Д.Сайнсайхан: Сэвлэг үргээгээгүйгээс тухайн хүний хувь заяа, тавилан төөрөг, амьдралд нь нөлөөлж байдаг

Бусдад Туслахуй Анагаах Ухааны “Манба Дацан” хийдийн зурхайч, АУ-ын магистр Д.Сайнсайхантай ярилцлаа.

-Дорнын зурхай тэр дундаа монгол зурхайн цаг тооны бичгийн тухай ярихгүй юу?

-Монгол зурхайн тухай бичсэн манай мэргэдийн олон ном судар бий. Үүнээс Монголын ууган оточ Ламын гэгээн Лувсанданзанжанцан /1639-1704/ “Зурхайн гол авч орхихыг тодотгогч гэрэл”, “Шидийн зурхайн гарын авлага” зэрэг номыг бичсэн бол эрдэмтэн Сүмбэ хамбо Ишбалжирын (1704-1788) 1747 онд зохиосон й“Зурхайн гол төгс буянт шинэ зурхай эх, хөвгүүн судар” ном байна. Энэхүү номд монгол орны өргөн уудам газрын хуваарьт тохирсон Төгс буянт шинэ зурхайн ёс хэмээх гараг, эрхсийн хөдөлгөөн байршлыг өнгөрсөн, одоо, ирээдүй цагт хөөн олж цагалбар зохиох аргыг нарийвчлан боловсруулж гараг, эрхсийн хөдөлгөөнийг 1 секундийг 149,209 хуваасантай тэнцэх хэмжээний маш нарийвчлалаар боддог тул одоо цагийн тэнгэр, одзүйн аргаар эрхсийн байрлалыг олох аргатай шууд таардаг. Өөрөөр хэлбэл, шинжлэх ухааны аргаар бодсонтой адилхан юм. Тодруулбал, төвөдийн зурхайн цүр, пүг хэмээх хоёр том урсгалыг шууд аваагүй. Өөрийн орны цаг агаар, уур амьсгал, нар сарны хөдөлгөөн байршил гэхчлэн нарийн тооцсоноор “Төгс буянтын шинэ зурхай”-г гаргасан юм. Улмаар энэхүү Төгс буянтын шинэ зурхайг Цахар гэвш Лувсанчүлтэм /1740-1810/, Сэрдог гэгээн Лувсанчүлтэм /1845-1915/, Гүүш цорж Минжүүрдорж, Сайн ноён хан аймгийн Доёд Балдан нарын монголын үе үеийн эрдэмтэд өөрийн орны цагийн хуваарьтаа тохируулаад, цаг тооны бичиг цагалбарыг гаргасан нь бий.

-Тэгвэл зурхайч гэж хэн бэ. Лам бүхэн зурхайч мөн үү?

-Бид аливаа зүйлс тэр дундаа шашин соёлынхоо талаар дутуу дулимаг, мэдлэг хомс байдгаас олон сөрөг үр дагавар үүсгэдэг. Болохгүй байгаа, алдаатай зүйлсийг өөр бусдаас харж өө хайх биш, өөрөөсөө эхэлж засах, хайх хэрэгтэй. Энэ бол бурхны шашны үзэл баримтлал. Буддын ухаанд их, бага  таван ухаан буюу нийт 10 салбар ухаан байна. Тодруулбал,  гадаад таван ухаан буюу бага таван ухаанд зохист аялгуу, ёгт нэр, эвсүүлэн найруулахуй, дуурайн бүжиг, зурхайн ухаан, дотоод таван ухаан буюу их таван ухаанд дуун ухаан, учир шалтгааны ухаан, урлахуйн ухаан, анагаах ухаан, дотоод ухаан буюу гүн ухаан багтдаг. Тэгэхээр энэ чиглэл бүрд мэргэшсэн боловсон хүчин бэлтгэгдэн гардаг байх нь л дээ.  Даанч жирийн иргэд лам л бол зурхайч гэж буруу ойлгодог. Үүнийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй.  Бас зурхайчаас яг хэрэгтэй зүйлээ  асуудаггүй. Зурхайг хэрэгтэй үед нь цагийг нь тааруулж хэрэглэдэг юм. Тэрнээс би энэ хүнтэй суух уу суухгүй юу, бөө шүтэх үү, бурхны шашин шүтэх үү гэх мэт хэрэггүй зүйл асууж болохгүй л дээ. Тийм тохиолдолд би “Танд аль нь илүү тусалж байна вэ. Та өөрийнхөө оюун, авах гээхийн ухаанаар дүгнэлт хийх хэрэгтэй”-г хэлдэг юм. Мэдээж хүн идэж байгаа хоолоо амтгүй бол болиод, амттайг нь иднэ биз дээ. Тэгэхээр зурхайчаас хамгийн чухлыг нь асуугаад, үлдсэнийг нь өөрийн оюун ухаанаар дүгнэлт хийх хэрэгтэй. Даанч сүсэг бишрэлээс чинь гадна мухар сүсэг гэж юм хүмүүсийг баллаад байх юм. Юм мэдэхгүй хүмүүс мэдэмхийрдгээс хамаг зовлон үүсдэг.

