“Шилүүс” богино хэмжээний кино “Бусан, Лондонгийн Олон Улсын кино наадам”-д шалгарлаа

Залуу найруулагч, продюсер П.Лхагвадуламын эдгэрэл хайсан залуу бүсгүй болон өвөг дээдсийн сонголтоор идэр насаа зольсон залуу хоёрын нэгэн өдрийн түүхийг харуулсан “Шилүүс” богино хэмжээний кино Канад улсын Торонто Олон Улсын кино наадамд шалгарсан тухай наймдугаар сарын 28-ны өдөр бид мэдээлсэн билээ.

Тэгвэл “Шилүүс” богино хэмжээний кино Бусаны Олон Улсын Кино Наадмын “Өргөн Өнцөг” Азийн Богино хэмжээний киноны уралдаант хэсэг болон Лондон Олон Улсын Кино наадамд тус тус шалгарсан байна.

ЗОчир Филмз, Гуру Медиа студи болон Их Британийн Poisson Rouge Pictures-ийн дэмжлэгтэйгээр бүтээсэн уг бүтээлийн гол дүрд “Fill” студийн найруулагч М.Аззаяа, “Х-ТҮЦ” продакшны жүжигчин Г.Дөлгөөн нар тоглосон бол туслах дүрд МУГЖ Ш.Дэлгэржаргал, Сити их сургуулийн багш СТА С. Сарангэрэл болон СУИС-ийн Театр Урлагийн Дээд Сургуулийн багш СТА П.Мөнх-Од нар чадварлаг тогложээ.

Уг бүтээлийн зураглаачаар Энэтхэг улсын залуу зураглаач Криш Махижа, эвлүүлэгчээр Австрийн уран бүтээлч Мадлен Сийгхартслайтнер ажиллаж, Португалийн Лиссабон хотын “Dmix” студид дууны найруулгыг хийсэн байна.

Сонирхуулахад найруулагч, продюсер П.Лхагвадуламын “Шилүүс” богино хэмжээний кино 2020 оны Каннын олон улсын кино наадмын “Богино хэмжээний киноны уралдаант хэсэг”-т шалгарч, шилдэг 11 бүтээлийн нэгээр шалгарсан  байна. Энэ нь Каннын кино наадамд шалгарсан анхны монгол кино болж байгаа юм.

Тодруулбал, 2020 оны Каннын кино наадмын “Богино хэмжээний киноны уралдаант хэсэг”-т дэлхийн 137 орны 3810 кино бүтээл ирүүлснээс шүүгчид 12 орны 11 киног шалгаруулсан байна. Шалгарсан 11 киноны таван кино нь эмэгтэй найруулагчийн бүтээл байжээ.

Санал болгох мэдээ

Жүжигчин А.Баярцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдов

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон жүжигчин, продюсер А.Баярцэцэгийг хүлээн авч уулзан, …