Корона вирусийн дэгдэлт буурч байгаа учир Өмнөд Африк хорио цээрийн дэглэмээ зөөлрүүлнэ

Өмнөд Африк улс харьцангуй эрт коронавирусын эсрэг арга хэмжээ авч, хатуу хорио цээрийн дэглэм тогтоож эхэлсэн улсуудын нэг. Тэгвэл ойрын хугацаанд халдварын тохиолдлын тоо буурч байгаатай холбогдуулан цаашид хатуу дэглэмээ зөөлрүүлэхээ мэдэгдлээ.

9 дүгээр сарын 20-ноос эхлэн зөвхөн шөнийн цагаар хөл хорио тогтоож, цугларалтыг тухайн байрны хүчин чадлын 50 хувьд зохион байгуулж, архи, согтууруулах ундаагаар үйлчлэхийг зөвшөөрчээ.

Тус улсын Ерөнхийлөгч Кирилл Рамафоса ард түмэндээ хандан хэлсэн үгэндээ “Бид корона вирусын шуургыг даван тууллаа. Гэхдээ нийгмийн харилцаанд орохдоо зай барьж, амны хаалт зүүх журам хэвээр байх болно.” гэжээ.

3 дугаар сарын 27-нд хорио цээрийн хатуу дэглэмд орсон Өмнөд Африкт 650,000 гаруй халдвар батлагдсанаас 15,000 гаруй нь нас баржээ. 7 дугаар сард шинэ тохиолдлын тоо өдөрт 12,000 орчим байсан бол сүүлийн үед 2000 хүрэхгүй болж буурчээ.

Ерөнхийлөгч Рамафоса юу хэлэв?

Ерөнхийлөгч Рамафоса “Одоо ард түмэнийхээ аж амьдрал, эдийн засгаа зургаан сарын өмнөхтэй ижил хэмжээнд буюу хэвийн байдалд оруулах цаг болсон. Коронавирус бидэнтэй хамт байх хугацаанд шинэ зүйл рүү шилжих цаг болсоныг харууллаа.” гэв.

Тэрбээр Өмнөд Африкийн эрүүл мэндийн мэргэжилтнүүд, албан тушаалтнуудтай зөвлөлдсөний эцэст 9 дүгээр сарын 20-ний шөнө дундаас эхлэн одоогийн дэглэмийн 2-р түвшинг 1-р түвшинд буулгана гэж мэдэгдсэн.

Энэ нь:

  • Хүмүүсийн тооны хязгаарыг тухайн байрны ердийн хүчин чадлын 50% -иас хэтрэхгүй, шашны, улс төрийн болон бусад олон нийтийн цугларалтыг дотор талбайд хамгийн ихдээ 250 хүн, гадна талбайд 500 хүн байхаар зөвшөөрнө.
  • Оршуулгын ёслолд оролцох хүмүүсийн дээд хэмжээг 50-аас 100 болгож нэмэгдүүлнэ.
  • Биеийн тамир, театр, дасгал, амралт, цэнгээний газрууд одоогоор 50 хүний ​​тоогоор хязгаарлагдаж байгааг байрныхаа багтаамжийн 50% -д болгож нэмэгдүүлж болно.
  • Тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудад согтууруулах ундаа хэрэглэхийг зөвшөөрнө.

Өмнөд Африк хорио цээрийн дэглэмээс үүдэн хилээ хаасан боловч Ерөнхийлөгч Рамафоз олон улсын аялал жуулчлал 10 дугаар сарын 1-ээс эхэлнэ гэж мэдэгдлээ.

Мөн тэрбээр “Цар тахлаас болж царцсан эдийн засгийг сэргээн босгоход чиглэсэн нэмэлт хөшүүргийг боловсруулж байна.” гэсэн юм.

Эх сурвалж: BBC.com

Бэлтгэсэн: Б.Нямзул

Холбоотой мэдээлэл

Comments are closed.