Сонсогчид цэргийн тангараг өргөлөө

Дотоод хэргийн их сургуулийн 2020-2021 оны хичээлийн жилд шинээр элссэн 450  гаруй суралцагчийн  цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагаа Баянзүрх дүүргийн XX хорооны нутаг дэвсгэр Гүнжийн хоолойд байрлах Их сургуулийн хээрийн дадлага, сургалтын цогцолборт есдүгээр сарын 25-ны өдөр боллоо.
Ёслолын ажиллагаанд Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, тус яамны харьяа байгууллага агентлагуудын удирдлагууд, ДХИС-ийн захирал, доктор (Ph.D), профессор, цагдаагийн хурандаа П.Батбаатар болон  Их сургуулийн захирлын зөвлөлийн гишүүд,  бие бүрэлдэхүүн, суралцагчдын ар гэрийнхэн оролцов.
Арга хэмжээний хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Ная гаруй жилийн буурал түүхтэй Дотоод хэргийн их сургууль эх орондоо олон мянган алба хаагчдыг бэлтгэн өгч, тэд өнөөдөр Монгол Улсын өнцөг булан бүрт хууль сахиулах, аюулгүй байдлыг хангах албанд нэр төртэй хөдөлмөрлөж байна. Ахмад, дунд үеийн залгамж халаа болохоор, төрийн тусгай албанд хүчин зүтгэхээр эр цэргийн тангаргаа өргөж буй эрхэм сонсогч та бүхнийг харахад бахархалтай байна. Өргөсөн тангаргаа үргэлж давтаж, эх нутаг, аав, ээж, ард түмнийхээ итгэл сэтгэлийг санаж, нойронд сэргэг, номонд мэргэн байж, профессор багш нарынхаа заасан эрдэмд шамдан суралцаж, их эрдмийн оргил өөд үргэлж тэмүүлж байхыг үүрэг болгож байна” гэлээ.

Энэ үеэр суралцагчид урлагийн болон зэвсэгтэй, зэвсэггүй, дарцагтай жагсаалын болон гардан тулааны үзүүлэх тоглолтуудыг тус тус сонирхуулсан юм.  
Суралцагчид Их сургуулийн хээрийн дадлага, сургалтын төвд 21 хоног байрлаж, цэргийн хэргийн анхан шатны мэдлэгт суралцахаас гадна сэтгэл зүйн хувьд төлөвших, төрийн тусгай албанд үүрэг гүйцэтгэх, хариуцлага хүлээх чадвар эзэмшсэнд эцэг эхчүүд баяртай байлаа.  
Мөн суралцагчид сургалтын хугацаанд цэргийн анхан шатны мэдлэг олгох, цэргийн дүрмийн хичээл, галт зэвсгийн хичээлүүдийг тус тус судалсан байна.
Тэд ийнхүү цэргийн анхан шатны бэлтгэл сургалтад амжилттай суралцаж, цэргийн тангараг өргөснөөр Дотоод хэргийн их сургуулийн үндсэн сонсогч болж, суралцах эрх нь нээгдэж, цагдаа, хил хамгаалах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, онцгой байдал, шүүхийн шинжилгээний байгууллагын ирээдүйн хүний нөөц болон бэлтгэгдэнэ.

Монгол Улсын Дотоод хэргийн их сургууль нь 1934 онд байгуулагдсан бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа Монгол Улсын ууган Их сургуулиудын нэг юм.
Тус Их сургууль нь Монгол улсын үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын хүний нөөцийг бэлтгэх үүрэгтэйгээр Удирдлагын академи, Ахисан шатны боловсролын сургууль, Цагдаагийн сургууль, Хилийн албаны сургууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургууль, Онцгой байдлын сургууль, Эрх зүй, Нийгмийн ухааны сургууль, Шинжлэн магадлахуйн  институт, Гадаад хэлний институт, Ахлагчийн сургууль, Ахлах лицей сургууль гэсэн бүрэлдэхүүн 11 сургуультайгаар, мэргэжлийн боловсрол, бакалавр, магистр, докторын түвшинд нийт 30 орчим чиглэлээр сургалтын үйл ажиллагаа явуулж байна.


Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.