Монгол эрдэмтэд шинэ төрлийн коронавирусийн эсрэг бие илрүүлэх оношлуур гарган авлаа

Монгол эрдэмтэд шинэ төрлийн короновирус буюу SARS-CoV2 вирусийн эсрэг бие илрүүлэх оношлуурыг гарган авлаа. Академич Ц.Оюунсүрэн, доктор Д.Гантулга нарын удирдлагаар ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн Молекул биологийн лаборатори,  ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, МУИС-ийн Биологийн тэнхимийн эрдэмтдийн хамтарсан баг энэхүү оношлуурыг бүтээжээ.  

Эрдэмтэд Шинжлэх ухаан академи болон Шинжлэх УхаанТехнологийн Сангийн дэмжлэгтэйгээр ийнхүү SARS-CoV2 вирусний эсрэг бие илрүүлэх оношлуурын цомгийг орчин үеийн генийн инженерчлэл,  молекул биологи, иммунологийн арга ашиглан богино хугацаанд гарган аваад байна. 

Уг оношлуур нь хүний цус, сийвэнд SARS-CoV2  вирусний халдварын эсрэг бие үүсч дархлаа тогтсон эсэхийг богино хугацаанд илрүүлэх бөгөөд дараах давуу талтай  юм. Үүнд: 

  •  SARS-CoV2  вирусийн халдварын явцыг хянах
  • Ковид19  өвчний эмчилгээний үр дүнг хянах
  • Дээрх вирусний халдвар авсан ч шинж тэмдэг илрээгүй хүмүүсийг илрүүлэх
  • Тусгаарлалтанд байх хүнийг сонгох (хэрэв уг вирусийн эсрэг дархлаатай бол тусгаарлах шаардлагагүй)
  • Эмнэлгийн ажилтнууд SARS-CoV2  вирусний дархлаатай эсэхийг мэдэх,(хэрэв дархлаатай бол айх зүйлгүй өвчтөнтэй ажиллана)
  • SARS-CoV2   вирусний эсрэг дархлаа тогтоцыг хянах, судлах
  • Хүн амын дундах дархалаа тогтолцоо,  “сүргийн”  дархлааг тодорхойлох
  • Хэрэглэхэд хялбар, аль ч зэрэглэлийн лабораторид ашиглаж болох  гэх мэт

Манай эрдэмтэд SARS-CoV2-ийн оношлуурыг бүтээснээрээ түүнийг гарган авах технологи, цаашид үйлдвэрлэх боломж, шинжлэх ухааны үндэслэлийг бий болгож өгч байгаа юм. Цаашдаа энэхүү оюуны бүтээлийг ашиглаж уг оношлуурыг дотооддоо олноор үйлдвэрлэж ашиглах бүрэн боломжтой. Мөн  энэ нь вирусний халдвараас сэргийлэхэд зарцуулах хөрөнгө зардал, гадаадаас ийм төрлийн оношлуур худалдан авах валютыг хэмнэх зэрэгт ихээхэн ач холбогдолтой юм.

Эх сурвалж: ШУА

Холбоотой мэдээлэл

Comments are closed.