Шадар сайд Я.Содбаатар: Цар тахлын хоёрдугаар давалгаа биднийг бэлтгэл, бэлэн байдлаа улам чангатгаж ажиллахыг шаардаж байна

Өнөөдөр Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар НҮБ-ын Суурин зохицуулагч ноён Тапан Мишра болон ДЭМБ-ын суурин төлөөлөгч Доктор Сергей Диордица нарыг хүлээн авч уулзлаа. Тэрээр Монгол Улсын Шадар сайдаар томилогдсоны даруйд уулзаж, танилцаж байгаадаа талархал илэрхийллээ.
Уулзалтын үеэр НҮБ, ДЭМБ-ын зүгээс Улсын Онцгой комисст КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлэхэд нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж, хувийн хамгаалах хэрэгслийг дэмжлэг болгон хандивласан юм.

Монгол Улсын Шадар сайд энэ үеэр “Манай улсад нийт өвчилсөн хүний тоо 227 хүрсэн нь бүгд гаднаас зөөвөрлөгдөн ирсэн тохиолдлууд байсан бөгөөд үүнээс 195 хүн эдгэрсэн нь биднийг нэг талаасаа баярлуулж байгаа боловч, нөгөөтэйгүүр сонор сэрэмжээ алдахгүй байхыг дахин дахин сануулж байна.
Зарим орнуудад цар тахлын хоёрдугаар давалгаа болж байна гэж дүгнэж болохоор нөхцөл байдал үүсч байгаа нь бид бүгдийг бэлтгэл, бэлэн байдлаа улам чангатгаж ажиллахыг шаардаж байна.
Аюулт халдварын цар тахалтай тэмцэхэд Монгол Улсын Засгийн газар бүх нөөц, боломжоо дайчлан ажиллаж байна.
Аюулт сорилттой тэмцэж буй энэ цагт НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар, ДЭМБ болон НҮБ-ын бусад төрөлжсөн байгууллагуудаас эм, эмнэлгийн хэрэгсэл, оношлуур, хувийн хамгаалах хувцас, хэрэглэл, ариутгал халдваргүйжүүлэлтийн бодис зэргийг хандивлаж дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж байгаад Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссын нэрийн өмнөөс талархал илэрхийлье” гэлээ.

Ташрамд дурдахад, НҮБ болон ДЭМБ-аас КОВИД-19 цар тахлын эсрэг Монгол Улсын Засгийн газрын зүгээс хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг тууштай дэмжсээр ирсэн юм гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Холбоотой мэдээлэл

Comments are closed.