Б.Мөнх-Оргил: Цахилгааны шугам, төмөр зам, авто зам гэх мэт дэд бүтцэд ойр байгаа нь Эмээлтийн давуу тал

Эмээлтийн Хөнгөн Үйлдвэрийн үйлдвэрлэл, Технологийн паркийг ХУД-ийн 13 дугаар хороо, Шар Хөвийн хоолойн 160 га талбайд байгуулах төслийн “Арьс шир, ноос ноолуур боловсруулах үйлдвэрлэлийн төлөв байдал, хөгжил” хэлэлцүүлэг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимд боллоо.

Төслийн хүрээнд ирэх 10 жилд аж үйлдвэрүүд, шинжлэх ухааны байгууллагатай хамтран арьс шир, ноос ноолуурын үйлдвэрийн парк байгуулан 8,3 сая арьс шир боловсруулан, 22000 тонн ноос ноолуур угааж, 8300 орчим ажлын байр шинээр бий болгох юм. Шар Хөвийн хоолойн 160 га талбайн 66 га-д үйлдвэрлэлийн, 41,6 га-д инженерийн байгууламж, 11 га-д сургалт судалгаа, инновацын бүс, 15,5 га-д тээвэр ложистик, 25,2 га-д ногоон байгууламжтай байхаар төлөвлөжээ. Өнөөдрийн хэлэлцүүлгээр Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн эко паркийн төсөөлөл, ирээдүйд улс орны эдийн засаг, нийгэм, байгаль орчинд үзүүлэх эерэг нөлөөлөл, мөн Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, дэлхийн жишигт нийцсэн импортыг орлох экспортын баримжаатай орчин үеийн парк байгуулах талаар болон үйлдвэрлэлээс гарсан технологийн саарал усыг дахин ашиглах боломжийн талаар илтгэл тавьсан юм.

Эмээлтийн Хөнгөн Үйлдвэрийн үйлдвэрлэл, Технологийн парк байгуулах болсон шалтгааны талаар Нийслэлийн Шинжлэх Ухаан, Үйлдвэрлэл, Инновацын газрын дарга Б.Мөнх-Оргил ярихдаа, Улаанбаатар хотын хүн ам 2019 онд 1,4 сая гаруй болсон статистик мэдээ бий. Хотын төвд арьс шир боловсруулах анхан шатны үйлдвэрүүд байгаа нь хүн амын дунд халдварт өвчин үүсгэх магадлалтай. Үйлдвэрүүдийн бохир ус цэвэршүүлэх байгууламж нь оршин суугчдаас 500 метр зайд байрлах ёстой ч 5 метр хүрэхгүй ойрхон байгаа нь эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж байгаа. Аж үйлдвэрийн парк байгуулахад байршил маш чухал. Цахилгааны шугам, төмөр зам, авто зам гэх мэт дэд бүтцэд ойр байгаа нь энэ паркийг Эмээлтэд байгуулах тохиромжтой юм. Нийслэлээс холгүй учир зах зээл болон түүхий эддээ ойр, хүний нөөц бэлдэхэд ч хүндрэлтэй хэмээв.

Энэ үеэр Монголын Арьс шир, үйлдвэрлэлийн холбооны тэргүүн Т.Баярсайхан ярихдаа, “Одоогоор Улаанбаатар хотод арьс ширний 30-аад үйлдвэр байгаа ч түүхий эдээ бүрэн ашиглаж боловсруулахад учир дутагдалтай байгаа. Түүхий эдийн чанарыг сайжруулснаар үнэ нэмэгдэхээс гадна гадаадын улс орноос захиалга авах боломжтой”-г дурдсан. Харин хөдөө аж ахуйн салбарын түүхий эдийн чанар муудаж, 80 гаруй хувь нь эрэлтгүй нийлүүлэлт болсноор түүхий эд их хэмжээгээр хаягдаж байгааг төрөөс зохицуулах шаардлагатайг ХААИС-ийн тэнхимийн эрхлэгч Д.Хандсүрэн онцолж байлаа.  

Монгол Улс өнгөрсөн оны статистик үзүүлэлтээр ноолуурын 7,4, ноосны 9,4, арьс ширний 9,3 хувийг дотооддоо боловсруулсан нь харьцангуй буурсан үзүүлэлт юм.

Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүд, Сангийн яам, ХХААХҮЯ, Дэлхийн банкны судалгааны баг, НЗДТГ, Нийслэлийн Шинжлэх Ухаан, Үйлдвэрлэл, Инновацын газар, Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК, Монголын Арьс шир, ноос ноолуурын мэргэжлийн холбоод, Хөнгөн үйлдвэрлэлийн судалгаа хөгжлийн хүрээлэн болон салбарын ТББ-ын төлөөлөл оролцлоо.

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …