“Оюу толгой” компани боловсролын тэтгэлэгт хөтөлбөрүүдээ зарлалаа

“Оюу толгой” компани нь боловсрол, хүний хөгжилд чиглэсэн үйл ажиллагаагаа сургууль, коллежийн барилга барьж, тохижуулахаас эхлээд сургалтын хөтөлбөр хамтран боловсруулах, тэтгэлэгт хамруулах зэргээр өргөн хүрээнд зохион байгуулдаг билээ.

Манай компаниас зарладаг тэтгэлэгт хөтөлбөрүүд нь ахлах ангийн сурагчийн ширээнээс ажлын талбарт гарах хүртэлх бүхий л түвшнийг хамардгаараа онцлогтой. 2010 оноос хойш өнөөг хүртэл нийтдээ 2,600 гаруй оюутан залуусыг хөтөлбөрүүддээ хамруулаад байна.

Бид 2020-2021 оны хичээлийн жилд таван төрлийн хөтөлбөрөө зарлаж байгааг дуулгахад таатай байна. Шинэ хичээлийн жилд нийтдээ 145 оюутан, сурагчдыг хөтөлбөрүүддээ шалгаруулан авна. Материал хүлээн авах хугацаа 2020 оны есдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 2020 оны аравдугаар сарын 30 хүртэл үргэлжилнэ.

Материалаа www.ot.mn хаягаар илгээнэ. Хөтөлбөр бүрийн онцлог болон шалгуур үзүүлэлтийн талаар доорх тайлбар болон хүснэгтээс харж танилцана уу.

• Дотоодын тэтгэлэгт хөтөлбөр – Дотоодын их дээд сургуулийн 2-4 курст уул уурхайн чиглэлээр суралцаж буй оюутнуудад өгдөг бүрэн тэтгэлэг. 2011 оноос нийтдээ 315 оюутныг дотоодын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан байна. Энэхүү тэтгэлэг нь зөвхөн сургалтын төлбөрөөр хязгаарлагдахгүй сар бүр амьжиргааны зардал болон хөдөө орон нутгийн оюутнуудад дотуур байрны зардлыг мөн нэмэлтээр олгодог юм. Хөтөлбөрт тэнцсэн оюутнууд “Залуусын хөгжлийн хөтөлбөр”-т давхар хамрагдаж, өөрийгөө хөгжүүлэх, хувь хүнийхээ хувьд өсөж хөгжих боломжтой. Энэ жил 20 оюутан шалгаруулж, тэтгэлэг олгоно.

• Геотехникийн тэтгэлэгт хөтөлбөр – ШУТИС болон “Оюу толгой” компанийн хамтын ажиллагааны хүрээнд шинээр боловсруулж буй сургалтын хөтөлбөрийн хүрээнд зарлагдаж буй тэтгэлэг. Энэхүү тэтгэлэг нь уул уурхайн үйлдвэрлэлийн геотехникийн үйл ажиллагааг төлөвлөх, гүйцэтгэх, эрсдэлээс хамгаалах, хянах чадвартай олон улсад өрсөлдөхүйц уул уурхайн геотехникийн инженер бэлтгэх зорилготой. Энэ хичээлийн жилд 20 оюутан шалгаруулж авна.

• Шинэ төгсөгчийн хөтөлбөр – Их сургуулиа төгсөөд удаагүй байгаа залууст ажлын туршлага хуримтлуулах, салбарынхаа шилдэг мэргэжилтнүүдтэй мөр зэрэгцэн ажиллаж, суралцах боломж бүхий Рио Тинто группийн жишиг хөтөлбөр. Одоогоор шинэхэн төгссөн 122 залуус оюутны ширээнээс шууд дэлхийн хэмжээний уурхайд ажиллаж байна. Тус хөтөлбөр нь дөрвөн жилийн хугацаанд үргэлжилж, оролцогчдоо тухайн салбартаа тэргүүлэх мэргэжилтэн болоход нь шаардлагатай бүхий л нөхцөлийг бүрдүүлж өгдөг онцлогтой. Энэхүү хөтөлбөр нь 10 дугаар сард зарлагдана.

• Залуусын хөгжлийн хөтөлбөр – Ерөнхий Боловсролын Сургуулийн төгсөх ангийн сурагчдыг чадавхжуулах зорилготой хөтөлбөр. Уг хөтөлбөрт нийтдээ 1,096 гаруй оюутан, сурагчид хамрагдаад байна. Хөтөлбөрт хамрагдсан сурагчид найман долоо хоногийн турш хувь хүний хөгжлийн сургалтад сууж, багаар хамтран төсөл хэрэгжүүлэх болно. Энэ хичээлийн жилд 50 сурагчийг хамруулна.

• Говийн Оюу – Оюутны тэтгэлэгт хөтөлбөр – Өмнөговь аймгийн ирээдүй хойч үе болсон оюутан залуусыг дэмжих “Говийн Оюу-Оюутны тэтгэлэг” хөтөлбөрийг тус аймгийн харъяат оюутан залууст зориулан зарлаж байна. Өнгөрсөн хугацаанд 187 оюутан давхардсан тоогоор энэ тэтгэлгийг хүртсэн бөгөөд энэ жил нийт 55 оюутанд тэтгэлэг олгохоос 35 оюутныг шинээр шалгаруулна.

Санал болгох мэдээ

Тайваний Боловсролын яамнаас 13 оюутанд тэтгэлэг олгохоор боллоо

Тайваний Боловсролын яамнаас 2024 оны хичээлийн жилд 13 Монгол оюутанд тэтгэлэг олгохоор боллоо. Тайваньд бакалавр, …