Олон улсын сонсголгүй иргэдийн өдрийг угтсан “ДОХИОНЫ ХЭЛ БҮГДЭД ЗОРИУЛАГДСАН” өдөрлөг боллоо

Өнөөдөр олон улсын сонсголгүй иргэдийн өдрийг угтан “Сонсголгүй иргэдийн эрхийг бататгах нь 2020” сэдвийн хүрээнд Чойжин ламын сүм музейд “ДОХИОНЫ ХЭЛ БҮГДЭД ЗОРИУЛАГДСАН” өдөрлөг боллоо.

Музейн үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэх, хэл, сонсголын бэрхшээлтэй иргэдэд соёлын өвийг танин мэдэх, хайрлан хамгаалах, бахархах сэтгэлгээг бий болгох, төлөвшүүлэх зорилготой тус өдөрлөгийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар тус музейтэй хамтран зохион байгуулж байна.

Өдөрлөгт сонсголын бэрхшээлтэй иргэдийн эрхийн төлөө үйл ажиллагаа эрхэлдэг 30 гаруй төрийн бус байгууллагын 300 гаруй сонсголын бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл Монголын түүх, соёлын үнэт өв болох Чойжин ламын сүм музейн арвин баялаг сан хөмрөг, хосгүй үнэт бүтээлүүдийг дохионы хэлний хэлмэрчийн тусламжтайгаар үзэж сонирхлоо.

Тус өдөрлөгийг нээж Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга, доктор Ц.Нацагдолгор үг хэлсэн юм.

Тэрээр “Тусгай хэрэгцээт сонсголын бэрхшээлтэй иргэдэд онцгой нэг давуу тал байдаг. Тэд бол аливаа зүйлд маш сайн анхаарал төвлөрч чаддаг. Мэлмий нь тод байхаас гадна, гарын ур нь илүү их хөгжсөн гайхалтай, хайрламаар, авьяас, билэгтэй иргэд байдаг билээ. Өнөөдөр ийм сайхан намрын нартай налгар өдөр эдгээр онцгой хүмүүст зориулсан гайхамшигтай сайхан ажлыг санаачлан эхлүүлж байгаа тус музейн удирдлага нийт хамт олонд нь болон энэхүү төслийн бүх хамтран оролцогч нарт халуун баяр хүргэе. Би болоод мэргэжлийн бүхий л соёл, урлагийн байгууллагууд үүнд маш их баяртай байгааг дуулгахад таатай байна. Тиймээс Төрийн зүгээс буюу Соёлын яам болон Соёл, урлагийн газраас энэ мэт сайхан санал санаачлагыг бодлого, хэрэгжилтийн түвшинд дэмжин, хамтран ажиллах болно” гэв.

Энэхүү өдөрлөгийн үйл ажиллагааг дэмжин MУГЖ, дуучин Т.Ариунаа, СТА, жүжигчин Д.Ганцэцэг, СТА, жүжигчин Г.Нарансолонго, “Dance Chance” бүжгийн хамтлаг оролцон уран бүтээлээ өргөн барьж, өөрсдийн сэтгэгдлээ харамгүй хуваалцсан юм.

Хамгийн сонирхолтой нь Бурхан шашны “Самъяа Хийд”-ийн хамба лам Д.Одонбаатар тэргүүтэй залуу лам хуврагууд мөн үйл ажиллагааг дэмжин биечлэн оролцлоо.

“Самъяа Хийд”-ийнхэн долоо хоногийн Бямба гарагийн орой сонсголын бэрхшээлтэй иргэдэд зориулан дохионы хэлмэрчтэйгээр тогтмол ном хурдаг тухайгаа энэ үеэр дуулгасан нь олон нийтийн талархлыг хүлээгээд байна.

Холбоотой мэдээлэл

Comments are closed.