Олон Улсын Оюутны спортын өдрийг Монгол улсад тэмдэглэн өнгөрүүллээ

ЮНЕСКО-гийн 2015 оны 11 сарын Ерөнхий Ассамблейн чуулганы хурлын тогтоолоор жил бүрийн 09 сарын 20-ны өдрийг “Олон улсын оюутны спортын өдөр” (ОУОСӨ) болгон тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.

Олон улсын оюутны спортын холбооноос (ОУОСХ) энэхүү санаачлагыг дэмжин, улс орныхоо гишүүн холбоод, Засгийн газрын байгууллага, ИДСК-тэй хамтран 2016 оноос эхлэн энэ өдрийг тэмдэглэх болсон.

Өнгөрсөн хугацаанд Монголын оюутны спортын холбооноос (МОСХ) 2016 онд Ази тивийн оюутны аварга шалгаруулах сагсан бөмбөгийн VI тэмцээн, 2017 онд Сайн дурын оюутны форум, 2018 онд ИДС-ийн багш нарын спортын хэлэлцүүлэг, 2019 онд Универсиадын хичээл, спортын шинэ төрлийн үзүүлэх тоглолт зэрэг арга хэмжээнүүдийг ИДС-тай хамтран явуулсан билээ.

Энэ 2020 онд ОУОСӨ-ийг тэмдэглэн явуулах тухай ОУОСХ–ны шийдвэр гарч ОУОСӨ-ийг тэмдэглэх ажлын чиглэлийн дагуу цар тахлын хориотой хэдий ч тухайн улс орон, ИДСК, байгууллага дээрээ төрөл бүрийн ажил, арга хэмжээ, уулзалт, семинар, тэмцээн, наадам зэргийг өөрсдийн боломжит хэлбэртэй зохион байгуулахыг хүссэн юм.

Иймээс МОСХ нь энэ өдрийг тав дахь жилдээ 2020 оны 09 сарын 20-нд “Бид хамтдаа” уриан дор Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд (ҮЦХ) “Оюутны буухиа гүйлт”-ийн тэмцээнийг 19,920 метрийн зайд амжилттай зохион байгуулан явууллаа. Гүйлийн арга хэмжээ нь 10:00-14:00 цагийн хооронд “Цагдаагийн талбай” болон гүйлтийн замд нь хийв.

Тэмцээнд ИДС-иас нэг багт 4 оюутан (нэг эмэгтэй) 1 багш нийтдээ 5 хүний бүрэлдэхүүнтэй оролцлоо. Тэмцээний зааврын дагуу нэг оюутан тамирчин 4,980 метрийн зайг туулж, бүх 4 оюутан тамирчин ижил зайг туулснаар нь нийт 19,920 метрийн зайд гүйж, хурд хүчээ сорьсон билээ.

Энэхүү арга хэмжээнд 12 их дээд сургуулийн баг тамирчид оролцсон бөгөөд хамгийн хол газраас АШУҮИС-ийн Говь-Алтайн сургуулийн баг тамирчид ирж, орон нутгийн оюутнуудаа төлөөлөв. Харин бусад ИДС-иуд нь нийслэл хотод үйл ажиллагаагаа явуулдаг сургалтын байгууллагууд байсан юм.

Тэмцээний нээлтийн арга хэмжээ нь ҮЦХ-ийн Цагдаагийн талбайд явагдан МОСХ-ны тэргүүн дэд Ерөнхийлөгч, ИДСК-йн тэргүүн, ХААИС-ийн захирал, профессор Т.Хэрүүга, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссийн Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга, МҮОХ-ны дэд Ерөнхийлөгч Ч.Наранбаатар, МОСХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, Ази тивийн оюутны спортын холбооны дэд Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан нар оролцон үг хэлэв. Нээлтийн ажиллагаанд их, дээд сургуулийн удирдлагууд, багш нар, спортын холбоодын төлөөлөл хүндэт зочноор оролцон юм.

Нээлтийн дараа явагдсан буухиа гүйлтийн тэмцээний үйл ажиллагаа ихээхэн сонирхол өрсөлдөөнтэй, хурд хүчээ сорьсон уралдаан болов. Нэгдсэн дүнгээр тэргүүн байрыг Э.Золжаргал дасгалжуулагчтай ҮБТДС 1 цаг 16 минут амжилтаар эзлэн, 2-р байрт О.Гантулга дасгалжуулагчтай ҮБХИС 1 цаг 18 минутын цагийн амжилтаар, 3-р байрт Э.Баатарсүрэн дасгалжуулагчтай МУБИС 1 цаг 20 минутын амжилтаар эхний гурван байрт шалгарсан. 

Мөн шагналт 4-р байрыг Т.Цэнд дасгалжуулагчтай Аварга ДС-ийн баг тамирчид 1 цаг 24 минут, 5-р байрыг Ж.Болдцэцэг дасгалжуулагчтай АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь салбар АУС-ийн баг 1 цаг 25 минутын дүнгээр эзлэн, 6-р байрыг хөнгөн атлетикийн тусгай сургалттай Ө.Ариунболд дасгалжуулагчтай Мон-Алтиус ДС-ийн баг тамирчид 1 цаг 25 минут гүйн эхний зургаан байрт шалгарав. Эхний 6 байр эзэлсэн оюутны баг тамирчдад МОСХ-ноос мөнгөн шагнал, оролцогч бүрт өргөмжлөл, тусгай шагналыг олгов.

Тэмцээний шилдэг эрэгтэй тамирчнаар МУБИС-ийн оюутан Д.Мягмарсүрэн нь 4,980 метрийн зайгаа 16 минут 31 секунд туулан шалгарсан бол ҮБТДС-ийн Т.Элбэг нь энэ зайг 16 минут 50 секунд гүйн баг тамирчдаа хошуучлав. Шилдэг эмэгтэй тамирчнаар МУБИС-ийн оюутан Д.Барсмаа нь 4,980 метрийн зайгаа 22 минут 25 секунд туулан охидуудаас дээд амжилтыг үзүүлэн хурдлав. Харин шилдэг дасгалжуулагчаар баг тамирчдаа эхний гурван байрт оруулж, сайн бэлтгэсэн ҮБТДС-Э.Золжаргал, ҮБХИС-О.Гантулга, МУБИС-Э.Баатарсүрэн нар эзлэн МОСХ-ны тусгай шагнал хүртлээ.

Мөн бүх сургуулийн тамирчдад нэгдсэн дугаар бүхий ОУОСӨ-ийн шинэ бэлгэдэлтэй, нэгэн жигд футболкыг МОСХ-ноос бэлтгэн, тараан өгсөн байна. Бүх оюутнууд энэхүү өмсгөлөө өмсч уралдав.

Тэмцээнд оролцсон ИДС-ийн удирдлага, оюутан, багш нар нь гүйлтийн тэмцээний үеэр авахуулсан зураг, мэдээллийг #LetsIDUS хаштагт тавьж олон улсад түгээн сурталчилсан ба ОУОСХ, Азийн ОСХ-ны вэб сайт, твиттер хуудсан англи хэлээр энэхүү арга хэмжээний мэдээллийг оруулан сурталчилгааны өргөн хүрээтэй ажил явуулав.

Санал болгох мэдээ

Монголын оюутны спортын VI наадамд 2400 тамирчин өрсөлдөнө

Монголын оюутны спортын VI наадам энэ сарын 15-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо явагдана. Монголын оюутны спортын …