Ц.Энхманлай:Цэргийн гэрээт алба надад олон боломжийг нээж өгсөн

 Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудад цэргийн гэрээт алба хаах сонирхолтой залуусын тоо жил ирэх тусам нэмэгдэж байна. Хугацаат цэргийн албаа нэр төртэй хаасан тэдгээр залуусыг Зэвсэгт хүчин ч эгнээндээ дуртайяа нэгтгэн авч, цэргийн хэргийн эрдэм болон бусад мэргэжлээр сургасаар байгаа юм. Тэдний нэг нь Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн цэргийн гэрээт алба хаагч, байлдагч Ц.Энхманлай бөгөөд түүнтэй ярилцсанаа хүргэе.

 Эрхэм байлдагч Та эхлээд өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Цолмонгийн Энхманлай гэдэг, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр суманд төрсөн. Ам бүл гурав, эхнэр хүүхдийн хамт амьдардаг. 2017-2018 онд Увс аймаг дахь Хилийн цэргийн 0245 дугаар ангид хугацаат цэргийн алба хаагаад, 2019 оны зургаадугаар сараас эхлэн Зэвсэгт хүчний 234 дүгээр ангидаа цэргийн гэрээт алба хааж байна.

Цэргийн гэрээт алба хаах болсон тухайгаа ярихгүй юу?

-Миний аав хоёр жилийн хугацаат цэргийн алба хаасан. Аав минь надад “Эр хүн болж төрснийх заавал цэргийн алба хаагаарай” гэж захидаг байсан. Тиймээс аавынхаа захиасыг биелүүлэхээр Зэвсэгт хүчний 234 дүгээр ангид цэргийн гэрээт алба хаахаар ирсэн минь энэ. Манай анги нь Монгол Улсдаа ганцхан байдаг усан цэргийн анги гэдгээрээ маш их онцлогтой. Ер нь цэргийн алба бол эр хүний бахархал гэж би боддог. Гэрээт цэргийн албанд орсноор миний амьдралд маш олон өөрчлөлт гарсан. Өөрийн хүсэл сонирхлоор хүссэн албаа хааж байгаа болохоор хүндрэлтэй зүйл байдаггүй. Нөхөрлөл гэдгийг ямар нандин чухал зүйл болохыг би эндээс л сурч мэдсэн. Бас амьдралын ухаанд суралцсан. Цэргийн алба гэдэг тэр чигээрээ амьдралын нэг шалгуур гэдгийг өдөр бүр мэдэрч байна.

 Цаашдын төлөвлөгөө?

-Цэргийн гэрээт албаа нэр төртэй хаагаад ахлагчийн эгнээнд орж, эх орныхоо төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэхэд би бэлэн байна.

 Иргэн Ц.Энхманлай, байлдагч Ц.Энхманлай хоёрын хооронд асар их өөрчлөлт гарсан байх…

-Бие бялдар чийрэгжиж, бие сэтгэл төлөвшиж чадсан. Зан харилцааны хувьд хүлээцтэй, тайван болсон. Хамгийн гол нь эх орноо бид л хамгаалах ёстой гэсэн үүргээ ойлгодог юм байна. Энэ л чухал.

 Таны нэгэн ижил цэргийн гэрээт алба хаах сонирхолтой залууст хандаж юу гэж захих вэ?

-Хүн бүрийн амжилт, ололт зөвхөн өөрийнх нь гарт байдаг. Хэрэв та цэргийн хүн болохоор шийдсэн бол эртхэн шийдвэрээ гаргаад ирээрэй гэж хэлмээр байна. Аливаа зүйлд тууштай хандаж чадвал хүсэл мөрөөдөлдөө заавал хүрнэ гэж би боддог.

 Та бас авьяаслаг бөгөөд спортлог байлдагч байх аа?

-Баярлалаа. 2019 онд Зэвсэгт хүчний аварга шалгаруулах “Өвлийн гурван төрөлт”-ийн цанын төрөлд амжилттай оролцсон. Сагсан бөмбөгийн I дүгээр зэрэгтэй. Шүлэг бичих дуртай. Та бүхэнд өөрийн бичсэн шүлгээ толилуулъя.

 Тэгэлгүй яах вэ…

ТИЙМ ЭЭ, БИ ЦЭРЭГ 

Дээлээ өмсөн буугаа үүрээд

Дэлгэр Монголоо хамгаалж яваа

Дэлтэй цэнхрийнхээ нуруун дээрээс

Дээдсийнхээ захиасыг биелүүлж яваа

Нүүрээ тольдолгүй өдрийг өнгөрөөж

Нүдээ цавчилгүй шөнийг өнгөрөөдөг

Сормуус цантам өвлийн жаварт

Соргог алхах цэрэг эрс

Бадамлах галын дөл нь мөхөөгүй

Баатар эрсийнх нь зүрх нь мохоогүй

Бадрангуй орших Монгол Улсын минь

Бахархах зүйл нь цэрэг эрс

Тийм ээ, би цэрэг хүн

Тэнгэр заяат Монгол хүн…

Ч.Оюунчимэг (Зэвсэгт хүчний 234 дүгээр анги)

Санал болгох мэдээ

Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайланг хүлээн авлаа

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Ц.Цогтбаатар өнөөдөр (2024.03.29) Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан …