Найруулагч Г.Эрдэнэбилэгийн “Хийморь” уран сайхны кино “THE OURAY” олон улсын кино наадмаас үзэгчдийн нэрэмжит шагнал хүртлээ

Төрийн соёрхолт яруу найрагч Ч.Лхамсүрэнгийн алдарт “Хүрэн морь” найраглалаас сэдэвлэн бүтээсэн найруулагч Г.Эрдэнэбилэгийн бүтээл “Хийморь” уран сайхны кино Америк Улсад зохион байгуулагддаг “THE OURAY INTERNATIONAL FILM FESTIVAL” -ийн OFFICIAL SELECTION –оор шалгарсан тухай есдүгээр сарын 16-ны өдөр бид мэдээлсэн билээ. Тэгвэл өнөөдөр “Хийморь” уран сайхны кино “THE OURAY INTERNATIONAL FILM FESTIVAL”-ийн “Excellence in International Filmmaking medallion”, үзэгчдийн нэрэмжит буюу “Audience Favorite Award ” шагналыг тус тус хүртлээ.

Монгол морины эх нутаг руугаа тэмүүлэх их тэвчээр хүчийг өгүүлсэн кинонд Монгол,ОХУ, БНХАУ, АНУ, Казахстан, Украин, Киргиз, Малайз зэрэг найман орны уран бүтээлчид хамтран ажилласан.

Киноны гол дүрд 10 настай хүү Э.Ариунболд, МУАЖ П.Цэрэндагва, Д.Мэндбаяр, дүрүүдэд МУСТА Ц.Цэрэнболд, Н.Ялалт, Э.Тодгэрэл, Г.Эрдэнэбилэг, OXУ-н гавьяат жүжигчин Василий Мищенко,Казахстан улсын ардын жүжигчин Айдос Бектемир,Казахстан улсын гавьяат жүжигчин Нурлан Алимжанов,нарын жүжигчид тоглосон юм.

Ташрамд дурдахад 2019 онд нээлтээ хийсэн найруулагч Г.Эрдэнэбилэгийн бүтээл “Хийморь” уран сайхны кино ХБНГУ-ын Олденбургийн кино наадмаас “Кино урлагийн амин сүнс”, АНУ-ын Сан Диегогийн кино наадмаас “Шилдгийн шилдэг” бүтээл, Энэтхэгийн Гоагийн кино наадмын “Шилдэг бүтээл”, Улаанбаатар олон улсын кино наадмын “Шилдэг кино зохиол” шагналуудыг тус тус хүртсэн билээ.

“Хийморь”уран сайхны кинонд оролцон тоглосон нийт уран бүтээлчдээ сайтынхаа уншигчдын өмнөөс урлагийн өндөр амжилт хүсье. Та бүхнийг урлагийн тэнгэр Янжинлхам бурхан үргэлж ивээх болтугай.

Г.Нараа

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.