Мисс А.Баярцэцэг “Байгаль эн тэргүүнд, Хогоор бүү хорло” аянд нэгдлээ

Цагдаагийн ерөнхий газрын Экологийн Цагдаагийн албанаас иргэдийн экологийн  боловсролыг дээшлүүлэх, байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх шинэ үеийн нэгдмэл үзэл, төлөвшил, байгаль хамгаалах зөв дадал хандлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Байгаль Эн Тэргүүнд” төслийг  зургадугаар сарын 10-ны өдрөөс хэрэгжүүлж эхлээд байгаа билээ.

“Хогоор бүү хорло” аяны хугацаанд энгийн, аюултай, барилгын болон уул уурхайн хог хаягдлын тухай мэдээллийг олон нийтэд өгч, байгалиа хамгаалах нь зөвхөн төрийн байгууллагын ажил биш болохыг иргэн бүрт ойлгуулахыг зорьж байгаа юм. Байгалиа хамгаалахад иргэн бүрийн оролцоо чухал бөгөөд хүн бүр орчны бохирдлыг бууруулж, экологийн тэнцвэр алдагдахаас урьдчилан сэргийлэх боломжоо ашиглахыг уриалж байгаа юм. Ингэснээр олон нийтийн хандлага өөрчлөгдөж, зөв дадал, соёл төлөвшиж, эерэг өөрчлөлтүүд бий болгох зорилготой  юм.

Уг төслийн хүрээнд “Байгаль орчныг хамгаалах тухай хууль”-ийн 3 дугаар зүйл “Газар, түүний хөрсийг аливаа нөлөөлж болзошгүй үйл ажиллагаанаас хамгаалж, байгаль орчны тэнцэл алдагдахаас урьдчилан сэргийлэх” тухай хуулийн заалтыг хэрэгжүүлэх, мөн дээрх төслийн “Амьдралын зөв хэв маяг” бүлгийн “Хотын болон аяллын дүрэм, Хог хаягдлын алтан дүрэм” сэдвээр олон нийтэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг хийж байна.

“Байгаль эн тэргүүнд, Хогоор бүү хорло” аянд жирийн иргэдээс эхлээд урлаг, соёл, спортын төлөөлөл, төрийн болон хувийн хэвшлийн олон байгууллага энэ аянд нэгдэж, “Хогоор бүү хорло” хэмээн уриалах болсон.

Тэгвэл  энэхүү аянд “Дэлхийн мисс 2016” тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцож ТОП-11-т шалгарч чадсан мисс, жүжигчин А.Баярцэцэг нэгджээ.

Тэрбээр  “ЦЕГ Экологийн цагдаагийн албанаас зохион байгуулж буй Байгаль Эн Тэргүүнд | Хогоор бүү хорло аянд нэгдэж байна. Хог хаягдлыг зөвхөн хүн л бий болгодог. Байгальд хамгийн хор хөнөөлтэй хог хаягдал бидэнд болоод амьтдын амьдрах орчинд хор хөнөөлөө үзүүлсээр байна. Үүнийг аврах чухал алхам бол эх үүсвэр дээр нь хог хаягдлаа бууруулж, ангилах, дахин боловсруулж ашиглах юм. Байгаль Эн Тэргүүнд ” хэмээн цахим хуудаснаа бичжээ.

Иргэд та бүхнийг энэхүү аянд идэвхтэй оролцон дэмжиж байгаль хамгаалах иргэний үүргээ биелүүлэхийг уриалж байна.

Санал болгох мэдээ

Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ

Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан “Б”-г Бүгд Найрамдах …