Авто замын салбарын боловсон хүчнийг чадавхжуулахад онцгой анхаарна

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Монголын Авто замчдын холбооны Ерөнхийлөгч Х.Бямбаа тэргүүтэй тус холбооны зарим гишүүдийг хүлээн авч уулзаж, Монгол Улсын Авто замын салбарт тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцлоо.

Монголын Авто замчдын холбооны Ерөнхийлөгч Х.Бямбаагийн зүгээс Монгол Улсын авто замын сүлжээний мэдээллийн нэгдсэн сантай болох, олон улсын тендерт дотоодын компаниудыг түншлэл болгон оролцуулах, авто замын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, Авто замын тухай хуулийн хэрэгжилтэд анхаарч, хяналт тавьж ажиллах шаардлагатай байгааг онцолж, нэгтгэсэн саналуудаа сайдад хүлээлгэн өгөв.

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар тус холбооны зүгээс тавьж буй дээрх асуудлуудад санал нэгдэж буйгаа дурдаад “Нутгийн зам” хөтөлбөрийг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгуулахаар ажиллаж буйгаа танилцуулав. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд чанар стандартад нийцсэн авто замын сүлжээг өргөтгөх, орон нутагт иргэдийн тав тухыг хангасан хатуу хучилттай болон сайжруулсан шороон зам, авто зам дагуух үйлчилгээний барилга, байгууламжийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьж байгуулах хэрэгцээ өндөр байгааг тэмдэглэв. Мөн шинэ төслүүдийг дагасан инженер техникийн мэргэжилтнүүдийн эрэлт хэрэгцээ нэмэгдэх тул авто замын салбарын боловсон хүчнийг чадавхжуулахад сайтар анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Түүнчлэн Монгол Улсад сүүлийн жилүүдэд эрчимтэй өрнөж буй шинэ төмөр замын төслийн суурь далангийн ажилд авто замын дотоодын компаниуд гүйцэтгэл сайтай ажиллаж байгааг сайшаагаад цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй Сайншанд-Баруун-Урт-Чойбалсан чиглэлийн хэвтээ тэнхлэгийн төмөр замын төсөлд үндэсний компаниудаа дэмжин ажиллахаа тэмдэглэв. Тухайлбал, Үндэсний их бүтээн байгуулалт Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414,6 километр төмөр замын төслийн хэмжээнд одоогоор дотоодын 50 гаруй авто замын компани туслан гүйцэтгэгчээр ажиллаж байна.

Санал болгох мэдээ

Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайланг хүлээн авлаа

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Ц.Цогтбаатар өнөөдөр (2024.03.29) Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан …