А.Энхжин:Валютын нөөц импортын 9 сарын хэрэгцээг хангах түвшинд байна

Цар тахлын үед Төв банкнаас авч хэрэгжүүлж буй бодлого, эдийн засгийн цаашдын төлөвийн талаар Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжинтэй ярилцлаа.

Сайн байна уу? Бидний урилгыг хүлээн авч, ярилцлага өгч байгаад баярлалаа. Ковид-19 цар тахлын үед Монголбанкнаас ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа вэ? Товч танилцуулахгүй юу.

Монголбанкнаас Ковид-19 цар тахлын эдийн засаг, банк, санхүүгийн салбарт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах зорилгоор шаардлагатай боломжит арга хэмжээг бусад улс орнуудын туршлага болон холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлж байна. Эдгээр арга хэмжээг зөвхөн мөнгөний бодлогын арга хэрэгсэлээр хязгаарлалгүй, макро-зохистой бодлого болон хяналт шалгалтын хүрээнд банкуудад мөрдүүлдэг зарим нэг шаардлага, шалгуур үзүүлэлтийг түр хугацаанд уян хатан байдлаар өөрчлөн тогтоох арга хэмжээг мөн багтаасан. Монголбанк бодлогын хүүг 2 нэгж хувиар бууруулах, банкуудын заавал байлгах нөөцийн хэмжээг багасгах, зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах, Төв банкнаас санхүүжилт авах барьцаа хөрөнгийн жагсаалтыг нэмэгдүүлэх зэрэг хэд хэдэн арга хэмжээг авч, энэ талаараа олон нийтэд мэдээлж байсныг та бүхэн санаж байгаа байх. Үүнээс гадна УИХ-аас батлагдсан хуулийн дагуу ипотекийн зээлийн хөтөлбөрийг Монголбанкнаас дахин хэрэгжүүлэх, тус зээлийн төлөлтийг 6 сар хүртэлх хугацаагаар хойшлуулах, гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор алт олборлогч аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл олгох зэрэг ажлыг хийж байна.

Ипотекийн зээлийн эрэлт манай улсад өндөр байдаг. Тэгвэл ипотекийн зээлийн шалгуурт ямар нэгэн өөрчлөлт орсон уу,  2020 оны санхүүжилтийн хэмжээ нь ямар байх талаар мэдээлэл өгнө үү?

Монголбанкнаас эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг харгалзан ипотекийн зээлийн хөтөлбөрт дараах өөрчлөлтүүдийг оруулсан:

· Орон сууцны ипотекийн 8 болон 5 хувийн хүүтэй зээл авсан иргэд 2020 оны 4 дүгээр сард багтаан тухайн харилцагч банкандаа хүсэлт гаргасан тохиолдолд зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг нэг удаа 6 хүртэлх сараар хойшлуулах боломжтой болсон. Харилцагчдын хүсэлтийн дагуу зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулж дууссан бөгөөд тус зохицуулалтад нийт 38,270 зээлдэгчийн 2.0 их наяд төгрөгийн зээлийг хамруулаад байна. Мөн зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулаагүй харилцагчдын хувьд 2 хувийн зээлийн хүүгийн татаас 3 сарын хугацаанд олгохоор болсон бөгөөд үүнд 34,358 зээлдэгчийн 1.4 орчим их наяд төгрөгийн зээл хамрагдах урьдчилсан тооцоолол байна.

· Өмнө нь ипотекийн зээл авахын тулд урьдчилгаа төлбөрт зөвхөн өөрийн эзэмшил дэх үл хөдлөх хөрөнгийг барьцаалах боломжтой байсан бол журамд өөрчлөлт оруулан, хамтран зээлдэгчийн нэр дээрх үл хөдлөх хөрөнгийг мөн барьцаалах боломжтой болсон. Ингэснээр өрх тусгаарлаж байгаа залуу гэр бүл гэх мэт өөрийн нэр дээр үл хөдлөх хөрөнгөгүй иргэд орон сууцны зээлд хамрагдахад илүү уян хатан нөхцөлтэй болж байгаа юм.

· Эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагчдад зориулсан түрээслээд өмчлөх хэлбэртэй шинэ төрлийн бүтээгдэхүүн гаргахаар Нийслэлийн Орон Сууцны Корпорацитай мөн хамтран ажиллаж байна.

