Америкийн Нэгдсэн Улс Иракаас 2200 цэргээ энэ сард багтааж татна

Америкийн Нэгдсэн Улс  Ирак дахь цэргүүдийнхээ гуравны нэг гаруйг ойрын хугацаанд татна гэдгээ мэдээллээ. Одоогийн байдлаар Иракд 5200 орчим Америк цэргүүд байдаг бол есдүгээр сард багтааж 3000 хүргэж бууруулах юм. Өнгөрөгч зургадугаар сард талууд Иракийн газар нутагт Америкийн байнгын цэргийн бааз байрлуулахгүйгээр, Америк цэргүүдийн тоог бууруулах тохиролцоонд хүрсэн юм.

Энэ тухай мэдээллийг  АНУ-ын Төв командлалын командлагч, генерал Кеннет МакКензи өнгөрсөн  лхагва гарагт мэдээлжээ. К.МакКензигийн мэдээлснээр, Ирак дахь цэргүүдийн тоог есдүгээр сард 5200 орчмоос 3000 хүргэж бууруулах ажээ. Үлдсэн цэргүүд “жихадуудын бүлэглэл болох “Лалын улс”-ын сүүлийн үлдэгдлүүдийг үндсээр нь устгахад” Иракийн аюулаас хамгаалах хүчинд үргэлжлүүлэн туслалцаа үзүүлж, зөвлөх ажээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ирак дахь бүх цэргийг аль болох ойрын хугацаанд татан авахаар төлөвлөж буйгаа өнгөрсөн сард батлан мэдэгдсэн юм. 2016 онд сонгуулийн кампанит ажлынхаа үеэр АНУ-ыг “төгсгөлгүй дайнаас” чөлөөлнө хэмээн амласан тэрбээр цэргүүдийн тоог бууруулах шийдвэрийг сайшаах төлөвтэй байна. Ираны генерал Касем Сулеймани өнгөрсөн нэгдүгээр сард Багдад хотноо АНУ-ын дроны цохилтын үеэр амиа алдсанаас хойш АНУ-ын цэргүүд байрлаж буй нь Ирак дахь томоохон асуудал болон хувирчээ. Америк 2003 онд Иракд цэргээ оруулж, 2011 онд гаргасан ч Лалын улс бүлэглэл Иракын ихэнх газар нутгийг эзэлж авснаар 2014 онд Америк дахин цэргээ оруулсан байдаг.

Холбоотой мэдээлэл

Comments are closed.