НАЙР ХУРИМ, БЭР ГУЙХ ХОЁРЫГ АНДУУРДАГ

-Жил бүрийн намар Дашням, Балжиннямтай өдрийн “эрэлд” нийтээрээ гарцгаадаг. Хурим найрыг заавал ийм өдрүүдэд хийх ёстой юу?

-Хүмүүсийн  нийтлэг ойлголтоор Балжинням, Дашнямтай өдрийг л сайн гэж боддог. Тэгээд амарчлаад тэр өдрүүдийг нь л товлочихдог. Гэтэл ямар үйл хийх гэж байгаагаас хамаараад малчны календарийнхаа алийг голчлон харах вэ гэдгээ сонгодог юм шүү дээ. Тухайлбал, хүүхдийн үс авах гэж байгаа бол даахь үргээхэд ямар өдөр вэ гэдгийг голчилно. Гэтэл хүмүүс Балжиннямтай өдөр л бол даахийг нь үргээнэ гэж орж ирдэг. Үзэхэд тэр Балжиннямтай өдөр нь хүүхдийн үс авахад муу өдөр байх жишээтэй. Тиймээс өдөр судрыг үзэхэд эхэлж үс авахад сайн өдрийг харна. Дараа нь тухайн хүүхдийн сүлд юм уу амин гарагийг тааруулчихвал  зүгээр. Тэгээд барилдлага, шүтэн барилдлагыг харна. Өөр нэг жишээ татахад хагалгаа хийлгэнэ гэхэд тухайн хүний час өдөр мөн эсэхийг харна. Хэрвээ час өдөр таарвал мэс хүргэж болохгүй. Тэрний дараагаар сүлд байрлах өдрийг харна гэхчлэн дэс дараалалтай. Тэрнээс Балжинням, Дашнямтай  л бол сайн гэж үзэх нь өрөөсгөл ойлголт юм. 

Орчин үед хүмүүс бидний нэрлэдгээр малчны календарь буюу үндсэн цаг тооны бичгээ хэрэглэж мэдэхээ больчихож. Олон зурхайч, одоо бараг хийд болгон календарь гаргаж байгаа ч залуучууд цаг тооны бичгийг уншиж, амьдрал ахуйдаа хэрэглэхгүй байна. Бид хүүхэд байхаасаа л энэ цаг тооны бичиг календарийг харж өссөн. Уг нь энд чинь маш тодорхой бичсэн байдаг. Тухайлбал, малчдын календариас тухайн өдрийн барилдлага, шүтэн барилдлага хоёрыг голчлон харна. Барилдлага, шүтэн барилдлага бол маш их тооцооллын үндсэн дээр гаргадаг учиртай. Тодруулбал, барилдлага, шүтэн барилдлагыг хараад, тэнд тохирсон үйл нь юу байна гэдгийг тооцдог. Бас од нь дүвзий, жэдзий гээд гурван тоо харгалдуулсан байгаа биз. Тэгээд одны тайлбарыг оруулсан байдаг ч аль тоог нь голчилж харахаа хүмүүс мэддэггүй. Дараагийн бас нэг чухал зүйл нь мэнгэ, хөлөл байна. Энэ мэт олон нарийн зүйл малчны календарьд бий. Тэрийг мэдэхгүйгээс жишээ нь бэр гуйна гэхэд таних мэдэх ямар ч хамаагүй лам юм уу, мэдэх байх гэж бодсон хүнээсээ хүү, охины талынхан тус тусдаа асуучихдаг.  Тэр нь зөрөөд над дээр ирсэн тохиолдол олон байна. Үүнээс болоод хүмүүсийг хооронд нь эвдрэлцүүлээд байна. Хүмүүс найр хурим, бэр гуйх хоёрыг андуурдаг. Хуримын энэ хоёр зан үйлийн бэр гуйх нь хамгийн чухал зан үйл юм. Тийм байхад бэр гуйх өдрөөсөө болоод л маргаан үүсэж болохгүй биз дээ. Найр бол яах вэ голчлох асуудал биш. Яагаад гэхээр найр хурим, оршуулга хоёрын оршуулга нь илүү муу цөв багатай гэдэг үг байдаг.