Хөтөлбөрийн санхүүжилтийн хувьд 2020 оны эхний хагас жилд Монголбанкнаас хуваарилсан 120 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг банкууд 1646 зээлдэгчид олгосон бөгөөд 2020 оныг дуустал хугацаанд Монголбанк, арилжааны банкнаас тус бүр 150 тэрбум төгрөг буюу нийт 300 орчим тэрбум төгрөгийг 4,500 орчим зээлдэгчид олгохоор төлөвлөөд байна. Мөн  түүнчлэн Нийслэлийн Орон Сууцны Корпорациас хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд 1,000-1,500 орчим тооны төрийн албан хаагчид түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцтай болохоор тооцоолсон.

Монголбанкнаас алт олборлогч аж ахуйн нэгжүүдэд санхүүжилт олгохоор ажиллаж байгаа гэсэн. Энэ талаар товч танилцуулахгүй юу?

Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, УИХ-ын 2020 оны 32 тоот тогтоолын дагуу гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх ажлыг Монголбанк болон УУХҮЯ-наас хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Энэ хүрээнд Монголбанкнаас алт олборлолтыг нэмэгдүүлэхэд зориулан эргэлтийн хөрөнгө болон хөрөнгө оруулалтын санхүүжилтийг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгохоор холбогдох журмыг боловсруулж, гэрээг банкуудтай байгууллаа. Тус санхүүжилтийг олгосноор алт олборлогч аж ахуйн нэгжийн олборлолтын хүчин чадал нэмэгдэж, Монголбанканд тушаах алтны хэмжээ өсөж, энэ нь гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чухал эх үүсвэр болох юм. Мөн Монголбанк 2020 оны эхний 6 сарын байдлаар 10.8 тонн алт, үнэт металл худалдан авсан бөгөөд энэ нь өмнөх оны мөн үеэс 4.8 тонн буюу 80 орчим хувиар өссөн байна.

Дээрх арга хэмжээнүүд хэрэгжсэнээр мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлж байгаа. Энэ нь манай гадаад валютын албан ханшид  хэрхэн нөлөө үзүүлэх вэ?

Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд Монголбанкны үндсэн зорилт нь төгрөгийн тогтвортой байдлыг хангах хэмээн заасан байдаг. Энэ зорилтын хүрээнд Монголбанк хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцийг дунд хугацаанд зорилтот түвшний орчимд тогтворжуулах тухай “Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэл”-д тусган хэрэгжүүлдэг. Монголбанкны 2020 оны инфляцийн зорилтот түвшин 8 хувь бөгөөд дунд хугацаанд инфляцийг 6 хувь орчимд тогтворжуулах зорилго тавьсан. Харин инфляци улсын хэмжээнд 2020 оны 6 дугаар сард 2.8 хувь, Улаанбаатар хотод 2.4 хувьд хүрч, сүүлийн 5 сар дараалан буураад байгаа нь мөнгөний зөөлөн бодлого хэрэгжүүлэх орон зай байгааг харуулж байна. Иймд гадаад валютын ханшид үзүүлэх дарамт харьцангуй бага байх боломжтой.

Гадаад валютын ханш оны эхнээс хэрхэн өөрчлөгдсөн байгаа вэ? Энэ талаар мэдээлэл хуваалцаач.

Монголбанкнаас төгрөгийн ханш огцом сулрах эрсдэлтэй, энэ нь эрэлт, нийлүүлэлтийн зөрүүнээс үүдэлтэй, түр зуурын шинжтэй байх үед үүсэж болох сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор валютын захад тухай бүр оролцож ажилладаг. Эдгээр бодлогын шийдвэр нь Төв банкны гол зорилт болох инфляцийг зорилтот түвшинд хадгалах, эдийн засаг, санхүүгийн системийн тогтвортой байдлыг хангахад чиглэдэг.

Гадаад валютын албан ханш 2020 оны эхний хагаст 3.3 хувиар суларсан бөгөөд Монголбанкнаас валютын захад цэвэр дүнгээр 615.0 сая ам.доллар нийлүүлээд байна. Мөн банкуудын богино хугацааны төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг хангахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Монголбанк богино хугацаат төгрөг, ам.долларын своп хэлцлийг байгуулан ажиллаж байна.

