Фатахудайн: Бид хүмүүсийг Ковидоос аврах боловч сэтгэцийн эмгэгээр алдаж магадгүй

Энэтхэгт тохиолдлын тоо тасралтгүй нэмэгдэж байгаа нь Ковид19-ийн халдвараар өвчилсөн өвчтөнүүдийн сэтгэцийн эрүүл мэндэд ноцтой хүндрэл учруулж байна.

42 настай Раджеш Тивари гар утас болон зурагтаас айх ноцтой эмгэгтэй болжээ. Том дэлгэц, ялангуяа телевизор, компьютерын мониторыг өөр рүү нь дайрч чадах аварга биет гэж боддог болжээ.

Сэхээн амьдруулах тасагт удаан хэвтсэний дараа Ноён Тиварид ямар нэгэн хий зүйл хардаг болсон байна. Өнгөрсөн 06 дугаар сарын эхээр түүнд корона вирусын халдвар илэрсэн бөгөөд биеийн байдал нь хүндэрсэн тул хувийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлжээ. Хэвтсэнээс хойш 5 хоногийн дараа тэр амьсгалын аппаратад шилжжээ.

Ноён Тивари эмнэлэгт гурван долоо хоног хэвтэн эмчлүүлсний дараа эдгэрсэн. Гэвч удалгүй түүнийг бүрэн эдгээгүйг мэдсэн аж.

“Би эмчилгээ хийлгэсэн тул одоо дээрдсэн. Гэхдээ эмнэлгээс гарсны дараах эхний хэдэн долоо хоногт маш хэцүү байсан” гэж тэр нэгэн ярилцлагадаа хэлжээ.

Ноён Тиваригийн гэр бүл түүнийг гэртээ ирэхэд нь баяртай байсан боловч хэсэг хугацааны дараа түүнд бүх зүйл тохирохгүй, тааламжгүй байгааг анзаарчээ. Нэг өдөр тэр орилон зурагтаа эвдэх гэж оролдов. Гэр бүл нь зурагт үзэхээ больсон бөгөөд хэн ч гэртээ зөөврийн компьютер ашиглах эрхгүй болжээ. Ноён Тивари эрчимт эмчилгээний эмнэлэгт байнга дугарч, анивчиж байдаг дэлгэцүүдийг мартахаар тэмцэж байгаагаа хэлжээ.

Мөн Амит Шарма болон түүний гэр бүлийнхэнд үүнтэй төстэй хүндрэл тохиолдож байв. 49 настай ноён Шарма эрчимт эмчилгээний тасагт 18 хоног хэвтэж эмчлүүлж байхдаа хүмүүс өдөр бүр үхэж байгааг харжээ. Түүний эргэн тойронд хөгшин, залуу, эрэгтэй, эмэгтэй олон арван хүн Ковид19-ийн халдварын улмаас нас баржээ.

“Нэг өдөр миний хажууд байсан хоёр өвчтөн нас барж, тэдний цогцос хэдэн цагийн турш миний дэргэд байсан. Би тэр мөчийн зураглалыг бодлоосоо гаргаж чадахгүй байна. Ковид намайг алчих вий гэж би одоо хүртэл айдаг.” гэж Шарма хэлжээ.

Ноён Шарма хүндээр өвдсөн үеэ мартахаар тэмцэж байна. “Тэр эдгэрснийхээ дараа гэртээ маш тайван байгаа” гэж авга ах нь хэлэв. Мөн тэрбээр “Тэр Ковидын тасагт нас барсан өвчтөнүүдийг харсан тухайгаа үргэлж ярьдаг байсан” гэжээ.

Корона вирусын халдвараас эдгэрч байгаа олон өвчтөнүүд сэтгэцийн эрүүл мэндийн асуудалд орж байна. Ялангуяа амьсгалын аппаратад байсан эсвэл удаан хугацаагаар эмчилгээний тасагт эмчлүүлж байсан хүмүүс гэж Энэтхэг Улсын Мумбай хотын “Хиндужа” эмнэлгийн сэтгэцийн ахлах эмч Васант Мундра хэлсэн байна.

