Мэдрэлийн ядаргаа тайлах төгс аргууд

Мэдрэлийн ядаргаа туйлдаа хүрэх нь төрөл бүрийн эрсдэл дагуулдаг. Ядаргааг маш энгийн аргаар тайлснаар та эрүүл болохоос гадна сэтгэлзүйн хувьд эерэг нэгэн болж хувирах
болно. Тиймээс уншигч та бүхэндээ зориулан ядаргаа тайлах шилдэг аргыг хүргэж байна.

Хоол хүнс

Судлаачдын үзэж байгаагаар ядаргааг өглөөний зөв хооллолтоор даван туулж болно гэж үздэг. Энэ онолыг ч үгүйсгэх аргагүй. Британийн судлаачид хэд хэдэн хүнсний бүтээгдэхүүний жагсаалт гаргасны нэгэнд нь улаан алим багтаж байна. Тэдний үзсэнээр нэг улаан алим өглөө идэхэд нойр бүрэн сэргэж, бие эрхтэн амин дэм, эрдэс бодисоор хангагдах аж. Жагсаалтыг самар, тахиа, загасны мах, овьёосны каш, цай зэрэг удаалжээ. Юу хийх вэ? Эрч хүчийг их хэмжээгээр өгөх өглөөний хоолны цэс өөртөө зохиогоод үзээрэй. Удахгүй таны бие үүнд талархаж эхлэх болно.

Цагаан гаа

Ядаргаанаас салах бас нэгэн нэмэлт хүнс бол цагаан гаа юм. Цагаан гааг байхуу цайнд ч, ногоон цайнд ч хийж хэрэглэж болох ба хамгийн гол нь шинэ байх нь чухал. Нэг аяга цайнд 5 гр цагаан гаа гэж тооцоолон, нарийхан хэрчээд эсвэл үрж жижиглэсэн байдлаар хийж хандлан ууна. Цайтайгаа цуг буцалгаад халуун саванд хийж 15 минут орчим хандална. Илүү халуун чанарын цай уухыг хүсч байвал чимх перец, хэрчим цитрус жимс хийж болно.

Чихэндээ иллэг

Өглөө босоод дасгал хийх гэж бөөн залхуу, тэгээд ч байнга хийж чадахгүй. Харин ганц минут чихэндээ иллэг хийхэд ядах юу байх вэ? Тэгээд ч энэ арга нь ядаргаанаас салах хамгийн энгийн арга. Чихэнд биологийн идэвхит 170 цэг байдаг ба эдгээр нь биеийн бүхий л эд эрхтэнтэй уялдаа холбоотой. Иллэг нь цусны эргэлтийг сайжруулж мэдрэлийн системийг идэвхжүүлнэ. Юу хийх вэ? Орондоо хэвтэж байхдаа ч иллэгээ хийж болно. Эхлээд эрхий болон долоовор хуруугаар чихнийхээ дээд хэсгийг зөөлөн илсээр доош чиглэлд явна. Мөн чихнээсээ зөөлөн дээш татна. Энэ мэт иллэгийг өдрийн турш буюу ялангуяа суугаа ажил хийдэг хүн хийвэл маш их үр дүнтэй. Цусны зогсонги байдлыг эвдэж бие сэргээх үйлчилгээтэй юм.

Сэтгэл зүйгээ хянах

Сэтгэцийн эмгэг, ядаргаа хавар болон намар илүү сэдэрдэг. Сэтгэцэд идэвхжлийн нөлөө гэж байдаг. Урин дулаан болохоор хүний сэтгэл санаа өөдрөг сайхан болдог. Мөн энэ улиралд зарим нэгэн таагүй гадны нөлөө, уур бухимдлаас болж сэтгэцийн эмгэг тусахдаа өртөмтгий болдог. Тиймээс сэтгэл санаа нь ямар байгаагаа тухайн хүн өөрөө сайтар хянах хэрэгтэй.

Ус

Ус бол амьд бүхнийг тэжээх шидтэй гэдгийг хүн бүхэн мэднэ. Усанд маш чухал шинж чанар бий. Жишээ нь: Сэтгэл санааг сэргээж өгдөг . 9 триллион тархи, мэдрэлийн эд эсүүд байнга хоорондоо идэвхтэй “харилцаж” байдаг. Тийм ч учраас бид бодож, хөдөлж, сэтгэл хөдөлж, мэдэрч байдаг ба нэг ёсондоо “ус бол эдгээрийн гол амин эрдэнэ” юм. Ус эд эсийн хэвийн ажиллагааг хангана: мэдрэлийн эд эсийн хоорондоо харилцах цахилгааныг ялгаруулдаг байна. Тэгэхээр аяга ус – таны эрч хүчийг нэмэх хамгийн шилдэг арга буюу таныг унтаа байдлаас сэрээж, ядаргаанаас салгах анхны алхам хийгдэж байгаа нь тэр. Юу хийх вэ? Ердөө л ус уу. Өглөөнөөс эхлээд л өдрийн турш уу. Жишээ нь, гүн ухаантнуудын онолоор бол хэрчим нимбэгтэй бүлээн ус өлөн гэдсэн дээрээ уувал өдрийн турш эрч хүчтэй байна гэжээ. “Ядаргааны туйл”-ын ард гарах бас нэгэн энгийн арга бол өглөө босоод л шүршүүрт орох аж. Шүршүүрийн усыг заавал шалзлам халуунаас мөсөн хүйтэн болгох гэсний хэрэггүй, усны хэмийн өөрчлөлт бага байж болно. Хамгийн гол нь өөртөө таашаал авчирч сэргэх нь л чухал. Эдгээр аргуудыг хэрэглэснээр та мэдрэлийн ядаргаанаас ангижрах болно. Мөн эрүүл байхын гол үндэс бол сэтгэлзүй тогтвортой байх гэдгийг үргэлж санаж байгаарай.

Эх сурвалж: HiDoctor

Холбоотой мэдээлэл

Comments are closed.