Үерийн улмаас Баянбайгаль амралт руу очих боломжгүй болсон тул иргэдийг “Вензоу” зочид буудалд байрлуулахаар болов

Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 06:04 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардсан.

Тус онгоцоор 240 иргэн эх орондоо ирсэн бөгөөд иргэдийг учир шалтгаанаар нь ангилан үзвэл, бага насны хүүхэдтэй гэр бүл-40, өндөр настан-12, эрүүл мэндийн шалтгаантай-21, бусад шалтгаантай-167 иргэн байгаа юм.

Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Ворлд Монголиа, Би Жи зочид буудал, Баянбайгаль амралтын газарт тусгаарлахаар төлөвлөөд байсан.

Гэтэл өнгөрсөн шөнө орсон усархаг аадар борооны улмаас Төв аймгийн  Батсүмбэр сум орчмоор үер бууж, авто замаар зорчих боломжгүй болсон тул Баянбайгаль амралтын газар  тусгаарлагдах иргэдийг “Вензоу” зочид буудалд байрлуулах зохицуулалтыг хийлээ.

“Вензоу” зочид буудал нь дөрвөн удаагийн нислэгээр ирсэн 419 иргэний тусгаарлалтыг хүлээн авсан бөгөөд дараагийн захиалгат нислэг буюу өнөөдрийн /2020.09.15/   Сөүл-Улаанбаатар чиглэлийн зорчигчдыг хүлээж авахаар бэлтгэл хангаад байсан юм гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Холбоотой мэдээлэл

Comments are closed.