УИХ-ын сонгуулиар иргэдэд гологдсон улстөрчдийн дарга болгох талбар орон нутгийн сонгууль биш

Улстөрийг спорттой, тэр дундаа бөхийн спорттой харьцуулж хэлж болмоор санагдах. УИХ-ын сонгуульд “өвдөг шороодсон” бөхчүүд орон нутгийн сонгуульд оролцохоор зүтгэх нь аанай л хөгширч, хүч чадалгүй болсон улсын цолтон бөх аймаг, сумын наадмуудад очиж зодоглож бай шагналыг нь түүгээд байдгийг санагдуулам.Давж л байвал сумын наадам ч байсан яахав гэсэн бодолтой харьж яваа улсын цолтой бөх шиг, ДАРГА Л БОЛЖ БАЙВАЛ ХААНА Ч ДЭВШСЭН ЯАХАВ гэсэн бодолтой улстөрчид олон болжээ. Хэрэв тэд нийслэл, дүүргийн сонгуульд оролцоод иргэдийн итгэлийг хүлээж чадалгүй дахин өвдөг шороодвол дараагийн удаа СӨХ-ИЙН ДАРГЫН СОНГУУЛЬ үлдэж байна. Мөн УИХ-ын сонгуульд ороод ялагдсан зарим нэр дэвшигчдийг нам нь түүнд өртэй мэтээр аль нэг газар дарга болгож байгаа нь угтаа буруу жишиг. Улс төрийн сонгуульд ороод ялагдана гэдэг нэгэнт иргэд, олон нийтийн дэмжлэгийг хүлээж чадахгүй болсон гэсэн үг тухайн нэр дэвшигчид энэ тавилантайгаа эвлэрэх хэрэгтэй.Хөгжингүй улс орнуудад ийм нөхцөлд ихэнхдээ иргэддээ гологдсон улстөрчид “тэтгэвэртээ гарч” эрдэм шинжилгээний ажил эрхлэх, их дээд сургуульд багшлах, бусдад зөвлөх чиглэлээр ажилладаг бол манайд яаж ийгээд дарга болохоор зүтгэдэг буруу зуршил тогтсон. УИХ-ын сонгуульд өрсөлдөөд гишүүн болж чадаагүй ч, иргэдэд танигдсан учраас орон нутгийн сонгуульд оролцвол төлөөлөгч болж сонгогдох магадлалтай гэж бодож, нэр төр алдар хүндээ үл тоон “ямар нэг дарга болох хүсэлтэй” зарим “нөхдүүдэд” иргэд сонгогчид та бид орон нутгийн сонгуулиар “ҮГҮЙ” гэж хариулах хэрэгтэй.Орон нутгийн сонгууль УИХ-ын сонгуульд өрсөлдөөд өвдөг шороодогсдын, иргэдэд гологдсон улс төрчдийн эрх мэдэлд хүрэх гэсэн талбар биш гэдгийг харьсан бөхчүүд шиг улстөрчидөд мэдрүүлэх цаг болжээ.

Санал болгох мэдээ

Эмийн үйлдвэрийн газрыг дуудлага худалдаанд оруулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах, хуучнаар …