Монгол Улсад нэн шаардлагатай тэргүүлэх чиглэлийн мэргэжилтнүүдийг БНХАУ-д бэлтгэхэд хамтран ажиллахыг хүслээ

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн өчигдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чай Вэньруйг хүлээн авч уулзлаа.

Элчин сайд, ноён Чай Вэньруй Монгол Улс, БНХАУ-ын олон жилийн хамтын ажиллагаанд боловсролын салбар онцгой байр суурьтай байж ирснийг онцолсон бол Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн хоёр улсын хамтын ажиллагаа жилээс жилд чанаржиж, үр өгөөж нь нэмэгдэж байгааг дурдав.

БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар долоон сургууль, нэг цэцэрлэг баригдаж байгаа бөгөөд одоогийн байдлаар дөрөв нь ашиглалтад орж, хичээлийн жилийн эхнээс хүүхдүүдээ хүлээн авахад бэлэн болоод байгаа юм. Эдгээр сургууль, цэцэрлэгийн барилгыг тавилга, тоног, төхөөрөмжийн хамт цогцоор нь шийдвэрлэж хүлээлгэн өгч байгаад сайд Л.Цэдэвсүрэн талархал илэрхийлэв. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн чухал салбарт ажиллах хүний нөөцийг бэлтгэхэд тусалж ирсэн уламжлалт харилцааг бэхжүүлж, БНХАУ-ын дарга Си Зиньпиний Монгол Улсад хийсэн айлчлалын үр дүнгээр байгуулсан Тусгай тэтгэлэгт хөтөлбөрийг үргэлжүүлж, Монгол Улсад нэн шаардлагатай тэргүүлэх чиглэлийн мэргэжилтнүүдийг БНХАУ-д улсын захиалгаар бэлтгэхэд, хамтран ажиллахыг хүслээ.

Элчин сайд, ноён Чай Вэньруй Монгол Улсын боловсрол, шинжлэх ухааны салбарыг хөгжүүлэх бүтээлч саналуудыг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлээд шинээр томилогдсон салбарын сайдад ажлын амжилт хүсэв.

Холбоотой мэдээлэл

Comments are closed.