Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө

Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөнд хотын хөгжлийг тэнцвэртэй болгох хүрээнд зургаан дэд төвтэй байхаар тусгасан. “Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төсөл нь уг дэд төвүүдийг бий болгох суурь “Дэд бүтэц”-ийн ажлуудыг хийж байна.

Төслийн 1 дүгээр үе шатны хүрээнд хотын хойд бүсийг Баянхошуу, Сэлбэ дэд төв болгон хэсэгчлэн хөгжүүлэхээр дэд төвүүдэд нийгмийн барилга байгууламжууд болон инженерийн дэд бүтцийн нийт 50 гаруй ажлууд хийгдэж байгаа билээ. 

Тэгвэл өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан тэргүүтэй холбогдох албаны хүмүүс Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдийн бүтээн байгуулалтын ажлын явцыг шалгалаа.

Баянхошуу дэд төвийн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд амьдарч байсан газраа байраар солисон иргэд байрандаа орохдоо тухайн оршин сууж байсан газраа цэвэрлэж, хог хаягдлаа ачаагүй тэр хэвээр нь үлдээсэнд өмнөх Хотын Захирагч С.Амарсайхан шүүмжлэлтэй хандан, холбогдох албаныханд яаралтай цэвэрлэж, янзлуулахыг үүрэг болгосон.

Тэгвэл өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Энэ орчмын хог хаягдлыг цэвэрлүүлэхэд холбогдох газрууд хяналтаа тавьж ажилла. Амьдрах орчны аюулгүй байдалд хүндрэл учруулсан ийм байдалтай байж болохгүй. Газраа орон сууцаар солисон иргэд ч энд хариуцлагатай хандаж, бууцаа цэвэрлэх хэрэгтэй” гэдгийг онцолж хэлээд нийслэлийн Орон сууцны корпорацийн удирдлагуудыг энд хяналт тавьж ажиллахыг үүрэг болгов.

Дараа нь холбогдох албаныхан Баянхошуу дэд төвийн ажлын хүрээнд хийгдэж байгаа үерийн сувгийн далангийн дагуух тохижилтын ажлын гүйцэтгэлийг шалгасан юм. Гүйцэтгэгчээр ажиллаж байгаа “Дүүрэн трейд” компаний ерөнхий инженер Н.Бадмааванчин “Далангийн тохижилтын ажил 80 хувьтай хийгдэж байна. Төлөвлөсөн төлөвлөгөө, графикийн дагуу ажил хэвийн үргэлжилж байна. Хүндрэл бэрхшээл ажилд саад болж байгаа зүйл харьцангуй бага байна” гэдгийг хэллээ. Хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгчийн зүгээс далангийн тохижилтын ажлыг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэхийг хүссэн юм.

“Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Мэдээлэл холбооны нэгдсэн үйлчилгээний төв болон 240 хүүхдийн цэцэрлэг, Бизнес инкубатор төвийн бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байна. “Сэлбэ” Бизнес инкубатор төвд төрөл бүрийн ажил мэргэжлийн сургалтууд зохион байгуулахаас гадна гарааны бизнес эрхлэх гэж буй хувь хүн, аж ахуйн нэгжүүдийг туршлага солилцох, мэдлэг чадвараа хуваалцах, бизнес санаагаа бойжуулан бодит ажил хэрэг болгох хүртэл нь дэмжих олон талт үйл ажиллагаа явуулна” гэж “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн ерөнхий зохицуулагч Д.Авирмэд хэллээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалангийн зүгээс төлөвлөсөн хугацаанд бүтээн байгуулалтын ажлуудыг хийж гүйцэтгэхийг гүйцэтгэгч компанийн удирдлагуудад үүрэг болголоо.

Санал болгох мэдээ

О.Номинчимэг: Төв цэнгэлдэх хүрээлэнгээс хэсэгчилж зарсан газруудыг шалгаж, дуудлага худалдааны үнийг төлүүлнэ

1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид …