Теле хичээлийг зохион байгуулсан багийн гишүүн, багш А.Энхтогтохыг Засгийн газрын“Хүндэт өргөмжлөл”-өөр шагналаа

Тулгар төр байгуулагдсаны 2229 жил, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг угтан салбар салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий хүмүүсийг Монгол Улсын Засгийн газрын дээд шагнал “Хүндэт өргөмжлөл”-өөр шагналаа.

Боловсролын салбарын шилдэг ажилтан Амгалангийн Энхтогтоход “Хүндэт өргөмжлөл”-ийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх гардуулж, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн баяр хүргэв.

А.Энхтогтох нь 1994-2013 онд ерөнхий боловсролын сургуулиудад хими-биологийн багш, 2013 оноос Боловсролын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, секторын эрхлэгчээр тус тус ажиллаж, улсад тасралтгүй 34 үр бүтээлтэй ажилласан шилдэг сурган хүмүүжүүлэгч юм.

2019 онд сургалтын хөтөлбөрийг сайжруулах үндэсний хэмжээний ажлын хэсгийн багийн ахлагч, сургалтын хөтөлбөрийн сайжруулалтыг түгээн дэлгэрүүлэх үндэсний сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж 44 мянган багшийн сургалтыг зохион байгуулсан.

Мөн бага боловсролын “Хүн ба орчин”, “Хүн ба байгаль”, суурь, бүрэн дунд боловсролын “Биологи”-ийн сургалтын хөтөлбөр, суралцахуйн удирдамж, сурах бичгийг сайжруулах багийн гишүүн болон ахлагчаар ажилласан байна.

2020 онд шинэ төрлийн Коронавируст халдвар (COVID-19)-ын дэгдэлт дэлхийн улс орнуудад хурдтай тархаж байгаатай холбогдуулан Улсын Онцгой комиссын шийдвэрээр өндөржүүлсэн бэлэн байдал тогтоосон хугацаанд СӨБ, ЕБС-ийн сургалт үйл ажиллагааг тасалдуулахгүй байх үүднээс теле хичээл зохион байгуулах үйл ажиллагааг мэргэжил арга зүйн удирдлагаар ханган сургуулийн өмнөх боловсролын 200, бага боловсролын 1026, суурь, бүрэн дунд боловсролын 2496, тусгай хэрэгцээт боловсролын 167, төгсгөх ангийн сурагчдад зориулсан 117, нийт 4000 гаруй цагийн теле хичээлийг зохион байгуулж, сургууль багш нарт хүргэсэн нь сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжихэд үнэтэй хувь нэмэр оруулсан багш юм.

Санал болгох мэдээ

Ой, хээрийн түймрийн дуудлага 20.5 хувиар өссөн байна

Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 19-ний байдлаар Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Архангай, Увс …