Будапэшт хотноо уран бүтээлч Э.Отгонбаярын “Хязгааргүй” нэртэй бие даасан үзэсгэлэн нээгдлээ

Унгар улсын Будапэшт хотын Юожэфваароши галерейд есдүгээр сарын 4-нд Эршүүгийн Отгонбаярын “Хязгааргүй” нэртэй бие даасан үзэсгэлэнгийн нээлт боллоо.

Үзэсгэлэнг модератор Биллинг Дьөндьигийн хэлсэн үгээр нээн, Шомфай Кара Даавидын буриад хөөмийгийн тоглолтоор үргэлжлэв. Мөн Шипош Эндрэ урлагийн философич ОТГО зураачийн уран бүтээлийн тухай ярьж, үзэгч олонтой бодол саналаа хуваалцлаа. Энэ үеэр Монгол Улсаас Унгар улсад суугаа Элчин сайд З. Батбаяр уран бүтээлч Э.Отгонбаярт амжилт бүтээл арвин байхын ерөөл дэвшүүлэв.

Тэрбээр “Энэхүү уран зургийн үзэсгэлэнгийн нэр нь “Хязгааргүй” гэсэн байгаа. Тиймээс би ч бас хязгааргүй оршихуйн тухай хэдэн үг хэлье. Би гэж хэн юм бэ, бид гэж хэн юм бэ? Монголчууд, Унгарчууд гэж хэн юм? Бидний хоорондын холбоо хаанаас үүссэн юм, үүх түүх нь юу вэ? Бид юуны төлөө амьдарч байгаа юм? Бид өнөөдөр яагаад заавал амны хаалт зүүх хэрэгтэй болов гэх мэт хязгааргүй асуултууд байна. Үүнтэй адилхан амьдрал өөрөө хязгааргүй юм. Үй олон амьдралд өрнөж буй үүх түүх нь өөрөө хязгааргүй юм.

Үзэсгэлэнгийн энэхүү танхимд орж ирсэн мөчдөө л хязгааргүйн мэдрэмжийг шууд авлаа. Өөрийгөө хязгааргүйн орон зайд орсон мэт мэдэрч үүнтэй адилхан манай хоёр орны найрсаг харилцаа, энэ сайхан үзсэгэлэн, бидний аж заргал, хүсэл мөрөөдөл, амь амьдрал хязгааргүй байгаасай гэж хүсч байна. Би өөрийгөө “Пешт хотын хүү” гэж хошигнох дуртай. Пештийн 4-6 номерийн трамвайгаар олон ч удаа энэ дүүргээр явж байсан ч нэгэн сайхан өдөр Монголын шилдэг уран бүтээлчдийн нэг болох Э. Отгонбярын үзэсгэлэнг энд нээлцээд явж байна хэмээн төсөөлж ч байгаагүй билээ. Надад тохиолдож буй энэ явдал ч хязгааргүй түүхүүдийн нэгэн жишээ гэж бодож байна.
Мөн энэ завшааныг ашиглаад уран бүтээлч Отгоодоо, арга хэмжээг зохион байгуулахад анхнаас нь санаачилж чухал хувь нэмэр оруулсан уранзохиолын түүхч, дуун хөрвүүлэгч, багш Д.Ганболд болон Будапешт хотын Йожефварош галерейн хамт олонд гүн талархал илэрхийлье” хэмээсэн юм.

Мөн уран зохиолын түүхч, дуун хөрвүүлэгч Шаарошди Д. Ганболд үзэсгэлэнгийн мөн чанар, уран бүтээлчийн туурвих арга барилын талаар ирсэн гийчидтэй санал бодлоо мөн хуваалцсан юм.

“Хязгааргүй” нэрт үзэсгэлэнгийн ТЕЗИС

1. ОТГО нь дундад зуун буюу 9-15 зуунд байсан ламайзм-махаяана-буддын  шашны сүм, дуганы энгэр талын зураг чимэглэл, хийморийн дарцагны зураг хөрөг, миниатур буюу бичил уран зургийн уламжлалыг суурь болгон бүтээлээ тууривдаг уран зураач ажээ. Гэхдээ тэрбээр өөрийн гэсэн хувийн онцлогтой, биеэ даасан, жинхэнэ баталгаатай зургийн ертөнцийг бүтээн буй болгогч юм. Түүний бүтээсэн уран зургуудад буй махбодын үндсэн дөрвөн зүйл: шороо, ус, гал, хийг тусад нь онцгойлон судалж болох ба тэр нь нэгдмэл нэг тогтолцоо хийгээд тэдгээрийн тэмцэлдээн мэт.

2. ОТГО – гийн уранзурагт монументаль буюу том хэмжээтэй зургийн дүрслэлийн бүтэц тогтолцоо, бичил уран зургийн хэлбэр дүрслэлийн гайхалтай нэгдмэл ертөнцийг тольдон харж болно. Органик хэлбэрийн ертөнцөд ургамал, амьтан, хүмүүний хэлбэр дүрсийн эрчимт нэгдэл биелэлээ олсон байна. (Яг л Хиероним Босхын бүтээлд байдаг шиг)

3. ОТГО – гийн бүтээсэн уран зургуудад гүнзгий орон зай бус, харин нэг төрлийн хэтэдсэн ухаан буюу чанадын хавтгай-орон зай үүсэн буй болжээ. Өтгөн ой дахь ариусал ба төгөлдөршил. Яг л Уильям Блейкийн зургуудад дайралддагтай адил. Хөдөлгөөнт хэлбэрүүдийн харгианаас нэг биш нэжгээд гол төвийг нээн илрүүлж болох ба тэр нь тэнхлэг цэгүүдээрээ танигдана.

4. ОТГО бол зөн совиноороо бүтээдэг уранзураач. Тийм учраас бие-сэтгэл-оюуны үйлийн өрнөл нь дотоод ухамсарын үйл явдал мэт зургийнх нь гадаргуу дээр яг мөрөөр нь мөшгөж болохуйц. Хязгааргүйд хөтлөн залах халуун ба хүйтэн ягаан, хөх өнгөнүүд, дүрэлзэх улаан өнгө, илж таалсан дулаахан ногоон өнгөнүүд, зүрх сэтгэлийг нээх халуун бүлээн шар өнгөнүүд, цэвэр ариуныг биежүүлдэг цагаан өнгөний хэмнэлүүд энэ бүгд нийлээд хүнийг сэрээн өдөөж, хүч оруулах аж.

5. ОТГО-гийн зохиомж нь нээлттэй бөгөөд хязгааргүй нэгдмэл байдал руу биднийг удирдан зална. Хэвтээ ба босоо гол хүчит орон зай нь ташуу орон зайруугаа илүү давамгайлж, ташуу хүчит орон зай нь төвлөрсөн төв төдийгүй сэнсрэг-эргэлдүүр буюу төвөөс зугтах хүчний орон зай руу шилжүүлэн залах болой.

6. ОТГО хамгийн шинэ бүтээлээ цар тахал дэлгэрсэний дараах хорио цээрийн хаагдмал орчинд зурж бүтээжээ. Энэ үе түүнд антропологи болоод түүхийн учир шалтгааныг тайлагнан тооцоолж хүүрнэх боломжийг нээсэн байх юм. Газар дэлхийн түүхийг нэн эрт үеэс өнөө үе хүртэл, дэлгэрэн цэцэглэх амьдралаас үхэж мөхөх үеийг хүртэлх асар урт он цагийн сүлжилдээг соргог ухаалгаар бас сонирхолтойгоор тууривжээ. Ийм том хэмжээтэй зургийг бүтээхэд 6–7 жил зарцуулдаг байна. 30-40 мянган бодгалийн хөдөлгөөний-нэгдмэл холбоо сүлбээ, эргүүлэг мэт иж бүрдэл нь бид бүхний сэтгэлийн үйлийг бидэнд гэрэлтүүлэн үзүүлмой.

7. ОТГО-гийн уран зургууд оюун санааны ямар адал явдалд биднийг урина вэ?

– Юуны өмнө хүн байгалийн харилцан шүтэлцээнд бид энэ том бүхлийн нэг хэсэг нь юм хэмээн бидний анхаарлыг хандуулж байна.

– Хоёрт, хүмүүний драмыг (нүдэнд тусах зүйлийг) яг л Данте Тэнгэрлэг туульсдаа бичсэн шиг үзүүлжээ.

– Гуравт, сэтгэлийн дотоод эв зохицлоо анхаарахыг.

Сэтгэл санааны тэнцвэрт байдлаа хангаж, байгалиа хамгаалахыг бидэнд мөн сануулж байна.

Эмэгтэй хүний дүрс хэдэн мянгаараа бичил уран зургийн нарийн аргаар дүрслэгдсэн байгаа нь санамсаргүй зүйл лав биш, учир нь маш эрч хүчтэй эрэгтэй хүний зурсан зураг шүү дээ.

Гүн гүнзгий тунгаан тольдохыг Та бүхэнд хүсье!

Үзэсгэлэн есдүгээр сарын 28-н хүртэл олны хүртээл болох юм.

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …