СOVID-19 цар тахалтай тэмцэхэд зориулсан болон хүртээмжтэй боловсролыг дэмжих төслийн буцалтгүй тусламжийн гэрээнүүдэд гарын үсэг зурлаа

Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар хэрэгжих 3.5 сая ам.долларын санхүүжилт бүхий хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн боловсрол эзэмших, тэгш хүртээмжийг сайжруулах болон цар тахлын болзошгүй эрсдэлээс сэргийлж бэлэн байдлыг нэмэгдүүлэх зорилготой төслүүдийн буцалтгүй тусламжийн гэрээнд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, АХБ-ийг төлөөлж Монгол Улсыг хариуцсан захирал Павит Рамачандран нар өнөөдөр гарын зурлаа.

Монгол Улсын цар тахлын эсрэг авч буй арга хэмжээг дэмжих 1.5 сая ам.долларын буцалтгүй тусламжийг Ази Номхон далайн гамшгийн эсрэг хариу арга хэмжээ авах сангаас олгож байгаа бол 2 сая ам.долларын тэгш хүртээмжтэй боловсролыг дэмжих буцалтгүй тусламжийг АХБ-ны дэргэдэх Ядуурлыг бууруулах Японы сан (ЯБЯС)-гаас олгож байна.

Манай улсад өнөөдрийн байдлаар 0-18 насны хөгжлийн бэрхшээлтэй 11,606 хүүхэд байдаг ба төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тэгш хамруулан ерөнхий боловсрол эзэмшүүлэх боломжийг бүрдүүлэх, ингэхдээ эхний ээлжид Дархан-Уул, Дорнод, Дундговь аймгууд болон Сонгинохайрхан дүүргийн 4 сургууль, 4 цэцэрлэгийн дэд бүтцийг сайжруулж, тэгш хамран сургах боловсролын үйлчилгээний чадавхыг бэхжүүлэн, тэгш хүртээмжтэй боловсролыг дэмжих нөөцийг сайжруулж, олон нийтийн оролцоо, мэдлэгийг сайжруулах чиглэлээр ажиллана. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд үе тэнгийнхээ бусад хүүхдүүдтэй хамт ердийн сургууль, цэцэрлэгт тэгш хамрагдах боломж бүрдэж, боловсрол, нийгэм-сэтгэл зүйн бодитой өгөөжийг хүртэх юм.

Монгол Улс COVID-19 цар тахлыг дотооддоо тархаахгүйн тулд тохиолдол бүрийг хяналтад авч, хөл хорио тогтоох хатуу арга хэмжээнүүдийг амжилттай хэрэгжүүлсэн. COVID-19-ын эмчилгээнд нэн шаардлагатай яаралтай тусламжийн үйлчилгээ болон  эрүүл ахуйн шаардлага хангасан тусгаарлах байрны хүрэлцээг нэмэгдүүлэх,  улмаар цар тахлын нөхцөл байдал хүндрэх тохиолдолд эрүүл мэндийн салбарын нөөц, бэлэн байдлыг хангах шаардлага хэвээр байна. Үүнтэй холбогдуулж 1.5 сая ам.долларын буцалтгүй тусламжийг PCR шинжилгээний лабораторид шаардлагатай 19 ширхэг тоног төхөөрөмж, нэн шаардлагатай 5,000 ширхэг шинжилгээний урвалж, оношлуур, коронавирусын эмчилгээний чухал хэсэг болох хүчилтөрөгчийн эмчилгээг бүрэн хийх зориулттай хүчилтөрөгчийн үйлдвэр байгуулахад шаардлагатай 4,804 ширхэг тоног төхөөрөмж, иж бүрэн хэрэгслийг худалдан авахад зарцуулах юм. Энэхүү төсөл нь 2020 оны 5-7 дугаар саруудад хэрэгжүүлсэн яаралтай тусламжийн төслийн үргэлжлэл юм.

Төслийн эхний үе шат болох 1 сая ам.долларын төслийн хүрээнд Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-д шаардлагатай Компьютерт томографийн аппаратыг худалдан авч, ХӨСҮТ,  ЗӨСҮТ, болон цар тахлын эсрэг дайчлагдан ажиллаж байгаа 21 байгууллагын 2542 эмч, эмнэлгийн ажилчид болон резидент эмч нарын илүү цагийн хөлсийг санхүүжүүлэхэд зарцуулсан болно.

Санал болгох мэдээ

Интерполын хөх булант зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан иргэнийг баривчлан, албадан авчирлаа

Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага Интерполын “Хөх булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын …