Ц.Дэнсмаа:Иргэд соёлын биет өвүүдээ бүртгүүлж, эзэмшигч, өмчлөгчийн эрхээ хамгаалах шаардлагатай байна

Завхан аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Ц.Дэнсмаатай ярилцлаа.

-Завхан аймгийн Проку­рорын байгууллага үүсч байгуулагдсаны түүхт 90 жилийн ой боллоо. Аймгийн прокурорын газрын хувьд ойгоо угтаж олон бүтээлч ажлыг хийсэн болов уу?

-Тийм ээ, залуу боловсон хүчнийхээ мэдлэг боловсролыг дээшлүүлэх, тэднийг чадавх­жуулах үүднээс илтгэлийн уралдаан зохион байгууллаа. Мөн манай прокурорууд гэмт хэрэг үйлдсэн эзэн холбогдогч нь тодорхойгүй болон мөрдөн байцаалтын ажиллагаа удаашран шалгагдаж байгаа хэргүүдийн шалтгаан нөхцөлийг тогтоох шалгалтыг хийж, холбогдох арга хэмжээ авч ажиллалаа. Энэхүү шалгалтын гол зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг илрүүлэх, тэдэнд эрүүгийн хариуцлага оногдуулах, учирсан хохирлыг төлүүлэх, прокурор, мөрдөгч нарыг мэргэжлийн удирдлагаар хангах, цаашлаад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой үр дүнтэй ажлуудыг зохион байгуулахад чиглэсэн гэж ойлгож болно. Мөн прокурорын байгууллагаас ямар ажил арга хэмжээг хэрхэн зохион байгуулж ажилласнаар гэмт хэргийн илрүүлэлт өсөж, гэмт хэргийн гаралтыг бууруулж чадах вэ гэдэгт дүгнэлт хийх зорилготой байсан юм.Шалгалтаар нийт эзэн холбогдогч тодорхойгүй хэргийн 80 орчим хувь нь хулгайлах гэмт хэрэг эзэлж байгаа ба нийт хулгайн гэмт хэргийн 60 орчим хувь нь  Завхан аймгийн төвд буюу Улиастай суманд үйлдэгдсэнд дүгнэлт хийсэн. Дээрх арга хэмжээний хүрээнд бид цагдаагийн байгууллагын мөрдөгч нарын дунд “Илрүүлэлт-Шийдвэрлэлт 2020” нэгдсэн  аяныг нэг сарын хугацаатай зохион байгуулж, шилдэг мөрдөгчийг шалгаруулан шагнаж урамшууллаа. Энэ нь мөрдөгч нарын хуулийг нэг мөр хэрэгжүүлэх, эрхэлсэн ажилдаа идэвх санаачилга гарган ажиллах эрч хүчийг нэмэгдүүлэх, урам зориг өгсөн  үйл ажиллагаа болсон гэж ойлгож байгаа.

-Ойрын хугацаанд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар арга хэмжээг зохион байгуулж ажиллаж байна вэ?

-Аймгийн хэмжээнд тухайн орон нутгийн эрүүгийн болон зөрчлийн нөхцөл байдлыг 2020 оны эхний хагас жилийн байдлаар судлан, судалгааны дүнд үндэслэн Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл болон Засаг дарга нарт танилцуулга хүргүүлэн ажилласан.

-Завхан аймгийн хэмжээнд ямар төрлийн гэмт хэрэг зон­хилон үйлдэгдэж байна вэ?

-2020 оны эхний хагас жилд гарсан нийт гэмт хэргийн 60 хувь нь Улиастай  суманд үйлдэгдэж байгаа бол дийлэнх хувийг хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг,бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч эд хөрөнгийг нь хулгайлах, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг эзэлж байна.

-Аймаг, орон нутагт үйлдэгдэж байгаа гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг судалсан байна. Ер нь  иргэдэд анхааруулж зөвлөх зүйл юу байна вэ?

