Хүүхэд, залуусыг цэрэг-эх оронч үзэл, хүмүүжлээр төлөвшүүлэхэд хамтран ажиллана

  Цэргийн сургалт бэлтгэлд үүрэг гүйцэтгэх чадвар, бие бялдрын бэлтгэлжилтээс гадна сэтгэл зүйн төлөвшил, бэлтгэл чухал  байдаг. Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлал, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай энэ хүрээнд хамтран ажиллахаар 8 дугаар сарын 12-ны өдөр уулзалт зохион байгууллаа.

Уулзалтад Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Л.Онцгойбаяр, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиун нар оролцож, харилцан мэдээлэл солилцож цаашид хоёр байгууллагын хамтран хэрэгжүүлэх ажил, арга хэмжээнүүдийн талаар хэлэлцсэн юм. Тухайлбал, Хуурай замын цэргийн нэгтгэл, ангиудын бие бүрэлдэхүүний гэр бүлийн харилцаа, залуучуудын хөгжил, хүүхэд, багачуудын хүмүүжил, төлөвшлийг анхаарч ажиллах талаар хамтарсан төлөвлөгөө боловсруулж ажиллахаар харилцан тохиролцсон ажил хэрэгч уулзалт болов.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиунаас уулзалтын тухай тодруулахад “Цаг үеэ олсон уулзалт болж чадлаа. Хүн бүр сайн математикч болох албагүй. Харин аав, ээж болно. Хуурай замын цэрэг хэмээх өнөр өтгөн энэ айлд маш олон цэргийн болон энгийн ажилтан алба хаагчид алба хааж байна. Цэргийн гэрээт болон хугацаат цэргүүд ч мөн олон. Тэр утгаараа орон нутаг дахь Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн байгууллагуудаараа дамжуулан гэр бүлийн үнэ цэн, үр хүүхдүүдийнх нь төлөвшил, хүмүүжил, гэр бүлдээ итгэх итгэлцлийг бэхжүүлэхэд чиглэсэн нэлээд арга хэмжээ хэрэгжүүлэхээр харилцан тохиролцлоо. Манайх мэргэжлийн байгууллагын хувьд энэ чиглэлд дуртайяа хамтран ажиллах болно. Хоёрдугаарт, манай байгууллагын харьяа халамж, асрамжийн төвүүдийн хүүхэд, багачуудыг цэрэг-эх оронч үзэл, хүмүүжилтэй иргэн болон төлөвшихөд нь Хуурай замын цэргийнхний үүрэг, оролцоо асар их” гэсэн юм.

Үүний дараа Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын төлөөлөгчдийг Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар хүлээн авч уулзаж, хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлсэн юм.

Санал болгох мэдээ

Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Дотоодын цэргийн байгууллагад ажиллалаа. Үндэсний аюулгүй …