-Тухайн үзүүлж буй үйлийн өдрийн үзлэг яагаад зөрдөг юм бол. Тайлж уншиж чадахгүй байна гэсэн үг үү?

-Өдрийг шинжихүй буюу өдрийн хэрхэн үзэх тухай Л.Тэрбишийн цаг тооны календарийн 22-р нүүрэнд маш тодорхой бичсэн байгаа. Монгол зурхайгаар өдөр нь маш олон үзүүлэлттэй учраас бүгдийг нь харахад өөр өөр гардаг. Нэг хүн сайн өдөр гэж тайлахад, нөгөөх нь муу гэж хэлэх жишээний. Гэхдээ энэ нь үнэхээр тийм өөр өөр зүйл биш, харин тухайн өдрийн үзлэгийг үзэж чадаж байна уу гэдэгт асуудлын гол байгаа юм. Надад ч ийм зүйл тохиолдсон тухай сая хэллээ шүү дээ. Бэр гуйх өдрөө асууж ирсэн. Тэр  өдөр нь гахай өдөр байж таарсан. Гэхдээ гараг нь их сайн өдөр байгаа юм. Ингээд тэр өдрийг хэлж өгөөд явуулсан. Нөгөө талынхан нь нэг ламд үзүүлсэн гахай өдөр бэр гуйдаггүй гээд хэлчхэж. Үүнээс бол бэрээ өгөх, өгөхгүй маргаан болж л дээ. Гэтэл энэ тухай зурхайд “Өдрийн өнгийг шинжихүйн тухай” гээд их нарийн бичсэн байгаа юм. Тодруулбал, “Монгол жил, сар, өдөр, цагийг 12 амьтны нэрээр нэрлэж, таван махбодод харгалзуулдаг. Хоног гэдэгт аргын тооллын 24 цаг буюу билгийн тооллын 12 цагийг, өдөр гэдэгт билгийн тооллын 1-30  өдөр, жил өдөр гэдэгт амьтны нэрээр нэрлэсэн 12 өдрийг, гарагт даваагаас ням хүртэлх 7 гараг, од гэдэгт саран хэрж буй 0-26 дугаартай 28 од эрхсийг /21 дугаартай 2 од байдаг/ тус тус ойлгон нэрлэдэг. Билгийн нэг цаг нь аргын 2 цагтай дүйдэг ээ.

Үүнээс өдрийн сайн мууг шинжихдээ гараг, жил өдөр хоёр сайн муу нь өөр бол гарагийг голлож, харин гараг, од хоёр сайн, муу нь ялгаатай бол  махбодын барилдлагыг гол болгож, барилдлага муу бол аливаа үйлийг хийхдээ цаг хийгээд цагийн барилдлагыг голлодог. Тиймийн учир цагийн сайн, муугийн ялгалыг мэдэж элдэв үйлд хэрэглэх нь хамгийн нарийн аньстай юм. Өдрийн сайн, мууг сонгохдоо цаг тооны бичигт буй гараг, одны барилдлага, Бурхны номд заасан Балжинням, Дашням болон цагийг эрхэмлэх нь чухал. Тухайн онцгойлох өдөр нь давхарласан байвал арын өдрийг авна. Харин онцгойлох өдөр тасарсан байвал урд өдрийг авна. Жишээ нь цагаан сарын шинийн 2 давхарласан байвал арын нь 2 Балжиннямтай, хэрэв тасарсан бол шинийн 1-ний өдөр Балжиннямтай байна” гэх мэт байгаа юм.

-Эндээс харахад бүх зүйл тэгширнэ гэж байдаггүй аж. Тийм ээ.

-Ховор доо. Тиймээс л сайн зурхайчид шээх газар олдохгүй гэж үгтэй.

-Зурхайг хүн амьдралынхаа тодорхой үеүдэд зуруулах ёстойг та хэлсэн. Жишээ нь тэр үеүдээс  хэлж болох уу?

