Ж.Батбаясгалан: Дэлхийд ганцхан Монгол наадмыг олон улсын хэмжээнд үзүүлэх боломжийг хангахаар ажиллаж байна

Тулгар Төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын Хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулахтай холбоотой асуудлаар өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан,  НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү нар мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Дэлхийн олон улсад тархаад буй “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх хүрээнд ДЭМБ болон ЭМЯ-наас өгсөн нийтлэг шаардлагыг хангаж олон хүний бөөгнөрөл үүсгэхгүйгээр энэ жилийн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулахаар болсон.

Үндэсний их баяр наадмын Үндэсний бөхийн барилдаан, сурын харваа, шагайн харваа Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт байрлах баяр наадмын төв талбайд болно.

Хурдан морины уралдааныг уламжлал ёсоор “Хүй долоон худаг”-т олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон цахим хэлбэрээр дамжуулан 07 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яам холбогдох мэргэжлийн байгууллагаас гаргасан заавар, зөвлөмжийг баримтлан зохион байгуулна.

Энэ жил Ковид-19 цар тахалтай холбоотойгоор нийтэд үйлчлэх үйлчилгээ зохион байгуулагдахгүй.

Тийм учраас иргэд, аж ахуйн нэгжүүдэд албан ёсоор хэлье. Ямар нэгэн үйлдвэрлэл, үйлчилгээ зохион байгуулагдахгүй. Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын үйл ажиллагаа, Үндэсний бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, сур болон шагайн харваа, төрийн хүндэтгэлийн концертыг нийт ард иргэддээ радио, телевизээр болон цахимаар шууд дамжуулан хүргэхээр бэлтгэл ажил хангагдаж байна. Үзэгчгүй наадам гэж хүмүүс ярьж байна. Харин ч энэ жилийн наадмыг зайнаас хамгийн олон хүн үзнэ.

Дэлхийд ганцхан Монгол наадмыг олон улсын хэмжээнд үзүүлэх боломжийг хангахаар ажиллаж байна” гэв.

Мөн нийт ард иргэд та бүхэн Үндэсний их баяр наадмын өдрүүдэд Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яам болон холбогдох мэргэжлийн байгууллагаас гаргасан заавар, зөвлөмжийг баримтлах, баяр наадам зохион байгуулагчид болон Цагдаагийн байгууллагын албан хаагчдын тавьсан шаардлагыг дагаж мөрдөхийг хүсэж байна гэсэн юм.

Баяр наадмын төсөвт 1.6 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ

НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү “2020 оны наадмын төсвийг 2019 оны долоодугаар сараас эхлэн төлөвлөдөг. Үндэсний их баяр наадмыг хуулийн дор зохион байгуулдаг. 2020 оны наадмыг 3.0 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн. Тус ажлыг есөн салбар хорооноос зохион байгуулдаг. Өнөөдрийн байдлаар баяр наадмыг зохион байгуулахаар төлөвлөсөн 3 тэрбумаас 1.6 тэрбумыг зарцуулахаар төлөвлөн гүйцэтгэл санхүүжилт нь гарч байна. Өмнө жилээс онцлог зүйл нь сур, бөх, хурдан морь уралдааны газарт халдваргүйжүүлэлт хийж байгаа учраас ариутгалын тодорхой хэмжээний зардал гарч байгаа. Мөн бусад шагнал, урамшууллын зардлыг хуулийн дагуу тогтоож гаргасан. Түүнчлэн хэв журам Цагдаа, Онцгойгийн ажилчдыг тээвэрлэх зардал ч орсон” гэлээ.

Коронавируст халдвар /Covid-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Үндэсний их баяр наадмын өдрүүдэд:

  • Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх,
  • Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслол,
  • Төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн ёслолын жагсаал;
  • Дээлтэй Монгол наадам;
  • Өсвөрийн бөхийн барилдаан;
  • Өсвөр үе, балчир насны хүүхдийн сурын болон шагайн харваа;
  • Төрийн дайллага;
  • Уяачдын наадам;
  • Соёл, урлагийн арга хэмжээ, үзвэр үйлчилгээ, үзэсгэлэн, худалдаа, үйлчилгээ зэрэг үйл ажиллагааг зохион байгуулахгүй байхаар түр журамд заасан гэдгийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан онцолж хэлсэн юм.

Санал болгох мэдээ

Сонгинохайрхан дүүргийн 700 гаруй иргэн мэргэжил олгох сургалтад хамрагдаж гарааны бизнесээ эхлүүллээ

Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны санаачилгаар  Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр “Цар тахлын …