“Чингис хаан ба түүний өв” сэдэвт симпозиум боллоо

Туркийн ШУА, Монгол Улсаас БНТУ-д суугаа ЭСЯ хамтран Туркийн Аланья хотын Алааддин Кейкубат Их Сургуулийг түшиглэн “Чингис хаан ба түүний өв” сэдэвт симпозиумыг 9 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгуулав.

Симпозиумд Туркийн 12 их сургууль, музейн судлаач, эрдэмтэд оролцож, Османы цуглуулганд буй Ил хаадын зурагт ном, Топкапы ордны номын санд буй  Ил хааны үеийн уран бичмэлүүд, монголчуудын Анатолид үлдээсэн уран барилгын нөлөө, Чингис хааны үеийн монголчуудын гоо зүйн ойлголт, Алунгоо эхийн домог, Чингис хааныг Турк болон Түрэг угсаатай орнуудад хэрхэн үздэг, Истанбулын архивт хадгалагдаж байгаа 13 дугаар зууны монгол хэлнээс гаралтай үгс, дурсгал, Туркийн музей, архивуудад хадгалагдаж буй Чингис хаан, түүний залгамжлагчидтай холбоотой түүхэн дурсгал зэрэг Туркэд байгаа Монголын түүх, соёлын өвийн холбогдолтой 20 гаруй илтгэл хэлэлцүүлжээ.

Илтгэлүүд нь Туркийн архив, номын сангуудад буй олон нийтэд өмнө төдийлөн мэдэгдээгүй Монголын түүх, соёлын өвийг хөндсөн нь олон нийтийн сонирхлыг үлэмж татаж, судалгааны эргэлтэд оруулж буйгаараа чухал ач холбогдолтой боллоо. Элчин сайд Р.Болд Туркэд байгаа Монголын түүх, соёлын өвийн талаар судалгааны бүтээл хамтран гаргах саналыг дэвшүүлж, Туркийн ШУА-ийн Ерөнхийлөгч Проф. Мухаффер Шекер тус симпозиумын илтгэлүүдийг эмхтгэсэн бүтээл гаргах болон Чингис судлал чиглэлд цаашид ч хамтран ажиллана гэдгээ илэрхийлэв.  Чингис хааны музей байгуулж байгаатай холбогдуулан Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс гадаадад буй Чингисийн өвтэй холбоотой зүйлсийг цуглуулах, судлах явдлыг эрчимжүүлэхээр өгсөн чиглэлийн хүрээнд тус симпозиумыг зохион байгуулжээ.

Холбоотой мэдээлэл

Comments are closed.