Цаашид Монголбанк валютын ханшид огцом хэлбэлзэл үүсгэхгүй байх зорилгоо баримтлан, бодлогоо үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Гадаад валютын улсын нөөц 2020 оны 6 дугаар сарын байдлаар 3.6 тэрбум ам.доллар буюу валютын төлбөртэй барааны импортын 9 сарын хэрэгцээг хангах түвшинд байна. Монголбанк Хятадын Ардын банктай байгуулсан төгрөг-юанийн своп хэлцлийг дахин 3 жилээр сунгах тохиролцоонд хүрч чадлаа. Мөн түүнчлэн Худалдаа Хөгжлийн банк өөрийн Олон Улсын зах зээлд гаргасан 500 сая ам.долларын бондыг 5 дугаар сард амжилттай төлсөн. Ингэснээр дараа жилийн 4 дүгээр сар хүртэл хүлээгдэж буй томоохон гадаад төлбөр байхгүй байгаа нь ханшид эерэгээр нөлөөлнө гэж үзэж байна.

Гадаад орчны хувьд эерэг өөрчлөлтүүд гарч байна. Энэ оны эхнээс алдагдалтай явж ирсэн гадаад худалдааны тэнцэл 5,6 дугаар сард ашигтай гарлаа. Экспорт 6 дугаар сард өмнөх сараас 188.7 сая ам.доллароор, үүн дотор уул уурхайн салбарын экспорт 148.9 сая ам.доллароор өссөн байна. Цаашид нүүрсний экспорт нэмэгдэж, алт олборлолтыг дэмжих чиглэлээр хийгдэж буй ажлууд гадаад валютын улсын нөөцөд эерэгээр нөлөөлөх дүр зураг харагдаж байна. Ерөнхийд нь дүгнэвэл гадаад валютын зах зээлд огцом өөрчлөлт гарахгүй, валютын ханш тогтвортой байна гэж харж байна.

Мөн Ковид-19 цар тахлаас шалтгаалан эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг даван туулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Олон Улсын байгууллагууд, донор улс орнуудаас 700-800 сая ам.долларын санхүүжилт 2020 онд орж ирэхээс эхнээсээ олгогдоод эхэлснийг дурдах нь зүйтэй болов уу.

Ирэх онуудад төлөх гадаад өрийг хэрхэн санхүүжүүлэх вэ?

Компани хоорондын шууд хөрөнгө оруулалтын дүнг хасвал 2020 оны нэгдүгээр улирлын байдлаар Монгол Улсын гадаад өр 19.8 тэрбум ам.доллар буюу 2019 оны Дотоодын нийт бүтээгдэхүүний 143 орчим хувьтай тэнцэж байна. Нийт өрийн бүтцээс харахад 36.5 хувь нь Засгийн газрын өр, 10.0 хувь нь Төв банкны өр, 53.5 хувь нь хувийн хэвшлийн өр төлбөр эзэлж байгаа юм.

Өмнө дурдсанчлан Монголбанк Хятадын Ардын банктай байгуулсан төгрөг-юанийн своп хэлцлийг дахин 3 жилээр сунгах тохиролцоонд хүрсэн. Ковид-19 цар тахлын нөлөөгөөр дэлхий дахинд Төв банкууд мөнгөний зөөлөн бодлого баримталж байгаа тул Олон Улсад хүүгийн түвшин тогтвортой буурч, санхүүжилтийн өртөг, зардал хямдарсаар байна. Мөн Олон Улсын зэрэглэл тогтоогч Фитч, Стандард энд Пүүрс агентлагууд Монгол Улсын эдийн засгийн гадаад, дотоод нөхцөл байдлыг харгалзан, зээлжих зэрэглэлийг хэвээр буюу “B”, төлөвийг “тогтвортой” хэмээн үнэллээ. Эдгээрээс дүгнэхэд гадаад өр, зээлийн хэмжээг бууруулах, эдийн засагт дарамт багатай дахин санхүүжүүлэх бүрэн боломжтой гэж үзэж байна.

Ярилцсанд баярлалаа.

Холбоотой мэдээлэл

Comments are closed.