Ковид19-ийн халдвартай өвчтөнүүдийг гэр бүлийнхэнтэйгээ уулзахыг хориглодог бөгөөд тэд үргэлж хамгаалалтын маск зүүсэн эмч, сувилагчидтай харьцаж, царайг нь харж чаддаггүй. Энэ нь өвчтөнүүдийн эмчдээ итгэх итгэлийг алдагдуулж, эдгэрэлтийг удаашруулж байсан гэж Энэтхэгийн өмнөд хэсэгт орших Эрнакулам анагаах ухааны коллежийн хүндэвтэр тусламжийн тасгийн дарга, доктор Фатхахиден хэлэв.

Корона вирусын аюулаас гарах нь өвчтөнд хэцүү байдаг бөгөөд амь насанд аюултай, өнгөрсөн үйл явдлуудыг санаж, гэмтлийн дараах стресс эрс нэмэгддэг гэж эмч нар үзэж байна. Шинж тэмдэг нь сэтгэлийн хямрал, түгшүүр мэдрэх, хий зүйлс харах гэж доктор Мундра хэллээ.

Гэсэн хэдий ч корона вирусын өвчтөнүүдтэй холбоотой сэтгэцийн эрүүл мэндийн асуудалд хангалттай анхаарал хандуулахгүй байна гэж эмч нар анхааруулж байна. 

“Цар тахлын үеэр та Энэтхэг Улс сэтгэцийн эрүүл мэндийн байгууллагуудад хөрөнгө оруулалт муу хийснийг харж байна” гэж тэр хэллээ.

Энэтхэгт сэтгэцийн эмгэгтэй өвчтөнүүдийг эмчлэх эрүүл мэндийн байгууламж, мэргэжилтнүүд дутагдалтай байгаа бөгөөд хүмүүс ихэвчлэн шинж тэмдгийг нь ч мэддэггүй учир жижиг хотуудад байдал хүндэрдэг аж.

“Энэтхэгийн сэтгэцийн эрүүл мэндийн эмчилгээний дэд бүтцийн ихэнх хэсэг нь томоохон хотуудад төвлөрч байгаа тул хүн амын 80-90 хувь нь сэтгэцийн эрүүл мэндийн үйлчилгээ авах боломж огт байдаггүй” гэж доктор Патаре хэлээд цар тахлын үеэр энэ ялгаа улам бүр тодорхой харагдаж байгааг онцоллоо. Хэрэв Засгийн газар энэ асуудлыг хүлээн зөвшөөрч, шийдвэрлэж чадахгүй бол Энэтхэгт “Сэтгэцийн эрүүл мэндийн цар тахал” нүүрлэх болно гэлээ.

“Эхлээд сэтгэцийн эмгэгт өртөж байгаа хүмүүсийн шинж тэмдгүүдийн талаар илүү сайн мэдээд, дараа нь сэтгэцийн эрүүл мэндийн байгууллагуудыг ялангуяа жижиг хотуудад сайжруулах шаардлагатай. Энэ нь нэг шөнийн дотор бий болохгүй гэдгийг мэдэж байна. Гэхдээ бид аль нэгтээгээс нь эхлэх ёстой” гэж ноён Патаре үзэж байна.

Дели хотын Фортис эмнэлгийн сэтгэцийн эрүүл мэндийн хэлтсийн дарга Камна Чхиббер цар тахлын үеэр тусламж хүсэгчдийн тоо эрс нэмэгдсэнийг харсан гэжээ. Удаан хугацааны хорио цээр, ирээдүйн талаарх тодорхойгүй байдал, байнгын сэрэмжтэй байх шаардлага нь хүмүүсийг илүү их түгшээж байгаа бөгөөд олон хүмүүс эмнэлэгт ирж сэтгэлийн түгшүүр, сэтгэлийн хямралын талаар ярих болжээ.

Тус улсад асуудал өдөр ирэх тусам улам ноцтой болж байна.

Эмч нар ковидын дараах эмчилгээний хүрээнд сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг шийдвэрлэхийг уриалж байна. Эмнэлэг бүр ямар нэгэн зүйл хийх хэрэгтэй байгааг доктор Фатахудайн хэлэхдээ “Бид хүмүүсийг Ковидоос аврах боловч сэтгэл гутрал, гэмтлийн дараах хямралын стрессээр алдаж магадгүй” гэж хэлсэн байна.

Ийнхүү дэлхий нийтээрээ ковидын дараах шинэ сорилттой тулгарах магадлал маш өндөр байгааг Энэтхэг Улсын жишээгээр харж болохоор байна.

Эх сурвалж: BBC.com

Бэлтгэсэн: Б.Нямзул

Холбоотой мэдээлэл

Comments are closed.