Андрей Михиев: Монгол Улс эрдэс баялгаасаа улам хараат болж байна

Дэлхийн банкнаас есдүгээр сард боловсруулан гаргасан “Уул уурхай ба Оюун ухаан: Байгалийн баялгийн өгөөжийг институц болон хүний хөгжилд чиглүүлэх нь” тайландаа Монголын хөгжлийн одоогийн загварыг задлан шинжилжээ. Уг тайланг өчигдөр (2020.09.17) танилцуулсан бөгөөд Монгол Улсын эдийн засаг нь уул уурхайн салбарт бус оюун ухаан, институцийн хөгжил рүү чиглэх ёстойг онцолсон байна.

Тайланд тооцсоноор, сүүлийн хорин жилийн хугацаанд манай улс эрдэс баялгийн орлогын 1 ам.доллар тутмаас ердөө нэг центийг үр хойчдоо хуримтлуулжээ. Монгол Улс 2008 оноос эхлэн төсвийн зарлагаа огцом нэмэгдүүлж, улмаар хуримтлалгүй өдий хүрсэн байна. Энэ бүхэн нь манай улс эрдсийн зах зээлийн мөчлөг дагасан бодлого явуулж ирсний тод илрэл юм. Гэхдээ 2017 оноос эхлэн Байгалийн баялгийн санд бага зэрэг хөрөнгө хуримтлуулах болсон нь сайшаалтайг тайланд тэмдэглэжээ.

Монгол Улсын уул уурхайд хэт түшиглэсэн одоогийн байдал нь цаашид “хана мөргөх” эрсдэлтэй тулгарч болзошгүй бас нэг эрсдэлийг тайланд сануулсан байна. Тодруулбал дэлхий дахинд хүчтэй явагдаж буй уур амьсгалын өөрчлөлт нь эрдэс баялаг, тэр дундаа нүүрсний хэрэглээг бууруулах хандлагатай. Энэ үзэгдэл Хятадад эрчимтэй өрнөснөөр Монголын экспортод шууд нөлөөлж болзошгүй. Нөгөөтэйгүүр, улс орнуудын хөрөнгө оруулалт ногоон хөгжлийн салбарууд руу төвлөрөх, КОВИД-19 цар тахлаас үүдэн эрдэс баялгийн хэрэглээ буурч мэдэхээр байгаа тул манай улс бүтцийн өөрчлөлтийг яаралтай хийх шаардлагатайг тайланд анхааруулжээ.

Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михиев “Уул уурхайн өгөөжийг илүү төрөлжсөн, хүртээмжтэй эдийн засгийн өсөлт болгон хувиргах бус, харин ч Монгол Улс эрдэс баялгаасаа улам хараат болж байна. Үүний зэрэгцээ чадварлаг, мэргэшсэн боловсон  хүчнээ дутуу ашиглаж, мөн институцийн чанар доройтсоор байна. Ингэснээр үйлдвэрлэл, экспортыг төрөлжүүлж чадахгүй, улмаар дэлхийн түүхий эдийн зах зээлийн өсөлт, бууралтад улам өртөмтгий болж байна. Энэ байдлаас гарахын тулд уул уурхайд хөрөнгө оруулдгийн адил оюун ухаан буюу хүнээ болон институцээ хөгжүүлэхэд дорвитой хөрөнгө оруулах хэрэгтэй” гэлээ.

Өөрөөр хэлбэл Монголын төр засгийн одоогийн авч хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр нь дээрх шаардлагатай өөрчлөлтийн эсрэг чиглэлд байгааг тайланд мөн онцолсон байна.

Гэхдээ бас уул уурхайд түшиглэсэн манай эдийн засаг дандаа муу байсан гэвэл үгүй. Тухайлбал эдийн засаг 2004 оноос хойш жилд дунджаар 7.2%-иар өсч, дэлхийн хурдтай өсөлттэй эдийн засгийн нэг болсон байна. Энэхүү өсөлт нь ядуурлыг бууруулж, амьжиргааны түвшинг нэмэгдүүлэхэд тодорхой хувь нэмрээ өгсөн. Гэвч макро эдийн засгийн хэлбэлзэл нэмэгдсэн. Эрдсийн мөчлөгөөс хамаарсан эдийн засгийн өсөлт бууралтын ойр ойрхон давтамж нь томоохон сорилт болсоор ирсэн. Эдийн засгийн өсөлт нь бүтээмжээр бус хөрөнгийн хуримтлал, байгалийн баялгийн ашиглалтаар голлон тэжээгдэж иржээ. Нөгөө талдаа, Монгол Улс уул уурхайн орлогын дийлэнхийг хэрэглээд зогсохгүй ирээдүйн орлогыг барьцаалсан зээл авч буй тул хойч үедээ өр өвлүүлэхээр байгааг тайланд онцолсон байна.

Иймд төрөлжсөн, тогтвортой эдийн засгийн суурийг бий болгохын тулд мөчлөг сөрсөн төсөв, мөнгөний бодлого хэрэгжүүлэх, бизнесийн өрсөлдөөнийг дэмжих, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах, эдийн засгийн төрөлжилтийг дэмжих, засаглалын шинэчлэл хийх замаар ил тод, нээлттэй, улс төрөөс ангид байдлыг эдийн засагт бий болгох зэргийг зөвлөжээ.   

Тайлан танилцуулах арга хэмжээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А. Ариунзаяа, Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михиев,  тус банкны ахлах эдийн засагч Жийн-Паскаль Н.Нгану, Монголбанкны Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир нар оролцлоо.

Санал болгох мэдээ

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4,3 тэрбум ам.долларт хүрлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга …