Н.Батсуурь: Бөхчүүддээ хандаж хэлэхэд допингийн шинжилгээ өгөхдөө хоол, хүнсэндээ анхааралтай хандахгүй бол маш цөвүүн цаг иржээ

Улсын наадамд таваас дээш давсан бөхчүүдээс допингийн шинжилгээ авдаг бөгөөд энэ жилийн наадамд зодоглосон гурван бөхөөс допинг илэрсэн талаар мэдээлэл гараад буй. Энэ талаар Улсын аварга Н.Батсуурь өнөөдөр (2020.09.14) мэдээлэл хийлээ.

Улсын аварга Н.Батсуурь “Таны биеэс триметазидин гэх эмийн бодис илэрсэн гэсэн хариу өгсөн. Би есдүгээр сарын 10-нд хариугаа аваад, гурав хоногийн хугацаанд надаас илэрсэн эмийг судалсан. Энэ эм нь зүрхний эм бөгөөд Монголд аптекуудаар нэг ширхэг нь 400 төгрөгөөр худалдаалагддаг эм юм.

Миний бие 10 удаа допингийн шинжилгээ өгч байсан. Энэ удаа надаас ийм бодис илэрлээ гэж хэлэхэд нь гайхаж хүлээж авсан. Шинжилгээнээс маш бага хэмжээгээр илэрсэн ч WADA-ийн допингийн шинжилгээнд хориглосон эмийн жагсаалтад ордог юм байна. Тиймээс миний бие хариуцлагаа хүлээхэд бэлэн байна. Б сорьцын шинжилгээ өгөхгүй, хүлээн зөвшөөрч байна.

Гэхдээ би маш их харамсч байна. Өдий зэрэгт хүрэхдээ үнэнчээр, хүч хөдөлмөрөөрөө барилдаж ирсэн. Монгол төрийнхөө баяр наадмыг үзсэн, наадамчин олон, ард түмнээсээ албан ёсоор уучлал гуйж байна.

Энэ эм Дэлхийн допингийн эсрэг байгууллагын хориотой эмийн жагсаалтад орсон бөгөөд 2016 оноос эхлэн бүх цаг үед хэрэглэхийг хориглосон жагсаалтад орсон эм юм билээ. 2014 онд БНХАУ-ын тамирчин Сүн Ян эмчийн заавраар хэрэглэж байсан зэрэг бодит кейсүүд байна.

Миний хувьд энэ эмийг уух ямар ч үндэс байхгүй учраас идэж, уусан зүйлд минь найруулж өгсөн гэж би хувьдаа хардаж байгаа юм. Энэ эмийг хэрэглэх ямар ч шаардлага байхгүй ч миний биеэс илэрсэн нь үнэн гэдгийг хүлээн зөвшөөрч байна.

Залуучууддаа, бөхчүүддээ хандаж хэлэхэд ууж, идэхдээ маш болгоомжтой байж хоол, хүнсэндээ анхааралтай хандахгүй бол маш цөвүүн цаг иржээ гэж бодож байна” гэж мэдэгдлээ.

Санал болгох мэдээ

Архангай аймгийн Чулуут сумын 100 жилийн ойд зориулсан барилдаанд Улсын заан Д.Анар түрүүллээ

Архангай аймгийн Чулуут сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумаас төрөн гарсан Монгол Улсын …