Баян-Өлгий аймгийн 548 ээж “Эхийн алдар” одон хүртлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ тус аймагт амьдардаг ээжүүдэд “Эхийн алдар” одонг нь гардуулж, баяр хүргэлээ.

100 гаруй мянган хүн амтай Баян-Өлгий аймгаас энэ жил 548 ээж, тодруулбал “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одонг 82, Хоёрдугаар зэргийн одонг 466 ээж тус тус хүртлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга эхчүүдэд одонг нь гардуулсныхаа дараа баяр хүргэж үг хэллээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА:

“Монголын сайхан ээжүүд ээ,

Энэрэлт эхчүүд ээ,

Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгаж, үндэстний ирээдүй болсон хүүхэд, багачуудыг эрүүл саруул, хайр халамжаараа дутаалгүй өсгөн бойжуулж байгаад тань халуун талархал илэрхийлье.

Дэлхий дахинд тархсан цар тахлын улмаас энэ жил “Эхийн алдар” одонг Хүүхдийн баяраар гардуулж чадаагүй ч нэг сарын өмнөөс засаг захиргааны түвшинд үе шаттайгаар гардуулж эхлээд байна.

Өнөөдөр Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ танай аймгийн 548 ээжид “Эхийн алдар” одонг гардуулж байгаадаа туйлын баяртай байна. Баян-Өлгий аймгаас энэ жил “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одонг 82, Хоёрдугаар зэргийн одонг 466 ээж хүртэж байна. Үр хүүхдүүдийнхээ гэрэлт наран, гэр бүлийнхээ ивээлт саран болсон сайхан ээжүүддээ баяр хүргэе!

Хүүхэд өсгөж, хүмүүжүүлнэ гэдэг аз жаргалтай атлаа өндөр хариуцлагатай ажил. Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд, багачуудыг зөв хандлага, ёс зүйтэй, боловсролтой иргэн болгон хүмүүжүүлж байгаа нь ээжүүдийн эх орныхоо хөгжил дэвшилд оруулж байгаа үнэлж баршгүй хувь нэмэр юм.

Хүн амаа өсгөх бодлогыг тууштай баримталж ирсэн Монгол Улсын хувьд хүүхэд хамгаалал, эхчүүдийн нийгмийн асуудлыг төрийн бодлогын нэн тэргүүнд тавьж, эхчүүдийн хөдөлмөрийг дэлхийн жишигт хүргэн үнэлэх ёстой.

Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар хүртээдэг “Эхийн алдар” одон бол энэ бодлогын нэгээхэн хэсэг. Төрийн бодлого, үйл ажиллагаа үүнээс ч өргөн цар хүрээтэй, илүү хүртээмжтэй, тогтвортой хэрэгжих учиртай.

Тийм ч учраас миний бие хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд олгох, хүүхэд хамгааллыг сайжруулах чиглэлд тодорхой ажлуудыг санаачилсан. Цаашид ч эхчүүд хүүхдээ сэтгэл амар өсгөн бойжуулах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө санаачилгатай ажиллаж, Улсын Их Хурал, Засгийн газрыг шахан шаардаж байх болно.

Өнөөдөр одонгоо гардан авсан Та бүхэнд болон Баян-Өлгий аймгийн нийт эхчүүд, охид эмэгтэйчүүддээ  халуун баяр хүргэж, аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монголын маань үрс маш олон болтугай!” гэлээ.

Санал болгох мэдээ

Жан Тодт:Улаанбаатар хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулж, хамтран ажиллах бүрэн боломжтой

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн …