус тус сүндэрлүүлсэн.

Г.Нараа

Санал болгох мэдээ

“Орлон тоглогч” ОАК-ны уран бүтээлчид үзэгчдэдээ зориулсан тусгай үзвэр зохион байгуулав

“17” продакшн Voo-тэй хамтран “Орлон тоглогч” олон ангит кино бүтээн, үзэгчдэд хүргэж буй. 16 ангит …