-Тийм ээ, яг л зайлшгүй зурхайгаар үзэх, мэргэлэх ёстой зүйлийг зурхайгаар зуруулах ёстой. Заавал зурхайчаар үзүүлэх зүйл нь гэвэл жишээ нь онош, учир нь олдохгүй өвчин эмгэг, далдын нөлөө, ад дон гэх мэт зүйл байна. Уламжлалт анагаах ухаанд 404 өвчин гэж  байдаг. Үүний 101 өвчин нь ад донгоос үүдэлтэй бөгөөд үүнийг гүрэм заслаар л  эдгээдэг. Үүнийг хийлгэхгүйгээр хэчнээн мундаг эмч үзээд, хэчнээн европ эмчилгээ хийлгээд, хэчнээн мундаг лабораторид шинжлүүлээд, хүчтэй ховор эм уугаад эдгэхгүй тохиолдол байна. Учир нь энэ бол цаанаа шалтаг шалтгаантай өвчнүүд учраас шалтгаанд нь тохирсон ном заслыг л уншуулах ёстой. Тухайлбал, сүлд нь байхгүй хүн хэчнээн эмчилгээ хийлгээд эдгэхгүй, сайжрахгүйтэй адил. Эсвэл айж цочоод хөлсөөтсөн хүүхдийг хэчнээн эмчлээд эдгэхгүй байдаг шүү дээ. Энэ бол бид нарын амьдралд өдөр бүр шахуу тохиолддог зүйл. Тэгээд хөлсөөтсөн хүүхдээ ширэглэхэд эмгүйгээр зүгээр болчихдог доо.

Өнөөдөр дөрвөн өвчин тутмын нэг буюу эмнэлгийн байгууллагад хандагсдын 25 хувь нь олон шалтгаант өвчний зовуурь тоочиж  ирдэг. Тэгсэн  мөртөө эмнэлгийн үзлэг, шинжилгээ оношилгоогоор юу ч илэрдэггүй тухай Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын судалгаа бий. Тэгэхээр энэ бол зайлшгүй психосоматик буюу сэтгэлийн шалтгаант өвчин учраас зурхайчид хандах зүйлийн нэг. Өөр бас бэр гуйх, шинэ хүүхэд төрсөн бол төөргийг нь зуруулах, угаах, даахийг нь үргээх гэхчлэн томоохон зан үйлүүдэд зурхай зуруулж, мэргэлүүлэх зан үйлтэй. Жишээ нь, зурхайн ухаан нь амьдын зурхай, үхэгсдийн зурхай, өвчний зурхай, бэрийн зурхай, хүний насан туршийн төөргийн буюу дэмбэрлийн зурхай гэж  хэд хэдэн том салбарт хуваагддаг. Бэрийн зурхайд гэхэд бэрийн жилээс хамаараад бэр ямар өнгийн дээл өмсөж, бүс зүүх, ямар жилтэй хүн хөтөлж орох уу гэхчлэн их нарийн бичсэн байдаг. Түүнчлэн төдөн настай тийм жилтэй эмэгтэй хүүхэд тийм, тийм жилд, хэдэн насандаа бэр болж болохгүй тухай ч бий. 

ИВЭЭЛ ЖИЛТЭЙ БОЛГОН САЙН ГЭСЭН ҮГ БИШ

-Даахь үргээх нь амьдралын чухал зан үйлүүдийн нэг байх нь ээ. Тэгвэл эхэлж гар хүрэх хүн хэн байх ёстой вэ?

-Хүүхдийн сэвлэг үргээхэд ивээл жилтэй хүн эхэлж үсэнд модон хутга хайчаар гар хүрнэ. Гэхдээ ивээл жилтэй болгон сайн гэсэн үг биш. Монголчууд эрт дээр үеэсээ урт настай, эсвэл аж амьдрал тэгш, ааш зан сайтай, аливаа үйл нь өрнөн дэлгэрч байдаг хүнийг сонгож урин залж хүндлэн сонгодог. Эхэлж хүрсэн хүнээсээ хамаараад тухайн хүүхдийн ирээдүйн амьдрал, зан чанар өөрчлөгдөн нөлөөлдөг гэж бэлгэшээдэг юм.

-Хийдийн фэйсбүүк хуудаст ирсэн асуулт байгаа юм. Сэвлэгийн найранд ирээгүй зочдод хөхөл үлдээх нь зөв үү?