-Завхан аймагт ихэвчлэн гардаг хэрэгт иргэд, аж ахуйн нэгжийн зүгээс анхаарвал зохих асуудлууд байна. Үүнд: Сум орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа гандан хийдүүд болон иргэдийн гар дээр өв уламжлагдан ирсэн соёлын биет өв болох бурхан шашны, дахин давтагдашгүй үнэт зүйлүүд хулгайд алдагдах тохиолдол нэлээдгүй гардаг бөгөөд үүний улмаас тухайн алдагдсан бурхан шашны үнэт эд зүйл болох бурхан, судар, шашны эд зүйлсүүдийг үнэлэхэд хүндрэл бэрхшээл гарах тохиолдол их гарч байна. Тухайлбал, зарим иргэдийн гар дээр болон сүм хийдүүдэд хадгалагдаж байгаа XV-XIX зууны үед хэрэглэгдэж байсан соёлын биет өвүүд хулгайд алдагдаж, тухайн өвүүдийг эрэн сурвалжлах, үнэлгээг гаргахад хүндрэл үүсдэг. Учир нь иргэд болон хуулийн этгээдүүд дээрх соёлын биет өвүүдийг Монгол Улсын Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 33, 40 дүгээр зүйлүүдэд заасны дагуу бүртгүүлж, эзэмшигч, өмчлөгчийн эрхээ хамгаалж байх нь зүйтэй байна.Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэдэд мэдээлэл өгөх, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, үйлдэгдэн гарч буй хулгайн гэмт хэргийг илрүүлэх чиглэлээр албан хаагчид болон иргэд олон нийтийг татан оролцуулах, хөршийн холбоогоо сайжруулах, гэр, орон сууцны хороолол гудамж талбайг камержуулах ажлыг эрчимжүүлэх шаард­лагатай байгаа юм. Мөн хөдөл­гөөний аюулгүй бай­дал, тээврийн хэрэгслийн ашиглалтын  журмын эсрэг гэмт хэргээс 47 буюу 49.4 хувь нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон, хурдаа тохируулж хөдөлгөөнд оролцдоггүй, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцдог, хэт ядарсан, нойрмоглосон үедээ жолоо барьдаг, гүйцэж түрүүлэх үйлдэл буруу хийдэг, анхаарал болгоомжгүй байдал, эсрэг урсгалд орох зэргээс шалтгаалж үйлдэгдсэн байна. Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгдэж байгаа цаг хугацааг судалж үзэхэд ихэвчлэн 06-23 цагийн хооронд үйлдэгдэж байгаад анхаарч Цагдаагийн байгууллагаас замын хяналт шалгалт, пост, эргүүлийг ажиллуулахдаа цаг хугацааг тооцоолж байх шаардлагатай гэж үзсэн.

Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын  журам зөрчсөн гэмт хэргийн ихэнх нь орон нутгийн зам, тэр дундаа шулуун замд үйлдэгдэж байна. Иймд жолооч нар нь замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журмуудыг нэг мөр ойлгож хэрэгжүүлэн хурдаа тохируулж, өөрийн болоод бусдын амь нас эрүүл мэндэд хохирол учруулахгүй байх, яаралгүй тайван замын хөдөлгөөнд соёлтой оролцмоор байгаа юм. Дээрх хууль, дүрэм, журмуудыг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах, тээврийн хэрэгслээ эвдэж  сүйтгэн эд хөрөнгөөрөө хохирох явдал буурахгүй, жилээс жилд өсөх хандлагатай байгаа бөгөөд нийгмийн сэтгэл зүйг эмзэглүүлсэн уур амьсгал бий болгож байна. Завхан аймаг байгалийн өвөрмөц тогтоц ихтэй үзэсгэлэнт газруудтай, мөн хатуу хучилттай шинэ замтай болсон учир манай нутгийг чиглэсэн аялал жуулчлал ихсэх хандлагатай байна.Иймээс аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл хууль хяналтын байгууллагатай хамтран тэмдэглэлт баярын өдрүүд буюу наадам, цагаан сарын баярын өдрүүдэд орон нутгийн хатуу хучилттай замаар дамжин өнгөрч байгаа тээврийн хэрэгсэлд тавих хяналтыг сайжруулж, замдээр тэмдэг тэмдэглэгээ буюу шөнийн цагт гэрэл ойлгогчтой тэмдэг тэмдэглэгээ байрлуулах, хурд сааруулагч болон хяналтын постыг нэмэгдүүлэх шаардлага бий болсон байна.

Эх сурвалж : Өдрийн сонин

Санал болгох мэдээ

Жан Тодт:Улаанбаатар хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулж, хамтран ажиллах бүрэн боломжтой

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн …