Ж.Гончигдорж: Уламжлалт эм, эмчилгээ бөөрний аль ч өвчний үед өндөр үр дүнтэй байна

Энэ удаагийн “Дугаарын зочин” буландаа Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн Тасгийн их эмч Ж.Гончигдоржийг урьж, бөөрний өвчний талаар ярилцлаа.

-Уламжлалт анагаах ухаанд бөөрний өвчнийг хэрхэн үздэг вэ. Бөөр өвчлөхөд ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ?

-Уламжлалт анагаах ухаанд аливаа өвчнийг шалтгаан, нөхцөл, ангилал, шинж, эмчлэх арга гэсэн таван зүйлээр ерөнхийлөн авч үздэг. Манай орны цаг уур, хүн амын төвлөрөл, хөдөлмөр эрхлэлтийн байдал, амьдралын орчин, стресс, хүйтэн чийгтэй газар удаан хугацаанд байх, биеийн хүчний хүнд хүчир ажил хийх, шингэний дутагдал, давсны хэрэглээг хэтрүүлэх, таргалалт, эмийн зохисгүй хэрэглээ, хоол хүнсний буруу хэвшил, гэмтэл, шээсийг удаан хугацаанд хорих, бөөр, давсагны үрэвсэлт өвчнөөр олон удаа өвдөх, бэлгийн замын халдварт өвчин гэх мэт олон хүчин зүйлсээс хамаарч бөөр, шээсний замын өвчлөл, тэдгээрийн хүндрэл харьцангуй их байна.

-Манба Дацан Нэгдсэн эмнэлэгт голчлон бөөрний ямар төрлийн өвчтэй хүмүүс хандаж байна?

-Манай орон жилийн дөрвөн улиралтай, эрс тэс уур амьсгалтай учраас монголчууд бөөрний өвчинд их өртөмтгий. Тэр ч утгаараа манай эмнэлэгт бөөрний тэвшинцэрийн үрэвсэл, бөөрний дутагдалтай хүмүүс их ирдэг. Ер нь ямар ч өвчнийг анхан шатанд нь оношлуулж, сайн эмчлүүлбэл үр дүн маш сайн гардаг. Гэтэл манай үйлчлүүлэгчид өвчнөө тоодоггүй, дээрээс нь өвдсөн тохиолдолд олон эмнэлгээр явсны эцэст “Танайх эмчилж чадах уу” гээд арга мухардаад ирсэн тохиолдол цөөнгүй гардаг. Уламжлалт анагаах ухаан маш нарийн онолтой. Тэрхүү онолын дагуу хүний биеийг цогцоор нь авч үзэж, үр дүнтэй эмчилгээг хийдэг. Тэгэхээр эрт үедээ оношлуулж, эмчлүүлэх нь чухал байна. Гадуур уламжлалтын нэр зүүсэн ямар онолоор яаж оношилж, эмчлээд байгаа нь мэдэгдэхгүй хүмүүс цөөнгүй бий. Тиймээс найдвартай, нарийн мэргэжлийн эмч, эмнэлэгт хандаж, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөөг тогтмол авч, эмчлүүлэн өөрийнхөө эрүүл мэндэд анхаарч байгаарай гэж зөвлөе.

-Бөөрний өвчний үед ямар шинж тэмдэг зонхилон илэрдэг вэ. Бөөрний үрэвсэл нь бөөрний дутагдалд ороход нөлөөлөх үү?

-Ууц нуруугаар чилэх, хөшиж, хатгуулах, нүд сэлхэрч хавагнах, халуурах, даралт ихсэх, шээсний хэмжээ нэмэгдэх, багасах, шээсний өнгө илүү улаан шаргал өнгөтэй болох, дутуу шээх, цустай шээх, бие бүхэлдээ хавагнах, нойргүйдэх гэх мэт олон шинжүүд бий. Бөөрний үрэвслээ эмчлэхгүй удаан хугацаагаар явах нь бөөрний дутагдалд орох эрсдэлийг үүсгэнэ. Оношийг зөв тогтоож, зөв урьдчилан сэргийлснээр олон өвчнөөс хамгаалах боломжтой гэдгийг ойлгож, хэрэгжүүлмээр байна.

-Бөөрний дутагдалд уламжлалт эмчилгээ хэр үр дүнтэй байдаг вэ?

-Хурц болон архаг дутагдал гэсэн хоёр янзаар илэрдэг. Хурц дутагдал нь хордлогод орох, ослын улмаас бөөрөө гэмтээх, цус алдах гэх мэт тохиолдолд илэрдэг. Архаг дутагдал гэдэг нь бөөрний олон өвчний үед гардаг хүндрэл юм. Бөөрний түүдгэнцэрийн архаг үрэвсэл, чихрийн шижин гэх мэт өвчний үед олон дахин сэдрэх эсвэл дутуу эмчлүүлж явсаар бөөр хатингаршин бөөрний шүүх болон хоргүйжүүлэх үйл ажиллагаа алдагдсанаас дутагдалд ордог. Сүүлийн жилүүдэд манай эмнэлгээр бөөрний дутагдалд орсон хүмүүс их ирж үйлчлүүлж байна. Бөөрний дутагдал болоод бусад төрлийн өвчнүүдийн үед төөнүүр, шороон жин, бариа засал, саримсан зутан, ясны шөл, шимжүүлэг эмчилгээ, цагаан гаргалга, рашаан, зүү  гэх мэт заслын эмчилгээнүүд, тан эм, талхан эмүүд нь өндөр үр дүнтэй байна. Судас, хэл, шээс, лабораторийн шинжилгээ, эхо гэх мэт оношилгооны аргуудаар тухайн өвчнийг оношилж, бөөрний өвчний олон ангиллын аль өвчин нь байна гэдгийг тогтоосны үндсэн дээр эмчилгээ хийнэ.

-Бөөрний чулуу үүсэхэд нөлөөлөх хүчин зүйлс нь юу вэ. Бөөр хэр хурдан эмчилгээ авдаг эрхтэн бэ?

-Шээсээр зөөвөрлөгдсөн өчүүхэн жижиг хэсгүүд эсвэл талстуудын цугларснаас үүссэн цул хатуу талстыг бөөрний чулуу гэнэ. Чулуу нь шээс ялгаруулах системийн аль ч хэсэгт үүсэж болно. Бөөрний чулууг үүсгэх хэд хэдэн томоохон хүчин зүйлс байдаг. Шээсний замын дахилтат халдварууд, шингэний дутагдал, шээсний замын бөглөрөл, гашуун, исгэлэн амттай хоол хүнсийг хэтрүүлэн хэрэглэх, мөн хэт их кальци, витамин С агуулсан бүтээгдэхүүн хэрэглэх, бамбайн хордлого, бодисын солилцооны өвчлөлүүд гэх мэт хүчин зүйлсээс үүсдэг. Аливаа өвчний эдгэрэлт ямар үе шатанд эмнэлэгт хандсан, хэр оновчтой эмчилгээ хийлгэсэн, эмчийн зөвлөгөөг хэр зэрэг даган биелүүлсэн зэргээс шалтгаална. Ерөнхийдөө аль ч үе шатандаа эмчилгээ авдаг. Манай эмнэлгээр үйлчлүүлээд бөөрний чулуугүй болсон, диализын аппаратаасаа салсан олон хүмүүс бий. Ургамлын гаралтай эм тангууд болоод уламжлалт эмчилгээнүүд бөөрний аль ч өвчний үед өндөр үр дүнтэй байна.

-Их хэмжээгээр ус уух нь бөөр өвчлөх шалтгаан болох уу. Сүүлийн үед турах сонирхолтой хүмүүс их хэмжээгээр ус уух явдал ажиглагдаж байна?

-Ус ихээр уух нь усан махбодтой бөөрний үйл ажиллагааг доройтуулах нөхцөл болно. Аливаа өвчин үүсэхэд нөлөөлдөг хүчин зүйлүүдийн нэг нь хүний хоол хүнсний зөв зохисгүй хэрэглээ юм. Усыг тогтмол ууснаар ходоодны галын илчийг доройтуулдаг. Ходоодны галын илч доройтсоноор хоол ундны боловсролт тодорхой хэмжээнд алдагдана. Ингэснээр тунгалаг цөвийн боловсролт алдагдах бөгөөд 5 цул, 6 сав эрхтний үйл ажиллагаа ч доройтож өвчилдөг.

-Дархлаа дэмжих ямар эм тан байна. Бөөрний  өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тан ууж болох уу?

-Биеийн тамирыг тэтгэх норов-7, мана-4, сожид-11, арүр-10 гэх мэт эм танг өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тогтмол хэрэглэж болно. Харин яг бөөрний өвчинд чиглэсэн эм танг эмчийн зааваргүйгээр уух нь бас учир дутагдалтай. Судас, хэл, шээс, лабораторийн шинжилгээ, эхо гэх мэт оношилгооны аргуудаар тухайн өвчнийг оношилж, бөөрний өвчнүүдээс аль өвчин нь байна гэдгийг тогтоосны үндсэн дээр эмчилгээ, заслыг хийлгэх хэрэгтэй.   

-Бөөрний өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд юуг анхаарах вэ?

-Бөөрний өвчнөөс сэргийлье гэвэл доороосоо даарахгүй байх нь чухал. Бэлхүүс, нуруу хэсгээрээ даарахгүй байхаас гадна илчлэг сайтай хоол хүнс хэрэглэвэл зохистой. Мөн эмчид хандан эм бичүүлж авчихаад 5 сарын дараа ч юм уу дахин эмчид үзүүлэхгүйгээр тухайн эмээ уугаад байдаг. Ийм байдлаар дур мэдэн өөртөө эмчилгээ хийж эрүүл мэнддээ хэнэггүй хандаж байгаа нь буруу. Шээсийг удаан барьж болохгүй. Уламжлалт эмчилгээ хийлгэсний дараа болон төрсний дараах гамыг сайн сахих хэрэгтэй. Хүйтэн чийгтэй орчинд ажилладаг хүмүүс доороосоо даарахгүй байх гэх мэт зүйлсийг анхаарах хэрэгтэй.

-Ярилцсанд баярлалаа.

otoch.edu.mn

Холбоотой мэдээлэл

Comments are closed.