-Хүүхдийн үсийг авчхаад тухайн өдрийнхөө нар жаргахаас өмнө хусах ёстой гэдэг юм. Гэхдээ нөхцөл байдлаасаа болдог уу үс үлдээсэн байх нь харагддаг. Уламжлалаараа бол хөхлийг заавал хүрэх ёстой өвөг эцэг, өндөр настан, эцэг эхийг хүндэлж үлдээдэг байсан. Түүнээс биш хамаарал багатай хүнд үс үлдээх шаардлагагүй. Бурхны шашинд бол лам болох хүүхдэд хөхөл үлдээж хусдаг. Тэр хөхлийг сахилын багш нь сахил санваараа өгөхөөсөө өмнө авдаг уламжлалтай, ихэд хүндэтгэлтэй зан үйл байгаа юм.

-Хүүхдийн сэвлэгийг хадгалдаг уу?

-Тийм ээ, анх төрөхөд нь угаасан шагайтай шаант чөмөгний ясыг хадгалдаг шиг сэвлэгийг хадагт боогоод хадгална. Даанч орчин цагт олон уламжлал замхран холдож байна. Одоо хүүхдээ анх угаах зан үйл  байна уу, үгүй юу. Энэ чинь шинэ төрсөн хүүхдийнхээ буян хишгийг нь хурааж байгаа юм. Шаант чөмөг чанаад, шөлөөр нь хүүхдээ угааж, махыг нь ээжид өгч,  аав нь шагайтай нь сайхан мөлжөөд хадгалдаг. Хүүхэд  төрөх бүрийд л нэг чөмөг хадгалаад байх нь байна. Хүн нэмэгдвэл хүнс нэмэгдэнэ гэдэг биз дээ. Нэг хүүхэд ирэхэд тэр айлын эд баялаг буян хишиг нь нэмэгдэж байна хэмээн бэлгэшээж байгаа хэрэг. Бас шинэ төрсөн хүүхдийнхээ дэмбэрлийн буюу насан туршийн төөргийн зурхайг заавал зуруулдаг уламжлалтай. Насан туршийнх нь  дэмбэрэл буюу төөргийг нь зуруулж байгаад тохирсон, сайн сайхан амьдрал, зан чанарыг бэлгэдэж ерөөсөн зөв сайхан нэрийг хүүхдэд өгдөг. Зөв нэр өгснөөрөө тухайн хүүхдийн амьдрал насан туршдаа зөв сайн явна.  Үүнийг мэдэхгүйн улмаас 60, 70, 80, 90 оны хүмүүсийн ажил амьдрал, хань ижлийн тухайд алдаа оноо ихтэй байгаа юм шиг харагддаг. Гэхдээ энд бүгдийг хамруулж болохгүй л дээ. Залуу аав ээжүүд хүүхдүүддээ нэр өгөхөөс эхлээд ажил мэргэжил, сэтгэл санаа, зан чанарт нь ихэд анхаардаг болсныг дурдахад сайхан байна.

 -Уламжлал бүдгэрээд сэвлэгээ үргээлгээгүй бол яах вэ?

-Хүн анх эхээс мэндлээд төөрөг дэмбэрлээ зуруулаад дуудах нэрийг олдог. Нэр байна гэдэгтэй адилхан дараа нь сэвлэгийг нь эрэгтэй хүүхдийг 3,5 буюу сондгой, эмэгтэй хүүхдийг 2,4 буюу тэгш насанд үргээнэ. Сэвлэг үргээгээгүйгээс тухайн хүний хувь заяа, тавилан төөрөг, амьдралд нь нөлөөлж байдаг. Жишээ нь хүүхдийг бага байхад өвчин ороогоод байхад эрт сэвлэгийг үргээдэг шүү дээ. Тийм учраас сэвлэг үргээх нь чухал ач холбогдолтой. Даанч социализмын 70 жилийн хугацаанд миний дээрх ярьсан уламжлалууд бүгд алдагдсанаар хүмүүсийн амьдралд маш их нөлөөлсөн. Гэхдээ нэгэнт өнгөрсөн гэж бодож болохгүй. 20,30,40,50-н нас хүрсэн ч төөрөг дэмбэрлээ зуруулаад, өөрийнхөө алдаа дутагдлаа засаж, давуу тал, сайн чанарынхаа тухай мэдээд авна гэдэг том амжилт  юм.

-Ярилцсанд баярлалаа.

П.Ундармаа

Эх сурвалж: Уламжлалт анагаах ухаан сонин

Холбоотой мэдээлэл

Comments are closed.