ХЭҮК: Хүний эрхийн зарим зөрчлийг 7 хоногийн дотор арилгах үүрэг өгөв

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч бөгөөд ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг 2020 оны 9 дүгээр сарын 5-наас 20-ныг хүртэлх хугацаанд Ховд, Баян-Өлгий, Увс аймагт ажиллаж, хүний эрхийн хяналт шалгалт, сургалтуудыг зохион байгуулж байна.

Албан томилолтын хүрээнд дээрх аймгуудын удирдлагуудтай уулзаж, мэдээлэл солилцохоос гадна төрийн байгууллагуудын удирдах албан тушаалтнуудад “Жендэр ба Хүний эрх” сэдэвт сургалтыг явуулж, тухайн аймагт төрийн чиг үүргийг хэрэгжүүлж буй байгууллагуудад Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийн нөхцөл байдал, Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэхтэй холбоотой асуудлыг шийдвэрлэсэн байдал, хохирогч хамгаалал, түр хамгаалах байр болон нэг цэгийн үйлчилгээг хүргэж буй нөхцөл, мөн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор ЦЕГ, ОБЕГ, МХЕГ-тайн хамтран “Бодис-2020” аяны хүрээнд химийн хорт бодисын хадгалалт, хамгаалалт, ашиглалтын нөхцөл байдлыг шалгаж байна. ХЭҮК-ын ажлын хэсэг ЦЕГ-тай хамтран хэрэгжүүлж байгаа “Хариуцлагатай алба хаагч” аяныг орон нутагт эхлүүлж, аймаг тус бүрийн хуулийн байгууллагуудын алба хаагчдад “Эрүү шүүлтээс ангид байх эрх” сэдэвт сургалтыг зохион байгуулж байна.

Түүнчлэн хилийн цэрэг, зэвсэгт хүчний анги нэгтгэлүүд, хорих ангиуд, баривчлах, урьдчилан саатуулах төв, эрүүлжүүлэх байр, асрамжийн газар, түр хамгаалах байруудын үйл ажиллагаатай ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг биечлэн танилцаж, хүний эрхийн шалгалтуудыг хийж байна.

Энэ удаагийн томилолтын хугацаанд Ховд аймгийн Ховд, Буянт, Зэрэг, Дарви сум, Баян-Өлгий аймгийн Өлгий, Бугат, Буянт, Сагсай, Увс аймгийн Улаангом, Сагил зэрэг сумдад жендэрийн эрх тэгш байдал, хүүхдийн эрх, хүчирхийллээс ангид байх, эрүүдэн шүүхээс ангид байх эрх, цагдаагийн байгууллагын ажилтнуудын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилт, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилтийг шалгалаа.

Ховд аймгийн хувьд шинээр баригдсан Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалах түр байр нь зориулалтын бус барилгын зураг төслөөр баригдсан, хохирогчийн аюулгүй байдал, хамгаалалтын стандарт, хуулийн шаардлагад нийцээгүй нөхцөл байдалтай байгаа нь анхаарал татлаа. Уг барилгын тендерийг 2019 онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Улаанбаатар хотод зарлан шалгаруулж, шалгарсан компанид барилга барих эрхийг олгохдоо Баянгол дүүргийн нийгмийн даатгалын газрын албан конторын зураг төслийг хуулбарлан бариулснаас үүдэн Хохирогчийг түр хамгаалан байрлуулах, үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага MNS 6040:2019 стандартыг ноцтойгоор зөрчиж, хууль хэрэгжүүлэх боломжгүй болсон байв.

Шалгалтын явцад илэрсэн хүний эрхийн зөрчлүүдийг яаралтай буюу 7 хоногийн дотор арилгаж, хариу мэдэгдэхийг ХЭҮК-ын гишүүн бүрэн эрхийнхээ хүрээнд Баян-Өлгий аймгийн удирдлагуудад үүрэг болголоо. Тухайлбал, тус аймгийн Ахмад настны асрамжийн төвд асруулагчдын орчин нөхцөл, хоол хүнсний чанар, халамж үйлчилгээг хуулийн шаардлагад нийцүүлэх, тэдний амьдрах орчин нөхцлийг яаралтай сайжруулахыг шаардаж, бодит үр дүнд хүрэх ажлыг богино хугацаанд хийх шаардлагатай байгааг шалгалтын хүрээнд илрүүллээ. Мөн тус Асрамжийн газрын барилга нь хуучирч муудан, хүн амьдрах боломжгүй болтлоо хана туурга сэвтэж, нүх гарсан, хамгаалалтын үүргээ гүйцэтгэх боломжгүй болсныг ХЭҮК 2017-2018 онд шалгаж тогтоон холбогдох байгууллагуудад санал, шаардлага хүргүүлж улмаар шинэ барилга бариулах асуудлыг хөндөж байсан бөгөөд өнөөдрийг хүртэл тодорхой үр дүнд хүрээгүй байна.

Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн хүрээнд хийгдэж буй шалгалтуудын нэг болох химийн хорт бодисын хадгалалт, хамгаалалт, ашиглалтын нөхцөл байдлыг ОБЕГ, ЦЕГ, МХЕГ-тай хамтран Баян-Өлгий аймагт шалгах явцад тус аймгийн цэвэрлэх байгууламжид ашиглахаар 1988 онд авчирсан 39 ширхэг баллонтой хлорийн шингэн хийг хадгалсаар байгаа нь аймгийн төв болон Бугат сумын иргэдийн аюулгүй байдалд онц ноцтой хохирол учруулж болзошгүй нөхцөл байдал үүсчээ. Мөн тус аймгийн цэвэрлэх байгууламж нь байгальд шингээх технологийн био карт буюу ил цооногуудад байршиж, даац хэтэрсэн тул асуудлыг шийдвэрлэх шаардлагатай болсныг шалгалтын баг дүгнэжээ. Аймгийн мал эмнэлгийн газрын дэргэдэх лаборатори нь стандартын шаардлага хангахгүйгээр, мал эмнэлгийн нэг өрөөнд үйл ажиллагаа явуулж байсан тул тус аймаг дахь Мэргэжлийн хяналтын газар үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоохоор газар дээр нь шийдвэрлэлээ.

Орон нутаг дахь хүний эрхийн зөрчлүүдийг арилгуулахаар ХЭҮК-ын гишүүний шаардлага, зөвлөмжийг холбогдох албан тушаалтанд хүргүүлэхээр шийдвэрлэж, орон нутгийн удирдлагуудад урьдчилсан байдлаар танилцуулаад байна.

ХЭҮК-ын ажлын хэсэг 2020 оны 9 дүгээр сарын 14-16-нд Увс аймагт ажиллаж байна. Тус аймагт хүний эрхийн сургалт, хяналт шалгалтын ажил зохион байгуулж, томилолт үргэлжилж байна.

Санал болгох мэдээ

Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Дотоодын цэргийн байгууллагад ажиллалаа. Үндэсний аюулгүй …