30 мянган хонины тухай киноны зураг авалт эхэллээ

Хятад улсад цар тахлын гамшиг нүүрлэсэн хүнд хэцүү үед хөрш Монгол улсаас хандив тусламж болгон өгсөн 30 мянган хонины тухай хятадууд баримтат кино хийхээр болжээ. Хятадын талаас энэхүү баримтат киноны зураг авалтыг эхлүүлж байгаагаа зарласан албан ёсны арга хэмжээ энэ сарын 10-нд БНХАУ дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд боллоо.

Баримтат киног БНХАУ-ын Хэпин /Peace international/ компанийн захирал Д.Энхбаяр санаачлан, киноны уран бүтээлчид болон хөрөнгө оруулагчидтай хамтран бүтээхээр болжээ. Д.Энхбаяр нь ӨМӨЗО-ны Алшаа аймгийн уугуул,  нэртэй хөгжмийн зохиолч,  продюсер юм.

Киноны зохиолыг Шан Шүэ Вэнь, Жү Шэнь Ли нар хамтран бичсэн бөгөөд “Чонон сүлд” киноны туслах найруулагчаар ажилласан Нанжид, найруулагч Чин Жао нар найруулахаар болжээ.

Гурван бүлэг, 45 минутын хэмжээтэй энэ баримтат кино 10-р сарын сүүлчээр нээлтээ хийх бөгөөд Монгол Улсын 21 аймгийн малчны хотонд зураг авалтыг нь хийх ажээ.

Ташрамд сануулахад,  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ оны хоёрдугаар сарын сүүлчээр БНХАУ-д гэнэтийн айлчлал хийж Монголын ард түмний чин сэтгэлийн бэлэг 30 мянган хонийг Хятад улсад хандивлаж байгаагаа дуулгасан билээ. Хятад улсад цар тахал ид дэгдэж байх тухайн үед зорьж очсон Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, “Монголчууд хүндрэл бэрхшээл тулгарсан нэгэндээ тусалж дэмждэг ард түмэн. “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал” гэсэн зүйр үг байдаг юм. Найрсаг харилцаатай өнө мөнхийн хөршийн хувиар Монголын ард түмэн энэхүү хүнд үед Хятадын ард түмэнтэй хамт гэдгийг илэрхийлж байна” гээд 30 мянган хонь хандивлах гэрчилгээг Ши Жиньпинд гардуулсан юм.

Санал болгох мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Цагаан сарыг тохиолдуулан монголын ард түмэнд …