“Улаанбаатар Фестиваль оркестр-2020” сонгодог урлагийн тоглолт боллоо

“Festival Orchestra” /баярын найрал хөгжим/ дэлхийн олон улс орнуудад бий болсон байдаг ба олон орноос цугларсан шилдэг хөгжимчдөөс бүрэлдэн, хоорондоо туршлага солилцох, сонгодог хөгжмийн хөгжлийг хил хязгааргүй тэлэх, бүх нийтэд сонгодог урлагийн боловсрол олгох зэрэг зорилгын дор жил бүр тогтмол зохион байгуулагддаг. Тэгвэл олон улсын адилаар Монгол Улс дахь анхны баярын найрал хөгжим болох “UB Festival Orchestra” үүсгэн байгуулагдаж анхны тоглолтоо энэ сарын 27-ны өдөр “Хүн” театр-т тоглолоо.

“Улаанбаатар Фестиваль оркестр” нь НЗДТГ, НСУГ-ын дэмжлэгтэйгээр сонгодог урлагийн мэргэжлийн хөгжимчид сайн дурын үндсэн дээр өөрсдийн хүсэл эрмэлзлээр хамтран нэгдэж буй фестиваль найрал хөгжим бөгөөд БНХАУ-ын Кумин хотын олон улсын филармоны гоцлол хөгжимчин Т.Хуягийн санаачилгаар БНХАУ-ын ӨМӨЗО-ны Урлагийн Их Сургуулийн багш удирдаач Б.Лхагвасүрэн, УДБЭТ-ын гоцлол хөгжимчин, Концертмейстр МУУГЗ Д.Азбилэг нараар ахлуулан Монгол Улсын Консерватори болон олон улсын симфони оркестрт ажиллаж буй хөгжимчид, гадаадын Их дээд сургуулиудад суралцаж байгаа оюутан залуучуудаас бүрдсэн 60 хүний бүрэлдэхүүнтэй оркестр юм.

“Улаанбаатар фестиваль оркестр”-ын анхны тоглолтыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга ноён Ц.Уртнасан нээн мэндчилгээ дэвшүүлэн оролцсон бол, Соёлын яамны Урлаг уран бүтээлийн газрын дарга Б.Сэргэлэн, ЗГХА, Соёл, урлагийн газрын дарга Ц.Нацагдолгор, АНУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Майкл С.Клечески болон судлаачид, сонгодог урлагийн үнэнч үзэгчид, сонирхогчид хүрэлцэн ирж сонирхлоо.

Тус тоглолтын хамгийн анхны уран бүтээлээр хөгжмийн зохиолчдын холбооны гишүүн, хөгжмийн зохиолч Г.Түвшинтөрийн  Нийслэл хотдоо зориулсан цоо шинэхэн хөгжмийн бүтээл болох “Нийслэл” удиртгал хөгжим байлаа. Уг хөгжмийн бүтээл нь Нийслэлийн өнгө аясыг харуулсан 4 хэсгээс бүрддэг нэгдүгээр хэсэг нь их хотын өглөөг дүрслэн харуулсан ажилдаа яарсан иргэдийн аж байдлыг хөгжимдөө тусган харуулсан бол хоёр дугаар хэсэг нь хотын залуусын хэмнэл болох хип хоп хэмнэлийг оруулан дүрслэн харуулдаг гурав дугаар хэсэг нь хүрээ дууны элементээс орж ирдэг нь түүх харуулсан хэсэг байдаг дөрөв дүгээр хэсэг нь их бүтээн байгуулалтыг харуулахыг зорьсон симфонид зориулсан удиртгал хөгжим зохиогдсон нь нийслэл болон нийслэлийн ард иргэдэд барьж буй том оюуны бэлэг юм гэж хөгжмийн зохиолч Г.Түвшинтөр ярилцлагынхаа үеэр дурдсан нь маргаангүй үнэн бизээ.

Тоглолтын хоёрдугаарт эгшиглэсэн бүтээл бол хөгжмийн зохиолч Цэн Эрдэнэбатын ятга хөгжимд зориулсан хөгжмийн бүтээл болох ятгын II концерт байлаа. Уг хөгжмийн бүтээлийг “Арга билэг” хамтлагийн ятгач МУСТА О.Мөнхтогтох гоцлон тоглосон энэхүү концерт нь хөгжимчдийн ур чадвар ихээхэн шаардсан томоохон хэмжээний концертыг маш чадварлагаар тоглож үзэгч түмнийг бахдам сайхан сэтгэгдэл үлдээж чадсан билээ. Тэрбээр хөгжмийн зохиолчийн дотоод сэтгэлгээг илэрхийлж ямар нэгэн утга санаанд баригдах биш уг хөгжмийг сонсоод сонсогч бүхэн аялгуунаас юуг мэдрэх нь өөрт үлдээж байгаа бүтээл юм. Хөгжмийн үндсэн аялгуунд говийн сайхан сэтгэлт ард түмэнг харуулсан дуу зохиосон байдаг тэр дууны аяны хэлбэр бас явдаг нь уг бүтээлийг говийн иргэдийн аж амьдралыг харуулсан ч байх боломжтой гэж Хөгжмийн зохиолч Цэн Эрдэнэбат дурдсан.

Тоглолтын удаах хэсэг болох хүрэлцэн ирсэн үзэгч бүхнийг гайхшруулсан бүтээл бол Хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын нэг ангит “Морин хуурын III концерт” байлаа. Хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр нь Олон улсын хөгжмийн наадмаас 5 удаагийн шагнал хүртсэн Монгол улсын ирээдүй болсон авьяаслаг хөгжмийн зохиолч юм тухайлбал Чингисийн хүүхдүүд уран Сайханы киноны хөгжмөөр олон улсын кино наадмын шилдэг киноны хөгжим шагнал хүртсэн. Энэхүү  бүтээлийг Домог хамтлагийн морин хуурч МУСТА Д.Шинэцог-Гени тоглон үзэгч түмнийг 15 минут ховстсон мэт уярааж чадсан гайхалтай бүтээлийг тоглосон. Морин хуурын III концерт нь 2016 онд зохиогдсон уг бүтээлдээ дархад ардын дууны аянаас шигтгэж өгсөн нь бас нэг онцлогтой санагдаж байлаа. Энэхүү бүтээл эгшиглэснээр тоглолтын нэгдүгээр хэсэг  дууссан.

Тоглолтын хоёр дугаар хэсэгт УДБЭТ-ын гоцлол хөгжимчин Д.Анхбаяр үзэгчид дунд зогсон Тромбони хөгжмийн бүтээл болох Enrique Crespo Solo Trombone концертыг тоглож сонирхуулсан.Уг хөгжмийн бүтээл нь “Solo Trombone” хөгжимчний ур чадвар шаардсан том хөгжмийн  бүтээл юм.

Түүнчлэн хөгжимчин Т.Хуяг В.А.Моцартын Валтрон хөгжимд зориулсан II концертыг тоглон хүрэлцэн ирсэн үзэгчдэд Валтрон хөгжмийн гайхамшгийг мэдрүүлэн авьяаслаг хөгжимчин гэдгээ харуулан мэргэжлийн өндөр түвшинд тоглон үзүүлсэн. Мөн залуу уран бүтээлчид болох УДБЭТ-ын хөгжимчин Б.Шинэхүү, УФ-ны хөгжимчин З.Орчлон нар Монгол Улсад урд өмнө тоглогдож байгаагүй Handel Halvorsen,s Sarabande хийл хөгжмийн Дуэт-ийг уянгалуулан тоглож  мэргэжлийн урлагийн авьяаслаг уран бүтээлчид гэдгээ таниулан харуулсан. Энэхүү сонгодог тоглолтын хаалтын ноймор болох Р.Вагнер- Риенци удиртгал хөгжмийг “Улаанбаатар фестиваль оркестр” уран бүтээлчид Удирдаач БНХАУ-ын ӨМӨЗО-ны Урлагийн Их Сургуулийн багш Б.Лхагвасүрэн удирдан хаалт хийсэн ч үзэгчид тасралтгүй алга ташин дахин уригдан гарч ирэн Вильгельм телл /Ж.Россини/ Удиртгал хөгжмийг “Улаанбаатар фестиваль оркестр” дахин тоглосноор хүрэлцэн ирсэн зочид, үзэгчид талархан суудлаасаа босон алга ташин үнэхээр сайхан тоглолт үзэж сэтгэлээ баясгалаа хэмээн ирсэн зочид ярилцан байх нь сонсогдож байлаа.

Цаашид жил бүр “Улаанбаатар фестиваль оркестр”-ын тоглолтыг зохион байгуулж байхыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Уртнасан хэлсэн үгэндээ илэрхийлсэн нь уригдсан зочид болон үзэгчдийн талархлыг хүлээж байлаа.

Санал болгох мэдээ

“Орлон тоглогч” ОАК-ны уран бүтээлчид үзэгчдэдээ зориулсан тусгай үзвэр зохион байгуулав

“17” продакшн Voo-тэй хамтран “Орлон тоглогч” олон ангит кино бүтээн, үзэгчдэд хүргэж буй. 16 ангит …